Азийн шилдэг найман баг өрсөлдсөн CS:GO тоглоомын "Asian RMR"-ээс "The MongolZ" баг "Парис Мажор-2023" тэмцээнд тивээ төлөөлөн оролцох эрхээ авсан билээ. Тэд сүүлийн тоглолтодоо БНХАУ-ын "Rare Atom" багийг хожсоноор Австралийн "Grayhound" -ийн хамтаар тавдугаар сард Парист болох CS:GO тоглоомын хамгийн сүүлийн мажорт Ази тивийг төлөөлөн өрсөлдөх юм. Бид энэ удаа "The MongolZ" багийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.
#1 "IHC Esports"-оос "The MongolZ" рүү хийсэн гэнэтийн шилжилт
Энэ оны дөрөвдүгээр сарын 3-ний өдөр "Asian RMR" -д оролцох багуудыг зарлах үеэр тус тэмцээний хүчтэй өрсөлдөгч гэсэн хүлээлттэй байсан "IHC Esports"-ийн тоглогчид багаасаа гарч, "The MongolZ" нэрийн өмнөөс тус тэмцээнд оролцох болсныг мэдэгдэв. Дээрх үйл явдалтай холбогдуулан "IHC Esports" багаас мэдэгдэл гаргаж "IHC Esports" багийн тамирчид компанийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байгаа ба бидэнд гэнэтийн явдал байлаа. Манай байгууллага тамирчидтай байгуулсан гэрээгээ зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй, цаашид ч санхүүжүүлэхэд бэлэн байна" хэмээн тайлбарласан юм. Харин багийн тамирчид удахгүй тайлбар өгнө гэдгийг ANNIHILATION youtube дэх ярилцлагадаа дурджээ.

#2 "The MongolZ" баг анхны стикерээ гаргана
"The MongolZ" баг "Парис Мажор-2023" тэмцээнд оролцох эрхээ авснаар тэдний бүрэлдэхүүнээс bLitz, Techno4k нар гурав дахь, ANNIHILATION хоёр дахь, Bart4k, hasteka нар анхны стикерээ гаргах юм. Тэд "IHC Esports"-ийн өмнөөс хоёр удаа стикер гаргаж байсан бол "The MongolZ" баг анхны стикерээ гаргах нь ээ. Мөн тус бүрэлдэхүүн гурав дарааллан Major тэмцээнд шалгараад байна.
#3 sk0R багаасаа гарсан ч тэд хүчирхэг хэвээр үү?
"The MongolZ" багийн өнөөгийн бүрэлдэхүүн нэгдэхийн тулд ямар замыг туулсан бэ гэдгийг дараах зургаас харж болох юм. Тэд өнгөрсөн сард бүрэлдэхүүндээ нэгэн өөрчлөлтийг оруулж sk0R-ийн оронд hasteka-ийг эгнээндээ нэгтгэсэн билээ. Анхны Монгол багийн Sticker, Ази тивийн том тэмцээний анхны амжилтууд, Монгол баг дараалан Major тэмцээний эрхийг авсан түүхэн мөч гээд уналт, амжилттай үеүдэд багийнхаа чухал тоглогч байсан түүний орон зай энэ багт цаашид ямар байдлаар нөхөгдөх нь одоогоор зөвхөн таамаг, хүлээлт төдий байгаа юм.

#4 Азийн чансааны НЭГТ Монгол баг
Тэд "IHC" нэрийн дор энэ оны хоёрдугаар сард болсон CS:GO тоглоомын хамгийн том тэмцээн "IEM Katowice"-ий үеэр хүчирхэг Furia болон cloud9-г хожиж, дуулиан дэгдээсэн. Улмаар FaZe Clan-д хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн ч 9-р байрт орсон дүнгээр чансааны 139.5 оноог нэмж, нийт 153 оноотой болсноор Азийн багуудыг тэргүүлэх болж, дэлхийн чансааны 18-р байранд бичигдэж эхэлсэн билээ. Энэ нь дараагийн тэмцээнүүдэд урилгаар оролцох боломжийг нээсэн түүхэн үйл явдал байв.
#5 Тэдний дараагийн тэмцээн $250,000-ийн шагналын сантай
4-5-р саруудад Монголын баг тамирчид 5-6 тэмцээнд оролцох юм. Хамгийн эхнийх нь маргааш эхлэх ESL Challenger League S45 билээ. Тус тэмцээнд Монголоос зургаан баг оролцох бөгөөд нэг нь "The MongolZ". Харин дараагийн тэмцээн энэ сарын 17-23-ний өдрүүдэд Бразилд явагдах хуваарьтай байна. Энэхүү тэмцээний шагналын сан $250,000 бөгөөд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглох юм. The MongolZ баг эхний тоглолтоо 4-р сарын 17-ний 23:00 цагаас Natus Vincere багтай хийнэ. Уг тэмцээнд түрүүлсэн баг ирэх 7-р сард зохиогдох "IEM Cologne 2023" тэмцээнд оролцох эрхээ авах юм.
