МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Б.Баярмаатай хэвлэл мэдээллийн орчны өнөөгийн дүр зураг, эрх зүй, бизнесийн орчны талаар ярилцлаа.
-Хэвлэл мэдээллийн орчны тухай идэвхтэй яригдаж байгаа энэ өдрүүдэд шинэ доктортой ярилцаж байгаадаа олзуурхаж байна. Таны судалгааны ажил ямар чиглэл, сэдвээр байсан бэ?
-Миний хувьд оюутан цагаасаа сэтгүүлчээр ажиллаж эхэлснээр 10 гаруй жил салбартаа ажилласан. Харин 2019 оноос багшаар ажиллаж эхэлсэн. Сэтгүүлчээр ажилладаг байхдаа би редакцаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу эсвэл хүнд хэрэгтэй, аятайхан юм хийчихье гээд явахад яагаад өөрөө асуудалд ороод байгаа юм бэ гэх асуулт төрдөг байлаа. Өөрөөр хэлбэл цагдаагийн газар очиж ажлаа тайлбарлах шаардлага үүсээд л. Энэ асуултдаа хариу эрээд явахаар мэдээж хаана ч бэлэн хариулт байхгүй. Тиймээс яагаад нөхцөл байдал ийм болов, үүний учир шалтгаан нь юу юм, үүнийг тайлбарлах ёстой юм байна гэж бодсоны үндсэнд Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны судалгаа гэсэн ажлаа эхлүүлсэн. Нийт зургаан жил зарцуулж, үүнээс гурван жилд нь яг хуулийн чиглэлээр судалгаа хийлээ.
-Өөрт төрсөн асуултдаа ямар хариулт олж авав? Судалгааны ажлын дүгнэлт нь юу байв?
-Нэгдүгээрт сэтгүүл зүйн хөгжил яг хаана явна вэ гэдэг нөхцөл байдал нь хууль эрх зүйн орчиндоо нөлөөтэй байна гэж харагдаж байна. Монголчуудын хувьд 100 жилийн тэртээд буюу 1913 онд хамгийн анхны сонин хэвлэл гаргасан бол хэвлэл мэдээлэл төлөвших, сургалт судалгаа хөгжих хамаг л төлөвшлийн үе нь социализмын үед явагдсан. Харин орчин үеийн хэв маягаараа бол ардчилсан хувьсгал гарч байж буюу 1990 оноос хойш шүү дээ. Үүнийг дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээллийн хөгжилтэй харьцуулах юм бол маш богино зам юм. Тийм учраас бид өнөөдөр хөгжлийн хувьд цэгцрэх гээд асуудлуудад хариулт хайгаад явж байгаа нь аргагүй юм байна гэх бодол төрсөн. Олон нийт харьцангуй хэвлэл мэдээллийн асуудлыг ярьдаг болчихсон, хуульчид дагнан судалдаг болсон, сэтгүүлчдийн ч тэр хууль, эрх зүйн мэдлэг дээшилсэн. Тэгэхээр идэвхтэй хэлэлцэх цаг нь яах аргагүй иржээ. Хоёрдугаарт, эрх зүйн орчноо бүрэн дүр зургаар харах шаардлагатай. Яг хаана, юу болохгүй байна вэ. Эмчээр бол оношоо эхлээд зөв тавих ёстой, түүний дараа яах ёстой вэ гэдгээ бүгдээрээ хэлэлцэх. Ингээд оношоо тавих гээд нарийвчлан судлахаар надад тод харагдсан зүйл нь хэвлэл мэдээллийг хязгаарласан заалтууд манай маш их болжээ. Хэвлэл мэдээлэл ингэж болохгүй, тэгж болохгүй гэсэн заалт хаа сайгүй байна. Хэрэв хэн нэг улс төрч аливаа эрх мэдлийн давуу байдалдаа ашиглая гэвэл заалтууд нь бүрэн бэлэн болчихсон нөхцөл байдал харагдаж байна. Хамгаалах заалтууд мэдээж байхгүй биш байна, гэхдээ тэдгээрийг практикт бид төдийлөн ашиглаж чадахгүй юм байна.
-Тэгэхээр ийм болсон эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах юм бэ?
