UBLife Logo
Урлаг

Б.Гантуяа: Ганцаардал – хувьсал – хувирал – ХАОС

Б.Гантуяа: Ганцаардал – хувьсал – хувирал – ХАОС

Орчин үеийн урлагийн орон зайг бүтээж, шинэ мэдрэмж, шинэ сэтгэлгээг эрэлхийлдэг бүтээлч хөдөлгөөнүүдийн нэг бол XAOC фестиваль. Ганцхан үзэсгэлэн, ганцхан тоглолт бус харин хүний дотоод руу чиглэсэн гүн аялал, оюун санааны давалгаа мэт мэдрэмжийг авч ирдэг энэхүү наадам энэ жил ч урьд урьдынхаас илүү тэлж, хүчирхэг дуу хоолойнуудыг нэгтгэж байна.

Тус фестивалийн санаачлагч, куратор Б.Гантуяа энэ жилийн уран бүтээлчдийн сонголт, хамтарсан үзэсгэлэнгийн уран бүтээлийн процесс, мөн “ганцаардал” гэх гүн сэдвээс ургасан санаануудын тухай ярилцлаа.

Түүний ярианаас бид зөвхөн урлагийн төслүүдийн талаар төдийгүй өнөө цагийн нийгмийн дотоод шаналал, хувь хүний өөрчлөлт, чимээгүй тэмцлийг хэрхэн урлагт шингээж болдгийг мэдэрч болох юм.


-“Хувирал” сэдэв нь үзэгчийн сэтгэл зүй, дотоод мэдрэмж, хувьсалд нөлөөлөхийг зорьж байгаа гэсэн. Энэ сэдвийг сонгохдоо ямар бодол, туршлага нөлөөлсөн бэ?

-“Хувирал” хэмээх энэ жилийн гол сэдэв анхнаасаа төлөвлөсөн, зориудын сонголт байгаагүй. Харин бүх зүйл маш санаандгүй байдлаар, аажмаар, өөрийн эрхгүй тодрон гарч ирсэн. Гёте институтээс Зүүн Азийн бүсийн уран бүтээлчдийг оролцуулсан “ганцаардал” сэдвийн хүрээнд нэгэн төсөл хэрэгжихээр болсон нь миний хувьд гүнзгий дотоод аялал, эргэцүүллийн эхлэл болсон. Монголд, тэр дундаа залуу үеийнхний дунд ганцаардал маш түгээмэл болжээ. Энэ талаар судалж эхлэхэд, тоон үзүүлэлтүүд цочирдмоор байв. Хүн амд ногдох амиа хорлолтын түвшнээрээ бид дэлхийд дээгүүрт бичигддэг, бүр Өмнөд Солонгосоос ч өндөр тоо гардаг. Энэ бүхнийг мэдэрч, ойлгож эхлэх тэр үед надад нэг асуулт тодхон тавигдсан; “Ганцаардлын тухай бид юу ярих ёстой вэ? Энэ мэдрэмжээс гарах, өөрийгөө танин мэдэх зам, боломж, хувирал юундаа оршдог вэ?”

Тэр бодлын хүрээнд “XAOS” фестивалийн агуулга улам тодорч эхэлсэн юм. Тухайн төсөлд зориулан бид гурван бүтээлийн санал дэвшүүлсэн. Нэг нь контемпорари бүжгийн бүтээл. Хоёр дахь нь уран бүтээлч Э.Жанцанхоролын “Агшин зуур” үзэсгэлэн. Энэ нь 2019 оны Венецийн Биеннальд оролцсон, Alva Noto болон монгол хөөмийчдийн хамтарсан сонирхолтой төсөл. Харин гурав дахь нь миний хувьд сэтгэл зүрхтэй минь хамгийн их холбогдсон бүтээл байсан. Тэр бол Л.Өлзийтөгсийн “Сонотой гэрлэсэн минь” өгүүллэг дээр үндэслэсэн үзэсгэлэнгийн санаа.

Судалгааны явцад би номын сангаа ухаж, Монголын уран зохиол дундаас ганцаардлыг илүү гүн утгаар илэрхийлсэн бүтээл хайж байлаа. Тэгээд л энэ өгүүллэг над дээр “өнөөх мэдрэмж” болж буусан. Соно гэх амьтныг олон орны соёлд хүний дотоод хувирал, өөрчлөлтийн бэлгэ тэмдэг болж ирсэн байдаг. Бие махбодийн биш, харин оюун сэтгэл, дотоод оршихуй маань өөрчлөгдөж буйг илэрхийлдэг нэг төрлийн дүр. Өгүүллэг дотор соно болон эмэгтэй хоёрын хоорондын яриа болгоныг уншихад, надад тэр эмэгтэй бол зохиолч өөрөө, харин соно бол түүний дотоод дуу хоолой юм шиг мэдрэгдсэн. Соно бүсгүйд асуултууд тавьдаг. Зүгээр ч нэг асуулт бус маш гүн, бас хэцүү. Жишээ нь; “Чи эх орноо санаж байгаа ч, очлоо гээд чиний шаналал арилах уу?”

