UBLife Logo
Дэлхий

Анзаар | Энэ 7 хоногийн анзаарууштай үйл явдлуудын товч тойм

Анзаар | Энэ 7 хоногийн анзаарууштай үйл явдлуудын товч тойм

Өнгөрч буй энэ 7 хоногт дэлхий дахинд юу болж өнгөрөв?

“Анзаар!” булангаараа бид магадгүй таны анзаараагүй өнгөрсөн байж болох мэдээллийг хүргэж байх юм. Дэлхий ертөнц, улс төр, урлаг спорт, шинэ технологи гээд салбар бүрийн мэдээлэл таныг хүлээж байна. ТА анзаараад үзээрэй!

Онцлох үйл явдлууд

Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд

Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль явагдаж, Санаэ Такаичи ялалт байгууллаа. Тэрээр энэ улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох нь дамжиггүй болжээ. Эртний уламжлал, ёсоо чанд хадгалан үлдсэн Наран орны Төрийн тэргүүн нь эмэгтэй хүн байх нь. Үндэсний спорт сүмо бөхийнхөө дохён дээр эмэгтэй хүн гишгэхийг хориглосон улс. Жилд 6 удаа явагддаг сүмо бөхийн башёд түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг гардуулдаг билээ. Абэ Шинзо, Жүничиро Койзүми нар Хакүхо, Асашёорюү нарт цом гардуулж байхыг бид олон удаа харсан. Энэ удаад Санаэ Такаичи дохён дээр гарч чадахгүй тул зайнаас ёслолд оролцох бололтой. Гэхдээ Санаэ тун эршүүд. Засгийн газарт олон удаа сайдын алба хашсан туршлагатай бөгөөд улс төрийн карьерийнхаа өмнө телевизийн хөтлөгч, металл хамтлагийн бөмбөрчин байсан гэх сонирхолтой намтартай. Түүнчлэн автомашин, мотоциклийн хорхойтон гэнэ. Мөн зорилгоо “Төмөр хатагтай болох” гэж тодорхойлжээ.

Анхны тэрбумтан хөлбөмбөгч Роналду

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналдугийн тогтоосон рекорд, эзэмшиж байгаа амжилтуудыг дурдаад байвал энд багтахгүй. Гэхдээ түүний хамгийн сүүлд тогтоосон амжилт тун өвөрмөц. “Bloomberg”-ийн мэдээлснээр түүний одоогийн хөрөнгө нь 1.4 тэрбум доллароор үнэлэгджээ. Роналду “Аль-Насср” багтаа гэрээ байгуулахдаа 237.2 сая долларын  цалин, урамшууллаас гадна тус клубийн нийт хувьцааны 15 хувийг эзэмшихээр тохиролцсоноор ийнхүү тэрбумын босго давсан анхны хөлбөмбөгч боллоо.

Нобелийн утга зохиолын шагналыг унгар зохиолч хүртлээ

Энэ жилийн Нобелийн шагналтнууд ээлж дараалан тодорсоор байна. Утга зохиолын шагналын эзнээр Унгарын зохиолч Ласло Краснахоркаи тодорлоо. Ласло Краснахоркаи 1954 онд Унгарын зүүн өмнөд хэсэгт орших Дьюла хэмээх жижигхэн хотод төрсөн. 1985 онд хэвлэгдсэн түүний анхны роман болох “Sátántangó” буюу “Шулмын танго” Унгарт жинхэнэ сенсаац болж байлаа. Анхны номоосоо л Ласлогийн гол сэдэв нь сүйрэл, зогссон цаг хугацаа, хямрал, уналт байлаа. Түүний хэв маягийг Николай Гоголь, Сэмюэл Беккет, Франц Кафка нартай зүйрлэдэг. Түүний уран бүтээлд гадаад хэлээс гадна аялал их нөлөө үзүүлжээ. Ласло 1990 онд Монголд ирсэн нь бүтээж туурвих хүслийг нь асаасан гэдэг. Монголд тэрээр “Az urgai fogoly” буюу “Өргөө хотын хоригдол” номынхоо санааг олсон юм.

Бусад мэдээ

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикистан улсад төрийн айлчлал хийж байна. Путиныг баривчлахыг Олон улсын эрүүгийн шүүх тус улсаас шаардсан ч Тажикистан улс авч хэлэлцсэнгүй. Тиймээс тус шүүх арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.

-Филиппиний Минданао мужид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа тус улсын эрх баригчид цунамийн аюулын түгшүүр зарлалаа. Орон нутгийн захиргаанаас эрэг орчмын бүсийн иргэдийг нутгийн гүн рүү нүүхийг анхааруулсан байна.

-БНАСАУ-д Хөдөлмөрийн намын 80 жилийн ой болж, ёслолын олон арга хэмжээ зохион байгуулж байна. БНХАУ-ын Тэргүүн Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

-ХАМАС бүлэглэлийн төлөөлөгч Халиль аль-Хайя АНУ-ын засгийн газар болон зуучлагчдаас Газын зурваст дайны галыг бүр мөсөн зогсоох баталгаа авсан гэдгээ мэдэгдлээ. Гэрээ ёсоор ирэх Даваа гарагт тус бүлэглэл Израилын барьцааны бүх хүнийг суллах юм. Хариуд нь Израилын тал бүх насаараа хоригдох ял авсан 250 палестин хоригдол болон Газын зурвасын дайн эхлсэнээс хойш баривчилсан 1500 хүнийг суллана.

-Биткоины үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Энэ сарын 8-нд нэг биткоин 124,48 мянган ам.доллар болсон байна.

-Энэ жил Хятадад Намрын дунд сарын баяр, , Үндэсний баяртай давхцсан тул аравдугаар сарын эхний 7 хоногийг улс орон даяараа амарч өнгөрөөлөө. Энэ үеэр дотоодод 888 сая аялал болж, нийт 809 тэрбум ам.долларын орлого орсон нь өнгөрсөн жилээс 108 тэрбумаар илүү байгаа юм.

-BLACKPINK хамтлагийн дуучин Женни дэлхий дахинд солонгос үсэгний гоо сайхныг таниулахын тулд шинэ шрифт гаргажээ. “ZEN SERIF” нэртэй тус бүтээлийг Хангыль цагаан толгойн баярт зориулан, үнэгүй тарааж байна.

Бонус

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо “ХУВИРАЛ” сэдвийн дор олон улсын түвшний XAOS Festival 2025-ыг зохион байгуулж байна. Фестивалийн энэ удаагийн онцлог нь үзэгчдэд технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн шинэ шийдлүүдийг нэг дороос мэдрэх боломж олгохоос гадна, соёл, философийн хувирлыг дотор сэтгэлээрээ дамжуулан ойлгох хөндлөн туршлага бий болгоно. Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгааныг зааж өгье.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.