-Сэтгүүл зүйн үйл ажиллагаа өөрөө маш олон талтай, олон салбартай харилцан хамааралтай байдаг онцлогтой л доо. Тухайлбал, аялал жуулчлалын салбар бол төртэйгөө нийлээд бодлогоо тодорхойлоод ажиллаад явах боломжтой. Харин хэвлэл мэдээллийн салбар бол нийгмийнхээ нөхцөл байдлаас маш их шалтгаалдаг буюу засаглалын нөхцөл байдлаас шалтгаалаад төртэй хамтрах уу, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Өнөөдөр бид ардчилсан тогтолцоонд, эрх чөлөөт оронд байгаа л бол төртэй хамтрах огт боломжгүй шүү дээ.
-Боломжгүй боловч болоод байх шиг байна, тийм үү?
-Хэвлэл мэдээллийн харилцаанд онолын үүднээс ХМХ, олон нийт, төр гэсэн гурван оролцогч тал бий. Агуулгыг тэгвэл энэ гурвын хэн нь тодорхойлох юм бэ гэдгээс асар их зүйл шалтгаална. Манайд бол одоо төр тодорхойлох хэв маяг руу явж байна. Энэ бол авторитар, социалист дэглэмтэй улс орнуудын хэв маяг. Нөгөө талд барууны либертари орнуудад бол олон нийтэд хөтлөгдсөн хэв загвар явж байна буюу олон нийт юу хүсэж байна, түүнийг бичнэ. Тэгэхээр бид түүхэн хэв маягаа аваад үзвэл цэвэр олон нийтэд хөтлөгдөх нь бас зөв үү гэдэг эргэлзээтэй. Гэтэл олон нийтдээ хөтлөгдөхгүй юм бол яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр нэгэнт ардчилсан нийгэм рүү зорьж байгаа юм бол либертари онолыг нийгмийн хариуцлагын онолтой хослуулаад явах хэв маяг боломжтой юм байна гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл харанхуйгаар олонхыг дагах юм бол сенсац хөөсөн, төлбөртэй мэдээллийн асуудал үүснэ, харин үүнийг сэтгүүлч, редакц өөрөө нийгмийн өмнө хариуцлагатай байх замаар шийдэж болно. Жишээ нь, өөрийн ёс зүйн зохицуулалт нь либертари үзэл хандлагатай хамт явах юм бол бидний зорьж буй ардчилсан нийгэмд хүрэх гүүр нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх боломжтой юм байна гэх дүгнэлт гарч байна.

-Та нийгмийн хариуцлагын онолын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
-Хэвлэл мэдээллийн салбарын онцлог нь практик нь түрүүлж хөгждөг. Эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл гараад дараа нь энэ нь юу юм бэ гэх судалгаа нь явж байдаг. Эхлээд лайв дамжуулалт бий болоод, дараа нь энэ юу юм бэ, яах ёстой юм бэ гэдэг нь явдаг. Дэлхий дахинд хэвлэл мэдээллийн судалгааг эхлээд улс төр судлаач, социологичид судалдаг байсан юм байна. Тухайлбал, дэлхийн хоёрдугаар дайны үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр асар их суртал ухуулга явах болж, сүүлдээ хоёр туйлд хуваагдсан. Ингээд АНУ-ын Засгийн газраас хэвлэл мэдээлэл цаашид хэрхэх вэ гэх асуудлыг тавьж Хатчинсын комисс гэх зөвлөл байгуулж судалж л дээ.
Үүний үр дүнд хэвлэл мэдээллийн түүхэн хэв маягуудыг судлаад Хаант засаглалын үед бол авторитар маягийн хэвлэл байдаг юм байна, буюу хаан юу хэлнэ, тэрийг л бичдэг. Нөгөө нь, АНУ өөрөө бас өвөрмөц хөгжилтэй улс шүү дээ. Газар газраас ирсэн олон хүн буюу хаан гэж байхгүй. Ийм үед хэвлэл яаж хөгжсөн бэ гэвэл ерөөсөө л олон нийт дээрээ тулгуурлаж. Энэ бол бидний дээр дурдсан либертари онол буюу олон нийт юу хүснэ, түүнийг бичнэ. Ингээд ирэхээр бизнес буюу мөнгөний тал руугаа хэт хазайж эхэлж байгаа юм. Харин дэлхийн нөгөө өнцөгт социалист орнууд байсан. Тухайн үед тэдний хувьд нам нь өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэл суртлын зэвсэг болгоод байх тул бас болохгүй байна. Ингээд яах вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш мэргэжлийн редакцтай, ёс зүйтэй, хуулиа сахидаг байх нийгмийн хариуцлагын онол чухал юм байна аа гэдгийг гаргаж ирсэн.