Энэ бол зүгээр нэг яриа биш, дотоод тэмцэл, өөрийгөө хайж буй зовиур, гүн эргэцүүлэл. Хүний сэтгэл зүрхний хаана, яг аль гүнд нь ямар шаналал нуугдаж байгааг, тэр зовлон, хүсэл тачаал, шаналал нь яг юунаас эхтэйг мэдэрч эхлэх мөчид тэр эмэгтэй сонотой “гэрлэж” буйгаар өгүүллэг төгсөнө. Энэ бол өөрийн дотоод ертөнцтэй эвлэрч, өөрийгөө бүрэн танин мэдсэн мөч юм. Үнэхээр хүчтэй, гүн мэдрэмж. Тэгээд л энэ өгүүллэгийг уран бүтээлийн хэлбэрт оруулж, фестивалийн хүрээнд хүмүүст хүргэх санаа төрсөн. Гёте Институт ч уг төсөлд маш их ач холбогдол өгч, яг энэ бүтээлийг сонгосон. Ингээд бүх зүйл утга учиртайгаар нэг цэгт зангилагдаж эхэлсэн: Ганцаардал – хувьсал – хувирал.

Энэ гурван ойлголт үнэн хэрэгтээ тус тусдаа бус, харин нэгнийгээ нөхөж, нэгнийгээ эхлүүлдэг сэтгэл зүйн гүн уялдаатай. Тийм ч учраас бид “Хувирал” гэх сэдвийг энэ жилийн XAOS фестивалийн гол уран сайхны тэнхлэг болгохоор шийдсэн юм.

-Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн ’Сонотой гэрлэсэн минь’ яруу өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн дуу авиа, гэрлийн өрөг үзэсгэлэн яалтчгүй анхаарал их татаж байсан юм. Гадаад уран бүтээлчтэй хамтран хүргэх болсон үзэсгэлэнгийн явц ямар байсан бэ?

-Энэ удаад би зөвхөн куратор биш, өөрөө яг уран бүтээлчийн хувиар оролцож байгаа. Хэдийгээр өмнө нь гурван ч удаа бүтээл хийж байсан ч, яг ийм байдлаар нэрээ бичсэн нь анхных. Энэ төсөл миний хувьд зүгээр нэг үзэсгэлэн биш, харин дотоод оршихуйн гүн аялал шиг байсан. Анхнаасаа л энэ зохиол миний дотор яг кино мэт бүтсэн. Төсөөллийн түвшинд яг л найруулагч хүн шиг, энэ кино ингэж эхэлнэ, ингэж үргэлжилнэ гээд бүх зүйл тодорхой болсон байлаа. Гэхдээ гол асуудал нь тэр төсөөллийг бодитоор илэрхийлж чадах, яг тэр мэдрэмжийг гаргаж өгөх уран бүтээлчдийн багийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг байсан.

Миний толгойд буй төсөөлөл яг л нэг Тарковскийн кино шиг бүдэг саарал, утаатай, нууцлаг, зүүд мэт орчин. Өдрийн нарны гэрэл байхгүй, оронд нь намуухан, хөндүүр аялгуу, хааяа хүний дотоод дуу хоолой мэт шивнэх яриа эгшиглэнэ гэж төсөөлж харсан.

Мэдээж гайхалтай олон саунд артист бий. Гэхдээ миний хайж байсан хүн бол нэр алдраасаа илүүтэй сэтгэл зүйн олон давхар өнгийг хөгжим, дуу, чимээгээр илэрхийлж чаддаг нэгэн. Би өөрөө илүү дарк, индастриал урсгалд татагддаг. Харин Л.Өлзийтөгсийн өгүүллэгүүд бол эмзэг, эмэгтэйлэг, мэдрэмжийн олон сүүдэртэй. Ингээд би хагас жил орчим зөв хүнийг хайсан. Тэгж явахдаа энэ оны хоёрдугаар сард манай олон улсын резиденс хөтөлбөрт нэг бүсгүй LIHLA хэмээх нэрээр бүтээл туурвидаг Австралид өссөн, ази гаралтай уран бүтээлч материалаа явуулсан. Бүтээлийг нь сонсоод л энэ л яг мөн гэж бодсон. LIHLA өөрөө шүлэг бичдэг, түүнийгээ уншдаг, хийл тоглодог, электроник хөгжмөө өөрөө зохиодог. Түүнээс ч чухал нь өөрийн дуу хоолойгоо хөгжим шиг ашигладаг нэгэн. Би түүнд Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэгийн англи орчуулгыг уншуулсан. Уншаад тэр “Хөөх, энэ чинь яг би байна шүү дээ!” гэж хэлсэн. Тэр мөчид л би “За, бид хүнээ оллоо” гэж ойлгосон.

Харин дараа нь надад үлдсэн хамгийн чухал хүн бол гэрэлтүүлэгч байсан. Орчин үеийн гэрэлтүүлэг бол дан ганц техник биш, уур амьсгалыг бүтээдэг хамгийн том урлаг. Гэхдээ би хэт технологид суурилсан хүйтэн мэдрэмж хүсээгүй. Илүү “амьтай”, сэтгэлтэй гэрэлтүүлэгтэй хүн хайж байлаа. Ингээд зундаа Тайваньд нэг фестивалийн захиралтай таараад, би түүнээс “Танай улсын хамгийн сайн гэрэлтүүлэгч хэн бэ?” гэж шууд л асуусан. Тэгэхэд тэр надад Ray Tseng гэх гэрэлтүүлэгчийг танилцуулсан.

