UBLife Logo
-

Гэрлэхээсээ өмнө асуух ёстой 13 асуулт

U
UBLife
Гэрлэхээсээ өмнө асуух ёстой 13 асуулт

Гэрлэх өдөр тань аль хэдийнээ ирсэн хойно түүний талаар мэдэхгүй зүйлс үлдсэн юм биш биз. Ялангуяа таныг ихэд гонсойлгох зарим нэг зүйл. 

Ичих, санаа зовох, сонирхохгүй байх, аль эсвэл романтик харилцаагаа хадгалахын тулд гэх мэт олон шалтгаанаар хосууд тогтвортой гэрлэлтийн үндэс болдог доорх асуултуудыг асуудаггүйг харилцааны мэргэжилтнүүд олж тогтоожээ.

Үр хүүхэд төрүүлж өсгөн, бат бөх гэр бүл бүтээхийн тулд хосууд нэг нэгэндээ сайн найз, итгэл даах хамгийн дотны хүн нь байх ёстой.

Мэдээж хосуудад бие биеэсээ асуух олон асуулт байж болох ч заавал тавих 13 асуулт буй. “Харилцаа холбоог сайжруулах үндэсний институт”-ын захирал Роберт Сука “Та гэрлэхээсээ өмнө эдгээр асуудлыг шийдэхгүй өнгөрч болох ч гэр бүлтэй болсон хойноо заавал шийдэх шаардлагатай болно” гэжээ. Гэрлэхийн өмнө дуугүй өнгөрөх нь эцэстээ сэтгэлийн их зовлонд хүргэх бөгөөд энэ бүхэнтэй эвлэрэх нь жилээс жилд хэцүү болдог аж.  

Дараах асуултуудыг асуухад эвгүй байж болох ч хэтэрхий оройтохоос өмнө хосуудад илэн далангүй ярилцаж, ойлголцоход нь туслана. 

1. Танай гэр бүлийнхэн үл ойлголцох үедээ таваг шиддэг үү, тайван ярилцдаг уу эсвэл дуугаа хураадаг уу? 

“Хосуудын институт”-ыг үндэслэгч Петр Пирсон “Амжилттай харилцааны үндэс нь хосууд бие биеийнхээ ялгаатай талуудад хэрхэн дасан зохицохоос шалтгаалдаг” гэжээ.  Хүн бүр гэр бүлийнхээ зан авираар хүмүүжсэн байдаг учир таны хос асуудлыг хадмуудын тань шийддэг арга барилаар л шийднэ гэсэн үг. 

2. Бид хүүхэдтэй болох уу? Хэрвээ болбол чи надад живх солиход туслах уу? 

 “Хүүхдийн тухай ярихдаа хосод тань юу таалагдах бол хэмээн санаа зовох хэрэггүй. Учир нь энэ маш чухал сэдэв” хэмээн гэр бүлийн харилцаа, салалтын мэргэжилтэн Дэбби Мартинез зөвлөжээ. Гэрлэлт болон бэлгийн амьдралын мэргэжилтэн Марти Клейн “Хэзээ, хэдэн хүүхэдтэй болох, эцэг эх болсон хойноо ямар үүрэг гүйцэтгэх, жирэмслэлтээс хамгаалах ямар арга хэрэглэх тухай ч бас ярилцах ёстой” гэв.

3. Өмнөх хайр дурлалын харилцааны туршлагууд бидэнд туслах уу, саад болох уу? 

Виржиниагийн их сургуултийн “Үндэсний гэрлэлтийн хөтөлбөр”-ийн захирал Брэдфорд Вилкокс “Бидний явуулсан судалгаагаар амжилттай эхэлсэн олон харилцаа өмнөх хайр дурлалаас болж дууссан байдаг нь тогтоогдсон. Мөн үүнээс болж гэрлэсэн хойноо ч сэтгэл хангалуун бус байх явдал гардаг. Эксүүдтэйгээ харьцуулах эсвэл өмнөх харилцаанаас үлдсэн сэтгэлийн шарх зэргээс болж асуудал үүсэх нь цөөнгүй. Энэ бүгдээс урьдчилан сэргийлэх цорын ганц арга бол шүүж, буруутгалгүйгээр ярилцаж, өнгөрсөн бүхнийг хүлээн зөвшөөрөх явдал юм” гэв.   

4. Шашин хэр чухал вэ? Бид шашны баяруудыг хэрхэн тэмдэглэх вэ?

Өөр шашинтай хосууд гэрлэсэн ч тус тусын шашнаа шүтсээр байх уу?  “Харилцаа холбоог сайжруулах үндэсний институт”-ын захирал Роберт Сука хосуудыг энэ тухай чин сэтгэлээсээ ярилцахыг уриалсан юм. Ялангуяа хүүхэд төрөх үед шашны уламжлалын асуудал их хөндөгддөг байна. Тиймээс хүүхдэдээ ямар шашны боловсрол олгох тухай төлөвлөгөөтэй байх хэрэгтэйг Вилкокс эмч зөвлөжээ.

5. Миний өр чиний өр мөн үү? Чи хамт төлөлцөх үү?

“Таны хос санхүүгийн бие даасан байдлын хувьд ямар бодолтой байгааг асуух хэрэгтэй. Санхүүгийн эх сурвалжаа тусдаа байлгах үгүйгээ эртхэн шийдсэн нь дээр байдаг” хэмээн гэр бүл салалтын хуульч Фрэдрик Хертз зөвлөсөн юм. Төлөгдөж дуусаагүй өр, орлогын зөрүүтэй байдал зэргийг сайтар ярилцах нь зүйтэй. 