Энэ Монголд тийм ч шинэ юм биш. Манайхан асуудал үүсвэл сэтгүүлч дуудтал ирсэнгүй ээ гэж байна гэдэг чинь нийгмийн өмнө хариуцлага нэхэж байна шүү дээ. Гэхдээ үүнээс илүүтэйгээр энэ нь яван явсаар манай эрх зүйн зохицуулалт нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон болоод хэлбийчихжээ. Гэтэл нөгөө талдаа хэвлэл мэдээлэл гэдэг бол бас бизнес гэдгийг орхигдуулаад, зоосны хоёр талыг мартчихсан.
Цалин, мөнгөгүй ажиллаж байх ёстой мэт. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал нь сайжраагүй учраас улс төрчдийн халаасанд орох гэхчлэн асуудлууд байгаад байна. Энэ мэтчилэн үзэл хандлага, ойлголтын ташаа байдлаас болоод өнөөдөр үл ойлгосон, яах ёстой вэ гэдгээ ойлгохоо больчихсон байна.
-Тэгэхээр судлаачийн хувьд таны дэвшүүлж байгаа санаа бол хэвлэл мэдээллийн салбарын хувьд либертари буюу чөлөөт бизнесийн орчин ба нийгмийн хариуцлагын онолыг Монголд хавсарсан байдлаар хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа юм байна, тийм үү? Үүнд хууль шаардлагатай, эсвэл шаардлагагүй юу?
-Ийм боломж бүрэн байгаа. Одоо байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль ч үүнд боломжийн гэж үзэж байна. Дөрвөн заалттай гэдэг ч, задлаад үзэх юм бол энэ ерөөсөө л төрөөс хараат бус байх үзэл хандлагыг тунхаглаж өгсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрөөс хараат бус байж л үндсэн зорилгодоо хүрэх боломжтой.
-Тэгэхээр одоо хэлэлцэх гэж байгаа хуулийн төсөл шаардлагагүй гэж үзэж байна уу? Мөн хэрэгслийн хууль гэх салангид хууль байх хэрэгтэй ч гэх байр суурь бий шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
-Төр, хэвлэл мэдээлэл өнөөдөр маш өвөрмөц харилцаатай болчхоод байна шүү дээ. Хуулийг хэн гаргадаг юм бэ гэхээр төр гаргадаг. Төр хүчээ ашиглах хэрэгсэл нь хууль. Нөгөө талаар сэтгүүлчийн хийж байгаа ажлын онцлог нь бусад хэн бүхэнд байдаг мэдээлэл авах, нууцад хамаарахгүй мэдээллийг олж авах, боловсруулах, түгээх ажил буюу хүний үндсэн эрхийг хэрэгжүүлж ажлаа хийдэг. Технологийн хөгжлийг дагаад одоо энэ боломж хүн бүрд байдаг болчихлоо. Бид тэгэхээр дипломтой л байж сэтгүүлч гэдэг яриа утгагүй болоод сэтгүүл зүйг өөрөөр харах шаардлагатай болсон. Тэгэхээр сэтгүүлчдэд тусгайлан зориулсан хууль хийгээд байх шаардлага байна уу. Авторитар орнуудад бол сэтгүүлчдэд зориулсан хууль хийгээд түүнийгээ улам чангалаад байдаг. Манайд улсад ийм эрсдэл бас байна уу гэдгээ бид анзаарах хэрэгтэй.
