Ирэх бямба гарагт Буянт-Ухаа цогцолборт болох “Face of Beauty International” олон улсын миссийн тэмцээнд уригдсан “Хүн барби” гэгдэх Украины мисс Валерия Лукьянова өнөөдөр Монголд ирлээ.

Украины мисс Валерия Лукьянова нь 1985 оны наймдугаар сарын 23-нд одоогийн Молдав улсад мэндэлжээ. Энэ жил 31 нас хүрч буй тэрбээр царай, бие, гадаад төрхөөрөө барби хүүхэлдэйтэй адилхан харагддаг тул дэлхий дахинд “Хүн барби” нэрээр алдаршсан билээ.

Тэр багадаа маш олон барби хүүхэлдэйний цуглуулгатай байсан гэнэ. Магадгүй энэ нь түүнийг барби шиг болох хүсэлд хөтөлсөн байж ч мэдэх юм.

Валерия цагаан хоолтон бөгөөд “Liquid diet” буюу шингэн хооллолтын дэглэм тогтмол барьдаг.

Валерия Лукьянова болон түүний нөхөр, Украинын бизнесмен Дмитри Шкрабов нар багын найзууд байжээ. Хосууд 2014 онд Украинд дэгдсэн улс төрийн мөргөлдөөн, дайны улмаас ОХУ-руу нүүж, Москва хотод амьдарч байгаа аж.

Тэр олон нийтийн цахим хуудсуудад олон сая дагагчтай бөгөөд фэйсбүүк, инстаграмын идэвхтэй хэрэглэгч юм.

Хэдэн жилийн өмнө дэлхийн томоохон хэвлэлүүдээр "түүний зургуудыг фотошопоор янзалж, барби шиг болгож өөрчилсөн" хэмээн шуугиж байсан ч Валерия өөрийнхөө хэд хэдэн бичлэгийг “Youtube”-д байршуулж, телевизийн шууд нэвтрүүлгүүдэд оролцсоноор “бодитой” болох нь батлагдсан юм.

Валерия Лукьянова “The Phase” нэртэй баримтат кинонд тоглож байснаас гадна энэ онд “The Doll” гэх аймшгийн кинонд тоглосон байна.

Тэр дуу зохиодог бөгөөд “Sun in the Eyes” болон “2013” гэсэн хоёр цомогтой. Мөн тэрбээр 2012 онд “Astral Travel Amatue” нэртэй номоо хэвлүүлжээ.

Валерия Лукьянова хөхөндөө мэс ажилбар хийлгэж томруулснаас өөр гоо сайхны хагалгаа хийлгээгүй хэмээн хэвлэлүүдэд тайлбар өгдөг. Тэр “TooFab”-д өгсөн ярилцлагадаа “Хүн барби” гэх нэрэндээ дургүй бөгөөд өөрийгөө өглөө болгон нүүр будалтдаа гол анхаарлаа хандуулдаг “класси охин” хэмээн тайлбарласан байна.

Тэр ярилцлагын үеэр нэгэн шүтэн бишрэгч нь ахиж гоо сайхны хагалгаа хийлгэх эсэх талаар асуухад нь Валерия “Хэрвээ шаардлага гарвал биедээ хагалгаа хийлгэнэ. Би гоо сайхны хагалгааг эсэргүүцдэггүй. Гэхдээ одоогоор надад ахиж хагалгаа хийх шаардлага алга” хэмээн хариулжээ.