Бидний бүтээл гарах “Black Box Theatre” бол бараг мэдрэмжийн вакум орчин гэж хэлж болно. Харанхуй, төвлөрөл шаардсан, хаашаа ч сатаарах боломжгүй тийм орон зай. Харин тэр орон зайд “Сонотой гэрлэсэн минь” үзэсгэлэн дуу авиа, гэрэл сүүдэр, яруу найргийн яриа, мэдрэмжийн долгион болж хувирна.

-Ryoichi Kurokawa, Ben Frost тэргүүтэй дэлхийд танигдсан уран бүтээлчдийг өнгөрсөн жил авчирсан. Энэ жилийн хувьд олон өвөрмөц уран бүтээлчдийн нэр харагдаж буй. Уран бүтээлчдийг сонгохдоо энэ жил ямар шалгуур, үзэл санааг голчлон авч үзсэн бэ?

- Энэ жилийн наадамд нийтдээ 4 үзэсгэлэн, 2 амьд тоглолт багтаж байгаа. Уран бүтээлчдийг сонгохдоо бид яг өөрсдөө дэлхийн шилдэг фестивалиудыг зорьж, нүдээр үзэж, чихээр сонсож, мэдрэмжээр шалгасан гэхэд болно. Тухайлбал, Германд зохион байгуулагддаг CTM болон Berlin Atonal хэмээх хоёр том фестиваль бидний хувьд маш чухал жишиг болсон. Эдгээр нь орчин үеийн электроник хөгжим, дуу авиа, туршилт сорилт бүхий шинэ урсгалуудыг голчлон онцолдог. Билгүүн бид хоёр өнгөрсөн наймдугаар сард Berlin Atonal фестивальд биечлэн очиж оролцоод, уран бүтээлчдийн хөгжмийн гүнзгий мэдрэмж, тэдний тайзан дээр хэрхэн “орших” байдал нь бидний төсөөлж байснаас ч давсан байсан. Тэнд тоглосон уран бүтээлчдийн дунд одоо манай наадмын хөтөлбөрт багтсан хэд хэдэн хүн бий.

Тэднээс Dis Fig гэх Нью-Йоркт төрсөн, хятад гаралтай уран бүтээлчийг онцлохгүй байхын аргагүй. Тэрээр сүүлийн арван жил Берлинд амьдарч, өөрийн хөгжмийн замналаа тууштай хайж, туурвисаар ирсэн. Анх түүний тоглолтыг би Финландад болсон нэгэн фестивалиар үзсэн юм. Тэнд Хельсинкийн урлагт дуртай залуус, олон орны уран бүтээлч цугласан байсан. Dis Fig-ийн тоглолтыг сонсоод би бүр дарагдаж орхисон — тэр утгаараа биш, харин яг л өөрийн дотоод ертөнц рүүгээ шумбан орсон мэт мэдрэмж төрсөн. Түүний хөгжмийн онцлог бол эхлэл нь асар хүчтэй, хүнд хэмнэлтэй боловч аажим аажмаар зөөлрөн, төгсгөлдөө эмзэг, уян зөөлөн аялгуунд шилждэг. Хоолойн цар хүрээ нь маш уудам — дээшээ, доошоо маш чөлөөтэй шилжинэ. Түүний тайзан дээрх “оршихуй” бараг л зан үйлийн чанартай — яг л бясалгал шиг. Үзэгчид тэр ритуалд хамт оролцоод, сэтгэлийн хувьд нэгэн нэг төрлийн чөлөөлөлт, цэвэршилт мэдэрдэг. Би тэр тоглолтын дараа Билгүүнд “Энэ хүнийг Монголд заавал авчирмаар байна” гэж хэлсэн. Билгүүн ч гайхалтай хурдтай ажиллаж, Dis Fig-ийн агентыг шууд таньж, холбоо тогтоогоод авсан. Тэр нь өөрийнх нь найз байсан гэж байгаа! Ийнхүү бид Dis Fig-ийг энэ жилийн хөтөлбөртөө урьж оролцуулахаар болсондоо үнэхээр баяртай байгаа. Энэ тоглолт аравдугаар сарын 11-нд болох ба түүнтэй хамт мөн Австрали, Америк, Турк гаралтай өөр хоёр эмэгтэй уран бүтээлч тоглоно. Үнэхээр өвөрмөц, өөрсдийн гэсэн мэдрэмж, дуу хоолойтой гурван эмэгтэй.

Харин хоёр дахь тоглолт нь аравдугаар сарын 25-нд болно. Тэр үеэр Польшийн уран бүтээлч 2K88, Английн шинэ үеийн төлөөлөл Rainy Miller нар тайзнаа гарна.

Rainy Miller-ийг бид мөн Berlin Atonal-аар үзсэн. Миний хувьд тэр хүн яг л “Энэ шүү!” гэж шууд бодогдсон нэгэн байсан. Түүний дуу хөгжим, тайзан дээрх илэрхийлэл, дотоод орон зайн мэдрэмжүүд нь үнэхээр онцгой. Энэ залуу бол Английн хөгжмийн ирээдүйг тодорхойлох уран бүтээлчдийн нэг гэж олон улсын урлагийн сэтгүүлүүд ч онцолж байгаа.

