Бямба гарагт Японы эрх баригч Либерал ардчилсан намын 70 жилийн ойгоор тус намын даргаар сонгогдсон Санаэ Такаичи Япон улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болох нь дамжиггүй болоод байна. Тус намын даргад таван эрхэм өрсөлдсөнөөс түүний гол өрсөлдөгч нь Ерөнхий сайд асан Жүничиро Койзумигийн хүү 44 настай Шинжиро Койзуми байсан юм. Шинэхэн намын дарга, өдгөө 64 настай Такайчи нь Засгийн газарт олон удаа сайдын алба хашсан туршлагатай бөгөөд улс төрийн карьерийнхаа өмнө телевизийн хөтлөгч, металл хамтлагийн бөмбөрчин байсан гэх сонирхолтой намтартай. Түүнчлэн автомашин, мотоциклийн хорхойтон бөгөөд түүний хайртай Toyota Supra машин нь өдгөө төрөлх Нара мужийнх нь музейд бий гэжээ.
Санаэ Такаичи 1961 онд төрсөн. Аав нь оффисын ажилтан, ээж нь цагдаа байсан түүний хувьд улс төр харь хол байсан гэж болно. Эгэл жирийн гэр бүлээс ийнхүү улс төрд хөл тавьж, улмаар Засгийн газрын тэргүүн болохоор болоод буй нь Японд тийм ч эгэл зам мөр биш.
Такаичи хүнд металл хамтлагт бөмбөрчин байхдаа олон саваа авч явдгаараа алдартай байв. Учир нь, эрчтэй, хүчтэй тоглолтын үеэр тэрбээр саваагаа хугартал цохьчихдог байж. Тэрбээр одоо ч металл хөгжим сонсох, хааяа бөмбөр “нүдэх” дуртай гэлээ. Английн Black Sabbath, Iron Maiden болон Японы X Japan хамтлагийг дуртай уран бүтээлчдээрээ нэрлэжээ.

Санаэ Такаичи 1980-аад онд АНУ-Японы худалдааны маргаан ид өрнөх үеэс улс төр, нийгмийн амьдралын талаар сонирхож эхэлжээ. Түүнчлэн Японы талаарх америкчуудын ойлголт, хандлагыг мэдэхээр АНУ-ыг зорьж, Японы талаар шүүмжлэлт байр суурь илэрхийлдгээрээ алдартай Конгрессын гишүүн, Ардчилсан намын Патришия Шредерийн ажлын албанд ажиллаж үзэв. Япондоо эргэж ирээд тэрбээр Асахи телевизэд хөтлөгчөөр ажиллахын сацуу АНУ-Японы харилцааг идэвхтэй ажиглах болсон байна.
Тэрбээр америкчууд япон, хятад, солонгос хэл, хоолыг тус бүрээр ялгаж мэдэхгүй, хэрхэн нийтлэгээр нь хүлээж авдгаас эхлээд олон зүйлийг анзаарчээ. Улмаар Япон улс өөрийгөө хамгаалж чадахгүй бол ямагт АНУ-ын гүехэн бодлын сүүдэрт явсаар байх болно гэсэн итгэл үнэмшилтэй болов.
Такаичи 1992 онд анх удаа парламентын сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээв. Гэвч улс төрийн замналыг тууштай сонгож, жилийн дараа парламентад суудалтай болж, улмаар 1996 онд Либерал ардчилсан намд элсжээ. Түүнээс хойш 10 удаа парламентад сонгогдож, консерватив дуу хоолойг тод, чангаар илэрхийлдэг алдартай улс төрч болон төлөвшжээ.
Тэрбээр Худалдаа, аж үйлдвэрийн сайд, Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн бөгөөд сүүлд Эдийн засгийн аюулгүй байдлын сайдаар ажилласан.
Такаичи Либерал ардчилсан намын даргад өмнө нь хоёр удаа өрсөлдөж байжээ. 2021 онд Фумио Кишидад ялагдсан бол 2024 онд эхний шатны санал хураалтад тэргүүлсэн боловч эцэст нь Шигэрү Ишибад ялагдаж байсан юм. Харин энэ жил гурав дахь удаагаа нэр дэвшин ялалт байгуулж, парламент түүнийг томилгоог баталгаажуулсны дараа Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох замдаа орлоо.