-Одоо Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын гишүүд дэмжчихсэн шүү дээ. Миний бодлоор үзэл баримтлал, үндэслэлээсээ эхлээд асуудалтай энэ төслийг одоо хэрхэх ёстой вэ? Мэдээж сайжруулах, шинэчлэх эрмэлзэл хүн бүрд байх шиг байна. Харин арга зам нь юу вэ?
-Хамгийн гол нь хууль батлах үндсэн концепци, зорилго нь юу юм бэ гэдэг чухал шүү дээ. Одоо хүчин төгөлдөр байгаа хуульд бол хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалахын тулд төрөөс ангид байх үндэс буюу гол нөхцөлүүдийг оруулаад өгчихсөн. Одоо бид үүнийг эрс шинэчлэх гэхээс илүүтэйгээр бидэнд өвлөж үлдээсэн тэр үнэт зүйлсийг илүү сайжруулаад, орчин нөхцөлдөө тааруулаад явах нь зүйтэй байх гэж үзэж байна. Дөрвөн заалтаа чамбайруулаад, нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Жишээ нь, ойлгогдохгүй нэр томьёо байх юм бол нэгтгээд тайлбарлаад, хэлэлцээд, бага багаар сайжруулаад явах нь чухал байна. Орвонгоор нь өөрчлөх гэхээс илүүтэйгээр үндсэн агуулга, зорилгоо хадгалж үлдэх нь маш чухал.
Дөрөвхөн заалттай хэр нь ямар үнэт зүйлсийг хадгалаад байгаа юм бэ гэвэл, нэгдүгээрт, төрөөс хараат бус байх ёстой гэх үзэл хандлага байна. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулахгүй гээд бизнесийн чөлөөт байдлыг дэмжсэн байна. Мөн үзэл бодлын чөлөөт зах зээлийг дэмжсэн байна. Энэ ойлголт нь хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд, тэр нь шүүгдээд сайн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч ирээд хэлэлцүүлгийн түвшинд очоод, шийдвэр болдог. Энэ чөлөөтэй үзэл бодол өрнөж байх тэр нөхцөл байдлыг хамгаалах ёстой гэдэг үзэл санаа нь ч тэнд байна. Ийм чухал үзэл санааг хамгаалж байгаа учраас бид үүнийгээ хамгаалах, орчин нөхцөлдөө зохицуулаад хэл найруулга, томьёоллыг нь өөрчлөх гэдэг ч юм уу эхлээд энэ ажлыг хийх ёстой.
Харин үнэхээр манай хэвлэл мэдээллийн орчинд тулгамдаад байгаа асуудлууд бол өөр хуулийн зохицуулалтуудад байна. Илт худал мэдээлэл гэх заалтаар 2000 гаруй сэтгүүлчид хэрэг үүсгээд байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд биш Эрүүгийн хуульд энэ асуудал байгаа учраас түүнийг засах ёстой. Сонинууд хүнд нөхцөлд орлоо гэж их ярьж байгаа. Үүнийг Татварын тухай хуулиар дэмжин зохицуулах олон улсын жишиг бий.
Тэгэхээр бүх асуудлыг Хэвлэлийн эрх чөлөөний хуультай хольж болохгүй. Бидэнд засаж, залруулах арга зам маш өргөн байна. Харин үндсэн, суурь концепци бүхий хуулиа дөрөвхөн гэж чамлаад эсвэл өөр, өөрөөр тайлбарлаад хэрэгжихгүй байна аа гээд байж болохгүй. Мөн хэвлэлийн эрх чөлөөний индекс муудаад ирмэгц Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль муу байна аа гэдэг логикоор хандах биш нүдээ нээгээд харахаар маш олон хүчин зүйл нөлөөлж байгааг анзаармаар байна.