Ерөнхийдөө энэ жилийн уран бүтээлчид бүгд дэлхийн хөгжмийн орчинд цоо шинэ хандлага авч ирж байгаа, урсгал, мэдрэмжийн хил хязгаарыг давж чадсан, маш өвөрмөц хүмүүс. Тэдгээр уран бүтээлчдийн хөгжмийг сонсоно гэдэг зүгээр нэг тоглолт үзэх бус, өөрийн дотоод ертөнц рүү хийх аялал гэж хэлж болно.

-Нийтэд толилуулагдах дөрвөн үзэсгэлэнгийн тухайд мөн бидэнд мэдээлэл өгөөч. Венецийн биеннальд оролцсон уран бүтээлчээс эхлээд, гадаадын уран бүтээлчидтэй хамтарсан Монголын маш өвөрмөц, онцгой бүтээлүүд гарна гэсэн хүлээлттэй байгаа.

-2019 оны Венецийн биеннальд орсон, Монголд урьд өмнө нь хэзээ ч танилцуулагдаж байгаагүй “Агшин зуур” үзэсгэлэнг анх удаа толилуулж буй. Мөн Турк гаралтай Hüma Utku уран бүтээлч өөрийн үзэсгэлэнг толилуулж болох талаар санал тавьсан нь бидэнд таалагдаж, үзэсгэлэндээ багтаасан байгаа. Түүний “Нүд сохлом гэрэл ба сүүдэр дэх тав тух” дуу авиа, дүрс гэрлийн өрөг бүтээл 2025 онд гарсан "Dracones" бүтээлийнх нэг хэсэг юм. Энэ бүтээлдээ тэр өөрийн эх хүн болсон мэдрэмж, сэтгэл зүйн хувирал, хэвлийд буй бяцхан үрийг мэдрэх зэрэг урьд хожид хэзээ ч өөрт тохиож байгаагүй тэр агшнуудыг дуу авиагаар дамжуулан дүрсэлсэн байдаг.

Энэ жилийн “Art Week” дээр би Э.Халиунаагийн нэг бүтээлийг үзээд, маш их таалагдсан. Тэр бүтээлээс улбаалан түүнийг үзэсгэлэнд оролцуулах хүсэлтээ илэрхийлэн холбоо барихад Халиунаа ч Германаас Монгол руу ирэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэрээр Suzana Benesova, X Ariaz нартай хамтран орон зайн баримал, дуу авиан бүтээлүүдээ туурвиад байгаа. Тэдний хамтарсан уран бүтээл болон Э.Халиунаагийн ажил хоорондоо концепцын хувьд гайхалтай уялдсан. Тэдний бүтээлүүд “бодол” гэсэн ерөнхий санаан дээр төвлөрдөг. Түүний бүтээлүүд эластик, тунгалаг материал дотор өвс хийсэн байдлаар бүтсэн. Тэр өвснүүд нь жижиг харагдах мэт мөртлөө хэрнээ хүнд, зарим нь хатуу, хатгамаар үзүүртэй. Харин зарим нь том хамхуул мэт мөртлөө маш хөнгөн. Эдгээр нь бүгд хүний бодлын жин, хэлбэр, нөлөөллийг илэрхийлж байгаа. Зарим бодол хатуу, ширүүн, сэтгэлийг “хатгадаг” бол, зарим нь том нүсэр атлаа хөнгөн, зөөлөн. Гэхдээ аль аль нь хүний оюун санаанд нөлөөлөл үзүүлж байдаг. Үүний хажуугаар саунд буюу хөгжмийн зохиомж нь өнгөрсөн амьдрал, бодлын урсгал зэрэг сэдвийг хөнддөг. Ийнхүү дуу, дүрслэл хоёр нийлээд "Бодлын шугуй" нэртэй нэгэн цогц үзэсгэлэн болж бүрдсэн.

-Өнгөрсөн жилийн наадмаас таны анзаарч харсан, бас төсөөлөөгүй байсан хамгийн гоё зүйл юу байсан бэ?

-Өнгөрсөн жил надад хамгийн сонин, баяртай санагдсан зүйл бол уран бүтээлчид биш, огт танихгүй хүмүүс ихээр ирж, үзэгчдийн хүрээ маш олон талт болсонд байсан. Эхэндээ зөвхөн уран бүтээлчид цуглах байх гэж бодож байсан ч, харин ч эсрэгээрээ, маш олон шинэ хүмүүс хүрэлцэн ирсэн нь үнэхээр урам өгсөн. Төсөл санхүүгийн хувьд бол амар байгаагүй. Маш бага дэмжлэгтэй байсан ч, бид тасалбараар зардлынхаа ихэнхийг нөхөж чадсан. Гэхдээ мэдээж бүрэн дүүрэн зардлаа нөхөж чадаагүй. Гэсэн хэдий ч, бидний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл бол үзэгчдийн реакц байсан. Зарим хүн бүр үзэсгэлэн үзэж байхдаа уйлж байсан. Жишээлбэл,Бен Фростын үзүүлбэр дээр хүмүүс маш хүчтэй сэтгэл хөдлөл мэдэрч, Куракавагийн бүтээлийн өмнө хүмүүс удаан хугацаанд сууцгааж байлаа. Зарим нь "Би Японд дөрвөн жил амьдарсан ч ийм зүйл үзэж байгаагүй" гэж хэлж байсан. Түүнчлэн гаднын хүмүүс Монголд ийм түвшний урлагийн арга хэмжээ болж байгаад гайхаж, бидэнтэй холбогдож байсан. Энэ бүхэн надад үнэхээр нэг тийм гэгээ авчирч байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн. Ингэж олон хүнд хүрч чадаж байгаа маань биднийг үргэлжлүүлэн хийх урам зориг өгсөн.

