
“Apple” компани хамгийн алдартай брэнд болох “iPhone”-оо Хятадын зах зээлд уугуул нэрээр нь гаргаж болохгүй болов. Учир нь Хятадын арьсан эдлэлийн компани 2007 оноос “iPhone” нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн аж. “Apple” тус компанийг өөрсдийнх нь брэндийн нэрийг ашиглахыг хориглуулахаар Хятадын шүүхэд хандсан боловч ялагдсан тухай нь “Time” мэдээлэв.

Ийнхүү “Xintong Tiandi Technolohy” компани Хятадын зах зээлд “iPhone” гэх нэрийг өмчлөх эрхтэй болж, ийм нэрээр цүнх, бичиг баримтны хавтас, гар утасны гадар үйлдвэрлэх хууль ёсны эрхээ хэвээр үлдээжээ. “Apple”-ийн "iPhone"-ы хамгийн анхны загвар 2007 онд худалдаанд гарсан байдаг. Яг тухайн жил нь Хятадын “Xintong Tiandi” компани ижил нэрийн брэндийг улсдаа бүртгүүлжээ.
Харин “Apple” компани “iPhone” загварын гар утсаа Хятадын зах зээлд 2009 оноос албан ёсоор худалдаж эхэлсэн байна.