-Тийм шүү. Ойрын өдрүүдэд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт сүүлийн жилүүдэд идэвхтэй буурч байгааг ярьсаар байгаа. Үүнд ч бас тодорхой дүгнэлт хийгээд, учир шалтгааныг хүлээн зөвшөөрч, сайжруулах арга замаа ярих ёстой санагддаг юм. Харин хуулийн төсөл санаачлагчид үүнд тодорхой дүгнэлт гаргаагүй байсан. Уг нь “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас жил бүр онцлох асуудлуудыг маш товч дурдсан байдаг. Бид үүнийг барьж авч, шинжилж, хүлээн зөвшөөрч, залруулах ёстой шүү дээ. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Яг үнэнийг хэлэхэд манайд ардчиллын бусад үзүүлэлтүүд ч уначихсан шүү дээ. Ерөнхийдөө хүний эрхийн нөхцөл байдал доройтчихсон улсад сэтгүүл зүйн нөхцөл байдал дангаараа сайн байна гэж үгүй. Нийгмээрээ л эрх чөлөөний нөхцөл байдал уруудчихсан байгаагийн нэг илрэл нь л хэвлэлийн эрх чөлөөний индекс юм.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг зөвхөн сэтгүүл зүйн салбартай холбоотой асуудал ч биш. Хүн үзэл бодлоо илэрхийлээд, тэр нь ямар нэг дарамт шахалтгүй байх нөхцөл бололцоо бүрдсэн юм уу, төрөөс айхгүйгээр үзэл бодлоо илэрхийлж чадаж байна уу гэхчлэн янз бүрийн хүчин зүйлийг тооцоод индекс гаргаж байгаа. Тэгэхээр бид нийгмийн нөхцөл байдал уруудаж байна аа гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.
Хоёрдугаарт, хэвлэн нийтлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой буюу түүнийг хааж, боох оролдлогууд маш их гарч байна. Хууль болж батлагдахгүй ч, тэр оролдлогууд нь өөрөө нийгэмд үр нөлөө үзүүлж байдаг. Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй хуулийг хэлэлцэх үйл явц нийгэмд өрнөлөө шүү дээ. Энэ нь цаагуураа “За, сошиалд юм бичвэл асуудалд орох юм байна” гэсэн айдас, цензурийг хүмүүст бий болгочхож байгаа юм. Энэ бол сэтгүүл зүйн салбарт ч их яригддаг “chilling effect”. Хэн нэгэн намайг чи битгий ярь, бич гэж хэлэхгүй байгаа боловч улс төрчдийн сэтгүүлчдийг барьж, хорьж байгаа, эсвэл мийм хийсэн иргэнийг эрүүгийн хэрэгтэн болгочхож байгаа энэ бүх үйл явц нь нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэж байна.
Ийм айдас бий болчихоор хэн даргаа шүүмжилж чадах юм? Ингэхээр нөгөө сайн, хэрэгтэй үзэл бодол нь хэвлэл мэдээллээр гараад төрийн бодлогод хүрдэг үйл явц нь гацчихаж байна.
-Хэвлэл мэдээллийн орчны талаар ярихаар олон нийтийн зүгээс шүүмжлэх, төрийн зүгээс “хардах”, салбар өөрсдөө дотроо хэлэлцэх гээд гурван тийш хараад суучихдаг юм шиг санагддаг. Гэтэл уг, цаад санаа нь бүгдээрээ л сайжруулах, эрүүл орчныг бүрдүүлэхийн төлөө байгаад байдаг. Энэ хэлэлцүүлэг хэрхэн нэг хуудсан дээр өрнөх боломжтой вэ?
-Би энэ ярилцлагыг унших хүмүүст нэг асуулт тавимаар байна. Та хэвлэл мэдээллийн хэрэгслийг ямар үзэл хандлагаар ойлгодог вэ? Дэлхий дахинд үүнийг судалдаг, ярьдаг, бичдэг олон хандлага дунд эерэг болон сөрөг гэж бий. Дээр хэлсэнчлэн улс төр, социологийн шинжлэх ухааныхан эхэндээ хэвлэл мэдээллийг судалж байсан учраас сөрөг талаас нь хараад явчихсан. Өөрөөр хэлбэл дандаа ингэдэг, тэгдэг, болдоггүй шүү дээ гэхчлэн нийгэмд дандаа сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэх талаас ярьдаг. Миний хувьд эерэг талаас нь харахыг хичээдэг. Энэ бол өөрөө тогтсон институт, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах боломжтой. Хоёрдугаарт, хүн бүр өөрт тохиолдож байгаа сөрөг асуудлыг ярихаас яах вэ. Түүнийг бол хүлээн зөвшөөрнө, манайд алдаа, дутагдал ч бас байна. Гэхдээ үүнийг сайжруулж, өөрчлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Нийгмийн хүлээлт ч бас байна шүү дээ. Эмч бүр сайн байх ёстой ч, нэг эмч алдаа гаргахад салбараараа болохгүй байгаа мэт ярьдаг. Гэтэл манай эрүүл мэндийн салбар өсөж, хөгжөөд явж байгаа шүү дээ. Үүнтэй адил манай салбарт алдаа, дутагдал бий ч, сайжраад явж байгаа. 2010 оны үеийг харвал маш олон шар сайтууд байсан. Зөвхөн бизнес гэж хардаг, хэд хэдэн холбоо болоод явж байсан бол одоо харьцангуй цэгцэрсэн. Тэгэхээр бид ер нь салбарыг зөвхөн нэг асуудалд төвлөрөх бус бүрэн зургаар нь харах учиртай.