Энэ жилийн хувьд бид өмнөх жилээсээ сургамж аваад, зардлаа бууруулахын тулд илүү бодлоготой, тооцоотой ажилласан. Үүний тулд уран бүтээлчдэдээ нөхцөл байдлаа тайлбарлаж, өмнөх жилтэй харьцуулахад харьцангуй бага төсөвтэй хамтран ажиллах хүсэлт тавьсан. Тэд маань ч ойлгож, дэмжсэн. Гурван галерей үзэсгэлэнгүүдийг түрээсгүйгээр зохион байгуулахаар хамтран ажиллаж байна. "On and Off Production" бүх амьд тоглолтуудыг маань хариуцаж байгаа. Тэд бидэнд маш боломжийн, таатай нөхцөл санал болгосон нь үнэхээр том дэмжлэг болсон. Техникийн болон үзүүлбэрийн чанарын хувьд бол ямар ч дутагдалгүй, өндөр түвшинд болж байна. Мөн бид ажиллах хүний тоог нэмэгдүүлж, бүтээлүүдийн тоог ч тэлсэн. Ингэснээр арга хэмжээний цар хүрээ илүү өргөн болж, үзэгчдэд санал болгох агуулгын хувьд ч баялаг болсон. Зардлаа бууруулж, хэмнэлт хийсэн ч, чанар, уран бүтээлийн агуулга огт буураагүй. Үзэсгэлэн, амьд тоглолтууд аль аль нь өндөр түвшинд, зохион байгуулалт сайтай болж байгаа. Арга хэмжээнүүд олон болсноор, нийт төсөв ч харьцангуй тэнцэж, бид тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.

-Экспериментал урлагийн үзэгчдэд үзүүлэх нөлөө, хувьсал, дотоод мэдрэмж энэ жил өмнөхөөсөө юугаараа өөр болох вэ. Тэр дундаа Монголын үзэгчдэд энэхүү наадам ямар ойлголт өгөхийг зорьж байгаа бол?

-Экспериментал урлаг, тэр дундаа хөгжим, дүрслэх урлагийн үзүүлбэрүүд нь өнөө үед хүний сэтгэл зүй, мэдрэмжид нөлөөлөх хамгийн шууд, хамгийн хүчтэй хэлбэрүүдийн нэг болоод байна. Ялангуяа ийм төрлийн уран бүтээл үзэж байгаагүй хүмүүст тэрхүү анхны мэдрэмж нь асар гүн, өөрчлөлт авчирдаг. Олон хүн сонгодог хөгжим, балет зэрэг уламжлалт урлагийн хэлбэрүүдийг илүүд үздэг. Тэдгээр нь үнэхээр гайхамшигтай, цаг үеэ давах урлаг. Гэхдээ эдгээр нь ихэвчлэн олон зуун жилийн өмнөх хааны ордон, язгууртны амьдрал, тэр үеийн философи, гоо зүй дээр суурилсан. Харин бидний өнөөдрийн амьдрал, мэдрэмж, амьсгал, ганцаардал, стресс, технологийн эрин үе, мэдээллийн урсгал, өөрийгөө эрж хайх хүсэл зэрэг өнөөгийн бодит амьдралын хэмнэлүүдтэй тэд тэр бүр уялддаггүй.

Харин экспериментал урлаг бол яг өнөө цагтайгаа, яг одоо бидний дотор болж буй өөрчлөлттэй, бидний амьдралаас ургаж гарч ирдэг. Энэ урлаг нь яг тухайн уран бүтээлчийн дотоод мөн чанараас, тухайн хүний гүн гүнзгий ажиглалт, мэдрэмжээс төрдөг. Давтагдашгүй. Өөр хэний ч биш, зөвхөн тэр хүний л дотоод ертөнцийн илэрхийлэл.

Экспериментал гэдэг үг нь өөрөө "туршилт" гэсэн утгатай. Тэгэхээр энэ бол шинэ санаа, шинэ хэлбэр, шинэ илэрхийллийн арга. Эдгээр нь хуучны дүрмийг давж, дотоод дуу хоолойгоо яг одоо, энэ цаг мөчид хамгийн органик байдлаар илэрхийлэх боломжийг олгодог. Яг л хэрвээ хүн өөрийгөө сонсож чадвал, өөрийнхөө мөн чанарыг мэдэрч чадвал, түүний бүтээл заавал өвөрмөц, дахин давтагдашгүй байж чаддаг. Энэ бол урлагийн хамгийн үнэ цэнтэй зүйл. Техник, технологийн хөгжил, хотын хэмнэл, цахим орчин, мэдээллийн хурд гээд энэ бүхэн биднийг бүрэн өөрчилсөн. Тиймээс электроник хөгжим, саунд арт, дижитал медиа зэрэг нь бидэнд улам ойртож, илүү их нөлөө үзүүлж эхэлсэн. Бид эдгээрийг өдөр тутамдаа сонсож, харж, мэдэрч байна. Өдөр бүр чимээгүйхнээр чихэнд сонсогддог амьдралын хэмнэл, хотын дуу авиа, ганцаардал, стрессийн давтамж, энэ бүхэн яг л экспериментал урлагийн дотор оршиж байдаг.

