Японы Осака Их сургуулийн эрдэмтэн Кацухико Хаяшигаар ахлуулсан судлаачдын баг хоёр эрэгчин хулганы эсээс өндөг гарган авч, эмэгчин хулганад суулган эрүүл гөлчгий гарган авчээ. Олон жилийн турш эрдэмтэд ижил хүйсний хоёр эсээс үр төл бий болгох боломжийг эрэлхийлж ирсэн ч өнөөг хүртэл амжилтгүй болж байв.

Ижил хүйсний амьтдаас үр төл гарган авах судалгаа шинжилгээ амжилттай болсноор нэн ховордсон ан амьтдын тоо толгойг хамгаалах, цаашлаад ижил хүйсний хосууд хүүхэдтэй болох боломжийг ч нээхийг эрдэмтэд онцолжээ.
"Хүний эсийн хувьд энэ туршилт 10 жил, магадгүй түүнээс ч урт хугацааны дараа хэрэгжих боломжтой. Хэдий амжилттай үр суулгасан ч хүүхэд хүндрэлтэй төрөх аюул их бий" хэмээн Кацухико Хаяши хэлжээ.
Эд эсийн хувиллын талаарх Японы эрдэмтэн Шинья Яманака, Английн эрдэмтэн Жон Гурдон нарын Нобелийн шагнал хүртсэн судалгаанд үндэслэн уг туршилтыг явуулсан аж.
Эх сурвалж: CNN