-Ер нь хэвлэлийн эрх чөлөөний асуудал яагаад хүн бүрд хамаатай вэ? Яагаад хүмүүс энэ асуудал, хэлэлцүүлгийг анхаарах шаардлагатай гэж Та бодож байна вэ? Хүмүүс юунд хэрхэн оролцох вэ?
-Хэвлэлийн эрх чөлөө гэдэг ганцхан сэтгүүлчийнх биш шүү дээ. Манай салбарт 4500 хүн ажилладаг гэхэд нягтлан, жолооч гэхчлэн өөр ажил, мэргэжилтэй хүмүүс ч байна. Тэгвэл яг сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн тал нь ч бас өөр мэргэжилтэй хүмүүс байна. Тоймч гэхэд эдийн засгийнх ч юм уу. Тэгээд манай салбар яг сэтгүүлчид зориулсан гэвэл маш цөөн хүний асуудал ярьж байна гэсэн үг. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөний асуудал нь хүний үндсэн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг илэрхийлж байдгийн хувьд хүн бүрд хамаатай. Эхлээд нэгийг чинь бариад аваад явахад чи чимээгүй сууж байсан бол дараа нь таны ээлж ирнэ гэж үг байдаг. Тийм учраас өөрийнхөө, үр хүүхдийнхээ эрхийг хамгаалахын тулд одоо хүн бүр л энэ асуудлыг ярихаас өөр арга алга.
Цаг хугацааны хувьд хамгийн гол нь дэлхий даяар авторитар дэглэм бэхжиж байна. Бид одоо л ардчиллын баянбүрд гэж хэлэгдээд байдаг орон зайгаа хамгаалж үлдэх цаг хугацаа ирчихсэн байна. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төрөөс эдийн засгийн хараат бус байх нөхцөл боломжийг хэрхэх вэ гэх асуулт чухал болсон. Үүнд манай олон нийтийн оролцоо бас чухал шүү. Манайд бол мэдээллийг худалдаж авч суралцаагүй. Хэрэв та үнэхээр үнэн бодитой, хэрэгтэй мэдээлэл авъя гэвэл түүнд нэмүү өртөг шингэж бий болдгийг ойлгох хэрэгтэй. Барууны орнуудад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл их сайн хөгжсөн байдаг. Тэд хандиваар ажилладаг бөгөөд нийгмийнхээ төлөө хувь нэмэр оруулмаар байвал сайн редакцад хандив өгөх боломж байдаг.
Манайд ийм эхний оролдлогууд гараад ирсэн. Жишээ нь, сэтгүүлч С.Будрагчаа ийм нэвтрүүлэг хийх гэж байна аа гээд хандив хүсэхэд зардалдаа нэмэрлэсэн. Бизнес.мн гэхэд өөрсдөө зорилтот хүрээлэлдээ сургалт явуулаад, Peak.mn дэргэдэх студиэрээ дамжуулан гэхчлэн орлогын шинэ загваруудыг манай шинэ медианууд хэрэгжүүлэх гээд явж байна. Энэ мэт сайжирч байгаа дүр зургууд олон байгаа учраас бүгдээрээ хувь нэмрээ оруулах, хөгжих орон зай байна.