Тиймээс хүмүүс "экспериментал" гэхээр өөрсдөөсөө хол гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Үнэндээ энэ бол хамгийн ойр, хамгийн амьд, хамгийн одоо цагийн урлаг. Хэрвээ чи өөрийгөө мэдэрч, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсохыг хүсэж байгаа бол энэ урлаг чамд яг тохирно. Энэ бол чамд зориулсан, чиний төлөө бүтээгдсэн урлаг. Бид ийм төрлийн урлагаас зугтах ёсгүй. Харин ч хүлээн авч, ойлгож, мэдэрч, өөрийнхөө мөн чанарт ойртох боломж болгон ашиглах хэрэгтэй. Экспериментал урлаг гэдэг бол гадагшаа биш, дотогшоо чиглэсэн аялал.

-Магад анх удаа зорин очихоор төлөвлөж буй уншигчид ч байж болох юм. Та хүрэлцэн ирэх гэж буй үзэгч, урлагт дурлагсдад хандан юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?

-Миний хамгийн түрүүнд хэлмээр зүйл бол “юу ч бэлдэх хэрэггүй”. Зүгээр л ирэхэд болно. Ямар ч хүлээлтгүйгээр, ямар ч урьдчилсан төсөөлөлгүйгээр ирээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл урлаг, тэр дундаа экспериментал урлаг гэдэг бол хүн бүрт өөр өөрөөр нөлөөлдөг, өөр өөрөөр мэдрэгддэг зүйл. Тухайн бүтээлийг яг яаж мэдрэх вэ гэдэг нь чиний тухайн мөчид мэдэрч байгаа мэдрэмж, бодол, дотоод ертөнцөөс чинь шууд хамаарна. Хэн ч тэр мэдрэмжийг чамд тулгаж чадахгүй. Чиний мэдрэмж зөвхөн чинийх л байх болно.

Тиймээс ирэхдээ зүгээр л “хоосон цаас” шиг байгаасай гэж хүсэж байна. Урьдчилж дүгнэлт хийхгүй, юу хүлээхээ ч мэдэхгүй, яг л тийм нээлттэй, цэвэр, чөлөөтэй байдлаар орж ирэх тусам тэр урлаг чамтай илүү хүчтэй, гүн холбогдоно. Энд хэн нэгнийг харахын төлөө биш, хэн нэгний тухай бодох гэж биш, харин өөрийнхөө дотоод ертөнц рүү шумбахын тулд ирээсэй. Тэнд та ганцаараа ч бай, олон хүн дунд ч бай, яг өөрийнхөөрөө, өөртэйгөө хамт байх орон зайд орж ирж байгаа юм. Хамгийн тухтай хувцсаа өмс. Бодлоо чөлөөл. Хүлээлтээ орхи. Зүгээр л орчноо хүлээж авахаар, мэдрэхээр ир. Тэр хөгжмийн дотор уус. Тэр дуу авиа, орон зай, гэрэл, материал, хөдөлгөөн дотор яг өөрийнхөөрөө бай.

Хүмүүсээс биш, өөрөөсөө асуу. Бусдын хариуг биш, өөрийн дотоод хариуг сонс.

Тийм болохоор, юу ч бэлдэх гэж битгий зов. Нээлттэй сэтгэл, чөлөөт бодол, амьсгалж буй биетэйгээрээ л ир. Энэ бол чиний орон зай. Чиний урлаг. Чиний дотоод аялал.

-Уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, олон улсын төсөлд оролцох нь Монгол уран бүтээлчдэд юуг хамгийн ихээр өгдөг вэ. Сүүлийн жилүүдэд монгол уран бүтээлчид хэр хөгжин тэлж, өөрсдийн хүрээг өргөсгөсөн гэж та бодож байгаа вэ?

-Олон улсын уран бүтээлчид Монголд ирж, хамтран ажиллах нь зөвхөн үзэгчдэд шинэ уур амьсгал авчрах төдий бус, монгол уран бүтээлчдэд үнэтэй боломж, том харилцааны сүлжээг нээж өгдөг. Энэ жил манай үзэсгэлэнгийн гурван төсөл гадаад уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн, жинхэнэ хамтын бүтээлүүд болсон нь үүний тод жишээ юм. Энэ бол Монгол уран бүтээлчид дэлхийн түвшний уран бүтээлчидтэй мэргэжлийн түвшинд харилцаж, бүтээл туурвиж чадаж байна гэсэн баталгаа. Зүгээр нэг "дэмжигч" бус, жинхэнэ тэнцүү оролцогч байж чадсан нь маш чухал. Энэ нь цаашид олон улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, илүү олон хамтарсан төсөл эхлүүлэх суурь болдог.

