UBLife Logo
Сэтгэл судлал

Авторын булан: Сэтгэлзүйчид очдоггүй нь монголчуудын "сэтгэцийн өвчин"

Авторын булан: Сэтгэлзүйчид очдоггүй нь монголчуудын "сэтгэцийн өвчин"

Өнөөдөр дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр. Энэ онд олон улс сэтгэл зүйн тусламжийг хүн бүрт хүргэх уриатайгаар сэтгэцийн эрүүл мэндийг сахихын ач холбогдлыг тэмдэглэж буй. Монголчууд нэг үеэ бодоход энэ талаар харьцангуй нээлттэй ярьдаг болсон. Энэ нь нэг талаар дэлхийн хэмжээнд сэтгэл гутрал, энэ төрлийн өвчлөл нэмэгдэж буйтай, нөгөө талаар сэтгэцийн эрүүл мэнд гэдэг зөвхөн галзуурлын тухай яриа биш гэдгийг олон нийт ойлгож байгаагийн илрэл болов уу. Гэхдээ энэ талаарх хэлэлцүүлэг нийгэмд өрнөж, илүү сайн ойлголттой болох хэрэгцээ асар их байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Сэтгэцийн асуудалтай гэхээр мэдрэл муутай мэтээр хүлээж авдаг нь монголчуудын хувьд нийтлэг үзэгдэл. Сэтгэлзүйчид тогтмол бүү хэл, хааяа очдогоо хэлбэл “Энэний толгой зүгээргүй юм байна. Хол байя” гэх бодол төрөх, эсвэл зүгээр сонсоогүй мэт “аниад” өнгөрөөх тохиолдол олонтаа. Тэгвэл сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр та юуны талаар бодох ёстой вэ? 

Юун түрүүнд хэн нэгэн сэтгэл зүйн хямралтай, өвчтэй гэхээр хэрхэн хүлээж авдагаа санах хэрэгтэй. Хэрэв сэтгэцийн өвчтэй гэхээр та толгойдоо галзуурсан, мэдрэл муутай хүн төсөөлж байгаа бол дараагийн удаа сэтгэцийн эрүүл байдал тань алдагдахад мэдэх, шаардлагатай тусламжаа авахын тулд энэ тухай илүү мэдээлэл авах хэрэгтэй гэсэн үг.

ДЭМБ олон улс сэтгэцийн эрүүл мэндийг эмчилгээг хэвшүүлж, эрчимжүүлэхгүй бол “2030 он гэхэд сэтгэл зүйн хямрал дэлхийн хамгийн том өвчлөл болно” гэжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээр, дэлхийд сэтгэцийн 99 эмгэг байдгийн 44 нь Монголд илэрсэн. Өдгөө манай улсад 48-50 мянган хүн сэтгэцийн өвчтэй гэж тус төвийнхөн тооцоолжээ. Үүнд ихэвчлэн сэтгэцийн архаг эмгэгтэй, тархины гэмтлээс үүдсэн сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс багтаж буй. Нийгмийн бухимдлаас үүдэлтэй сэтгэцийн асуудалтай хүмүүс багтаагүй гэсэн үг. Ийм төрлийн болон архи, мансууруулах бодисноос үүдэлтэй төрөл бүрийн эмгэг ихсэж буйг СЭМҮТ-ийнхэн онцолжээ. Иймд олдмол чанартай сэтгэцийн эмгэгээс сэргийлэхэд анхаарах шаардлагатай аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөр үеийнхний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг өсвөр үеийнхний сэтгэл зүй нийгмийн эрүүл мэндийн асуудал болсон талаар Хүүхдийн сангийн цахим хуудаст онцолжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын энэ оны мөн үе хүртэл “Монголын 13-15 насны өсвөр үеийнхний 20 гаруй хувь нь наад зах нь нэг удаа амиа хорлох тухай бодож, есөн хувь нь завдсан" хэмээсэн байна. "Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар зохих дэмжлэг тусламж аваагүй үлдсэнээр сурлагын амжилт тааруу болж, ажилгүйдэл, эрсдэлтэй зан үйлд өртөх, өөртөө гэм хор учруулах зэргээр урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц эрсдэлд хүргэж болзошгүй" хэмээн тэрбээр ярьжээ. 

Сэтгэцийн хувьд эрүүл бус хүн ажлаа хийдгээрээ хийгээд (гэхдээ энгийн үеэсээ тааруу хийх магадлал өндөр), гаднаас нь харахад “зүв зүгээр” мэт амьдрах нь түгээмэл хэмээн мэргэжилтнүүд онцолж буй. Сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярихад онцгойлон анхаарууштай нь энэ юм. Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд “сэтгэцийн эрүүл мэндийг “Хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдал” хэмээн тодорхойлжээ.

Албан ёсны нэр томъёо болоогүй ч мэргэжилтнүүдийн түгээмэл хэрэглэх болсон “high-functioning depression, anxiety” буюу “чадвар, идэвх өндөртэй сэтгэл зүйн  хямрал, тогтворгүй байдал” гэдэг нь ажилдаа сайн, нийгэмд идэвхтэй ч ганцаараа байхдаа өөрийн “үнэн” байдалтай нүүр тулдаг хүмүүсийг хэлнэ хэмээн Брауны их сургуулийн профессор Кэрол Ландау тодорхойлжээ. Энэ нь ялангуяа шөнөөр илэрдэг аж. “Ийм асуудалтай хүмүүс сонирхлоо алдсанаа анзаарч, ганцаараа байхдаа чадах хэмжээндээ хүртэл ажиллаж чадахгүй, эсвэл өнгөрсөнд ажиллаж байснаасаа дутуу байгаагаа мэдэрдэг” хэмээсэн байна. Амжилт амьдралынх нь утга учир болсон хүмүүс амжилт хөөж яваад сэтгэл гутралтай байгаагаа мэдэхгүй байх нь бий. Гэтэл амжилттай явна гэдэг эрүүл, аз жаргалтай байхын нэр биш билээ.

Нойргүйдэл, амархан уурладаг байх зэрэг нийтлэг шинж тэмдгээс гадна байнга гэмших, хэтрүүлж идэх зэрэг нь сэтгэцийн эрүүл мэнд алдагдсаны шинж аж. Эрч хүч ихтэй, хөгжилтэй хүмүүс сэтгэл зүйн өвчин, хямралтай гэдгээ хүлээн зөвшөөрөх хүсэлгүйгээс улам ихээр хошигнож, хөхрөх зэрэг шинж тэмдэг ажиглагддаг талаар К.Ландау цохон бичжээ. Сэтгэл зүйн ийм далд хямралыг эмчлэхэд илүү хүнд. “Би зүгээр харагддаг учраас заримдаа сэтгэл хямарч байгаагаа хэлэхэд хүмүүс үл тоож байсан. Тийм нөхцөлд миний асуудал тусламж авахуйц ноцтой биш юм байна гэх сэтгэгдэл төрдөг” хэмээн түүний нэг өвчтөн нь ярьсан байна. 

Эцэст нь, хүмүүс сэтгэцийн асуудалтай болох эрсдэлийг олж харж, тухай бүрт нь стресс, ядаргаагаа тайлж чадвал заавал эмчлэх хэмжээнд хүрэхгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
36
46
25
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.