6. Мөнгөө ихэвчлэн юунд зарцуулах вэ? Машинд уу, буйданд уу эсвэл гуталд уу?

Таны хос мөнгө зарцуулахдаа хөнгөмсөг ханддаг уу, эсвэл нарийн төлөвлөж, тооцоотой ханддаг уу. Гэрлэхийн өмнө энэ нь асуудал биш байж болох ч гэрлэсний дараа үнэхээр чухал асуудал болж хувирдаг. Тиймээс хэр их хэмжээний мөнгө бодлогогүй зарцуулж болох тодорхой хэмжээ тогтоож болохыг хуульч Фрэдрик Хертз санал болгожээ.

7. Чамгүйгээр би юу хийж болох вэ? Чи юуг хүлээн зөвшөөрч чадах вэ?

“Practical Application of Intimate Relationship Skills” төвийн захирал Сет Еисэнберг “Дийлэнх хүмүүс гэрлэсэн ч хувийн бүрэн эрхт байдлаа алдахгүй гэж итгэдэг” гэжээ. Энэ нь өөрийн хийх дуртай зүйлс, найз нөхдөө өөрчлөхийг хүсэхгүй байх явдал бөгөөд ярилцаж шийдэхгүй бол цаашдаа зөрчилд хүргэж болно. “Хосууд “хувийн эрх”-ийг өөр өөрөөр ойлгодог учир ярилцаж, юуг ганцаараа  хийж болох тухай нэг шийдэлд хүрсэн дээр байдаг” хэмээн Клейн эмч зөвлөжээ.

8. Бид бие биеийнхээ эцэг эхэд дуртай юу?

Эхнэр нөхөр хоёр нэгдмэл байж чадвал хадмуудтайгаа муу харилцаатай байх нь зохицуулж болох асуудал. Харин тийм биш бол энэ нь харилцааны урт хугацааны аз жаргалтай байдалд саад болох хамгийн том асуудал болж хувирдаг.  Пирсон эмч “Эцэг, эхийнхээ сул болон давуу талыг хүлээн зөвшөөрснөөр та харилцааныхаа ирээдүйд гэгээлэг өөрчлөлт хийж буй хэрэг юм” гэжээ.

9. Бэлгийн харилцаа хэр чухал вэ?

Сет Еисэнберг “Хосууд харилцааныхаа эхэнд бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун хэвээр үлдэнэ гэж боддог. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам юмс өөрчлөгддөг. Бэлгийн амьдрал нь эрүүл харилцааны салшгүй нэг хэсэг учир энэ тухай ч бас ярилцах нь зүйтэй” хэмээжээ.

10. Сээтэгнэл, порнографи үзэх тухайд чи юу гэж бодож байна?

Клейн эмч “Хосууд сээтэгнэл, порнографи, бэлгийн гаж дур хүслүүдийн талаар ч бас ярилцах хэрэгтэй байдаг. Харилцааныхаа эхэнд энэ тухай ярихаас хосууд эмээдэг ч хэн нэг нь порнографи тогтмол үздэгийг мэдмэгцээ харилцаа нь хөрж эхэлдэг” гэв.

11. "Би чамд хайртай" гэж хэлэх бүх арга замуудыг мэдэх үү?

1992 онд хэвлэгдсэн Гари Чапманы “Хайрын таван хэл”  номонд гэрлэлтийг хүчирхэгжүүлж, хайраа илэрхийлэх аргуудыг танилцуулсан байдаг. Хатагтай Мартинез гэрлэхээр бэлдэж буй үйлчлүүлэгчиддээ энэ тухай заадаг аж. Хайрын таван хэл нь хайртайгаа хэлэх, цагийг хамтдаа өнгөрөөх, бэлэг өгөх, тусалж үйлчлэх, биеэр хүрэх зэрэг юм. Хайр дурлалаа ямагт тэтгэж, түүний онцгой гэдгийг мэдрүүлж байхын тулд хайрын таван хэлийг байнга ашиглаж байхыг Сет Еисэнберг зөвлөжээ.

12. Чи миний юунд дурлаж, юунд дургүйлхдэг вэ?

“Нью-Йоркийн ёс зүйн соёлын нийгэмлэг”-ийн тэргүүн Анни Клэйсэн “Хосууд нэг нэгнийхээ юунд дургүйлхдэг тухайгаа бараг боддоггүй. Тиймээс ихэнх хосууд харилцаагаа “зүгээр л хамт байдаг” хэмээн тодорхойлдог. Гэрлэлт нь зүгээр  нэг хамт байхаас хавьгүй илүү зүйл юм” гэжээ. 

13. Арван жилийн дараа ямар байна гэж төсөөлж байна вэ?

“Энэ төрлийн асуултыг оюундаа ямагт хадгалах нь саяхны зөрчлүүдийг харилцааныхаа туйлын зорилготой харьцуулан хялбар шийдэхэд тусалдаг” хэмээн Сет Еисэнберг тайлбарлажээ. Вилкокс эмч “Энэ төрлийн ярилцлага нь харилцаа дордох үед салах үгүй, эсэхээ, харилцаа сайн байх үед насан туршдаа хамт байх эсэхээ шийдэхэд тусалдаг” гэв. 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...