-Орчин үеийн урлаг Монголд сүүлийн үед хурдтай хөгжиж, хүмүүст хүрч байгаа харагддаг. Цаашлаад үүний үр нөлөө ямар байна гэж харж байна вэ?

-Одоо үеийн урлагийн тухай ярихад "контемпорари" болон "экспериментал" гэсэн хоёр ойлголт байнга хөндөгддөг. Гэвч энэ хоёр тусдаа зүйл биш. Контемпорари урлаг бол тухайн цаг үеийн нөхцөл, орчны сэтгэлзүй, асуудал, технологитой уялдаж төрж байгаа урлаг. Харин экспериментал урлаг гэдэг нь түүний илэрхийллийн туршилтын хэлбэр, шинэ санаа, шинэ материал, шинэ арга барилын эрэл хайгуул. Өөрөөр хэлбэл, контемпорари урлагт экспериментал шинж чанар зайлшгүй оршдог. Энэ нь уран бүтээлч өөрийгөө, орчин тойрноо ойлгож, илэрхийлэх шинэ арга хэлбэрийг эрэлхийлж буй хэрэг. Монголын контемпорари урлагийн хөгжил сүүлийн 6–7 жилд үнэхээр тод мэдрэгдэж байна. Суурь нь харин бүр өмнө нь, чимээгүйхэн тавигдаж байсан. Олон нийтэд хүрч, ойлгогдох нь арай хожуу эхэлсэн ч одоо бидний бүтээлүүд олон улсад үзэгдэж, хэлэлцэгдэж эхэлсэн. Мэдээж “дэлхийг шуугиулж байна” гэж хэлэхэд эрт ч байж магадгүй. Гэхдээ чанартай, тууштай алхаж байна. Уран бүтээлчид маань өөрийн гэсэн дуу хоолойгоо олоход ойртож, дахин давтагдашгүй бүтээл туурвиж эхэлсэн нь хамгийн чухал зүйл. Энэ урсгал, энэ орон зай улам тэлнэ. Гагцхүү бидэнд тууштай байдал, дотоод дуу хоолойгоо үргэлж сонсох ухаан л хэрэгтэй.

-Энэ жил үзүүлэх бүтээлүүдэд ямар шинэ технологи, дуу авиа, гэрэлтүүлэг, интерактив элемент нэмэгдсэн бэ?

-Энэ жилийн үзэсгэлэнгүүдэд өмнө нь Монголд төдийлөн хэрэглэгдэж байгаагүй, эсвэл бүр анх удаа танилцуулагдаж буй орчин үеийн технологи, дуу авиа, гэрэлтүүлэг, утаа, интерактив элементүүд хүчтэй нэвтэрч орж ирж байна. Үүний тод жишээ бол “Агшин зуур” үзэсгэлэн. Энэ үзэсгэлэн бол уран бүтээлч Э.Жанцанхорол, Carsten Nicolai / Alva Noto болон монгол хөөмийчид болох Н.Ашид, Х.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нарын хамтын бүтээл. Монголын уламжлалт хөөмийн техникийг зөвхөн урлагийн дууны хувьд бус, концертын, абстракт, экспериментал чанартайгаар, бүрэн уран бүтээлийн хэлбэрт шилжүүлсэн анхны тохиолдол гэж хэлж болно. Үүнд Alva Noto хэмээх дэлхийн дэвшилтэт саунд артист оролцсоноор Монголын уламжлал ба дэлхийн орчин үеийн дуу авианы мөн чанарын түвшинд нэгдсэн, огт өөр мэдрэмжийг өгч буй бүтээл болсон. Э.Жанцанхоролын үзэсгэлэн бол олон улсын урлагийн тоймчдын зүгээс топ 10 үзэсгэлэнгийн нэгээр нэрлэгдэж байсан бүтээл. 100 гаруй орны, 100 гаруй уран бүтээлч оролцсон Венецийн биеннальд Монгол шиг жижиг орны уран бүтээл онцгойрч, дэлхийн төвд харагдана гэдэг бол амаргүй. Гэсэн ч энэ бүтээл тэгж чадсан. Нөгөө талаар, техник технологи болон программчлалыг урлагтай уялдуулсан шинэ хэлбэрийн үзэсгэлэн ч энэ жил онцгойрч байна. “Соно” үзэсгэлэнд дуу, гэрэлтүүлэг, утаа, гэрэл, хөдөлгөөн бүгд тус тусдаа биш, харин программчлагдан, нарийн зохиомжтойгоор уран бүтээлийн нэгэн цул хэсэг болон орж ирж байна. Жишээлбэл, энэ төслийн Тайванийн гэрэлтүүлэгч уран бүтээлч үзэсгэлэнгийн танхимын агаарын жин, хэмжээ, хэмнэл зэргийг нарийн хэмжиж, бүх орчныг тусгай программ хангамжид оруулан утааны гаргалт, гэрлийн хэмнэл, саунд эффект бүгдийг нарийн тооцоолон удирдаж буй. Зүгээр нэг “утаа тавих” бус агаарын жинг мэдэрсэн урлагийн илэрхийлэл болж байгаа. Өмнөх жилүүдэд зөвхөн гэрэлтүүлгийг кодлосон байдлаар ашиглаж байсан бол, энэ удаа утаа, гэрэл, дуу, хөдөлгөөн бүгд кодлогдож, нэгдмэл орон зайн туршлага болж үзэгчдэд хүрэх гэж байна. Монголд ийм түвшний техник технологи ашигласан үзэсгэлэн анх удаа болж байна.