Тэрбээр саяхны кампанит ажлынхаа үеэр сурагчдын дунд зогсоод “Миний ирээдүйн зорилго бол “төмөр хатагтай” болох” гэжээ. Тэрбээр Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерээс урам зориг авдгаа үе үе тодотгон хэлдэг.
Санаэ Такаичи нь Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаагийн хувьд жендэрийн тэгш байдлын илэрхийлэл боловч нөгөө талаар “Консерватив үзэлт хөгшин эрчүүдийн “шүтээн”. Тэдэнд таалагдах зүйлсийг эмэгтэй хүний амаар ярьж буй” хэмээн Васэда их сургуулийн улс төрийн профессор Миеэко Накабаяаши "Bloomberg” сувгаар ярьжээ.
Такаичи гэрлэсэн эмэгтэйчүүд овог, нэрээ хэвээр үлдээхийг зөвшөөрсөн хуулийг эсэргүүцэж, уламжлалд харшилж байна гэж үздэг үнэхээр ч тууштай консерватив үзэлтэн юм. Харин сонгуулийн үеэр тэрбээр үзэл санаагаа үл ялиг зөөллөж, баруун-төвийн болсон гэж байв. Тухайлбал, кампанит ажлынхаа үеэр хүүхэд асрагчийн төлбөрийг хэсэгчлэн татвараас хөнгөлөхөө амлаж, хүүхэд асрах үйлчилгээ үзүүлдэг компаниуудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай ярьжээ.
Тэрбээр гэр бүлээ асрах, хүүхдээ асрах зэрэг ар гэрийн ажлаас улбаалан карьераа орхидог нийгмийг хүсэхгүй байна гэжээ. Мөн “Бидэнд хамтдаа даван туулах уул овоо шиг их ажил байна. Тиймээс ажлын морь шиг ажиллацгаая” хэмээн уриалж, “ажил-амьдралын тэнцвэр” гэх хэллэгийг үгүй хийнэ гэсэн нь танхимд цугласан олныг цочроогоод авчээ.
Санаэ Такаичи Шинзо Абэг үлгэрлэгч, түүний фракцад багтаж байсны хувьд төсвийн өндөр зардал, хямд зээлийн талаарх "Абеномикс"-ийн эдийн засгийн алсын харааг сэргээхээ амлав. Мөн тэрбээр Японы дайнд амь үрэгдэгсэд, тэр дундаа дайны гэмт хэрэгтнүүдийг хүндэтгэдэг гэх маргаан дагуулдаг Ясукуни сүмд тогтмол зочилдог.

Японы Либерал ардчилсан нам нь 1955 онд байгуулагдсан цагаасаа хойш Японы улс төрд ноёрхож ирсэн боловч эдийн засгийн өсөлт удааширч, төрөлт буурч тэдний хувьд улс орноо удирдаж чадах уу гэх олон нийтийн итгэл буурснаар байр сууриа алдаж байна. Харин намынхаа барууны үзэлт жигүүрт харьяалагддаг Такаичид энэ итгэлийг сэргээх, тэр дундаа хэт барууны гэгдэх Сансейто намд алдагдаж буй сонгогчдын итгэлийг эргүүлэн татах даалгавар оногдоод буй.
“Япон нэгдүгээрт” уриатай Сансейто нам консерватив сонгогчдын итгэлийг олж саяхан парламентад 15 суудалтай болоод байгаа. Харин Либерал ардчилсан нам парламентын дээд, доод танхимын аль алинд олонхын байр сууриа алдаад байгаа юм.
Такаичи “Бид гишүүд, дэжигчдийнхээ шүүмжийг хүлээж авах ёстой. Либерал ардчилсан нам Японы одоо, ирээдүйн төлөө өөрчлөгдөх ёстой. Бид хэзээд үндэсний эрх ашгаа эн тэргүүнд тавьж, улс орноо зөв тэнцвэрийн үндсэн дээр удирдах ёстой” гэв. Түүний Ерөнхий сайдын албыг парламентаар хэлэлцэж энэ сарын 15-нд баталгаажуулах төлөвтэй байна.