Энэ үзэсгэлэнгүүдэд ашиглагдаж буй саунд систем, дижитал технологи, гэрэлтүүлгийн шийдлүүд нь зөвхөн формын хувьд шинэчлэл авчраад зогсохгүй, үзэгчийн мэдрэхүйн түвшинд шинэ орон зайг нээж өгч байна. Энд дуу, гэрэл, утаа, яруу найраг, хөдөлгөөн зэрэг нь бүгд бие даасан элемент бус, харин нэгэн бие махбод шиг уялдаа холбоотой оршиж, үзэгчийг бүтээлийн дотор “уусах” боломжийг олгож байгаа нь онцлог юм.

-“XAOS” наадмын нэр нь хаосын онолоос санаа авчээ. Энэ онолын философи, урлагтай холбож тайлбарлахад та юу хэлэх вэ?

-“ХАOS” фестивалийн нэр нь санаандгүй байдлаар сонгогдоогүй. Энэ бол хаосын онолоос урган гарсан, гүн ухаан, шинжлэх ухаан, урлагийн огтлолцол дээр бий болсон санаа. Бидний өдөр тутмын амьдралд эмх замбараа, үл ойлгогдох байдал их мэт санагдавч, яг тэр дотор нь л хамгийн гүн гүнзгий мөн чанар, гоо зүй, шинэчлэл оршиж байдаг.

Хаосын онолын гол санаа бол жижиг, өчүүхэн мэт харагдах нэг өөрчлөлт цаашдаа тогтолцоог бүхэлд нь өөрчлөх чадамжтай байдаг. Энэ нь эрвээхэйн далавч дэвэх төдийд, дэлхийн нөгөө талд хар салхи үүсгэх боломжтой гэсэн алдарт "butterfly effect" буюу “эрвээхэйн нөлөө”-н дээр тулгуурладаг. Үүнийг урлаг руу авч үзвэл, яг л тийм. Уран бүтээлчийн нэг санаа, нэг дуу авиа, нэг бүтээл хүний сэтгэл зүйд, цаашлаад нийгмийн чиг хандлагад гүн нөлөөлж чаддаг.

Бид “ХАOS” наадмаар тэр нөлөөг бүтээж чадах, тэр “эрвээхэй” шиг далавчаа дэвж буй уран бүтээлчдийг урин оролцуулж байна. Тэд зөвхөн дэлхийн туршлагатай уран бүтээлчид биш, мөн Монголын залуу, эрэлхийлэгч, орон зайгаа олж яваа, туршилт хийж буй уран бүтээлчид юм. Учир нь бид энэ фестивалийг Монголд зохион байгуулж байна. Тиймээс энэ нь гаднын “экспортыг” үзүүлэх арга хэмжээ биш, харин Монгол урлаг өөрөө хаосын гоо зүйн орон зайд орж, өөрийгөө шинээр тодорхойлох талбар байх ёстой гэж үздэг.

Эхэндээ “ХАOS” нэрийг өгчихөөд би өөрөө ч эмээж байсан. Яагаад гэвэл бидний нийгэмд “хаос” гэдэг үгийг төдийлөн сайн хүлээж авдаггүй. Төрийн зохицуулалт, хэт эмх цэгц рүү тэмүүлэх сэтгэлгээ давамгайлсан энэ үед, “эмх замбараагүй байдал” гэх ойлголтод айдас, эсэргүүцэл төрөх нь мэдээж. Гэхдээ яг тэр эмх замбараагүй байдал дотор шинэ бүтэц, шинэ хэлбэр, шинэ нийгмийн уур амьсгал бий болж эхэлдэг гэдэг философийг бид хуваалцсан. Өнөөдрийн нийгэм өөрөө хаос юм. Бид ихэнхдээ цэгцтэй дүр зураг харахыг хүсдэг ч, амьдралын гүн рүү өнгийхөд төөрөгдөл, давхар давхар асуулт, хариултгүй байдал угтдаг. Гэхдээ яг тэр л хаос дотор уран бүтээл төрдөг, шинэ зүг чиг гарч ирдэг. Тиймээс “ХАOS” фестиваль бол эмх замбараагүйд хаягдсан мэт санагддаг, гэхдээ үнэн чанартаа маш эмхтэй шинэ урсгалуудыг олж харах боломж. Туршилт, эрсдэл, сэтгэл зүйн өөрчлөлт, эдгээрийг урлагаар дамжуулж мэдрэх орон зай.

10-р сарын 10-наас 30-ныг дуустал амьд тоглолт, үзэсгэлэн, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг 8 арга хэмжээг 5 байршилд зохион байгуулагдах гэж “XAOS” наадмыг та бүхэн зорин очиж, өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, бас гайхалтай өвөрмөц аялалд гараарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Фестивалийн энэ удаагийн онцлог нь үзэгчдэд технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн шинэ шийдлүүдийг нэг дороос мэдрэх боломж олгохоос гадна, соёл, философийн хувирлыг дотор сэтгэлээрээ дамжуулан ойлгох хөндлөн туршлага бий болгоно.