UBLife Logo
-

НОМЫН ТУХАЙ: НИККОЛО МАКИАВЕЛЛИ “ХУНТАЙЖ”

Ub.life
Ub.life
НОМЫН ТУХАЙ: НИККОЛО МАКИАВЕЛЛИ “ХУНТАЙЖ”

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Нийгмийн ухаан” цувралын I дэвтэр нь Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ” хэмээх алдартай бүтээл байсан бол хэвлэгдэн гараад удаагүй байгаа II дэвтэр нь ч мөн түүнээс дутахгүй байр суурь эзэлдэг чухал бүтээл болох Никколо Макиавеллийн “Хунтайж” ажээ.

Сэргэн мандалтын үеийн Италийн түүхч, философич, зохиолч Никколо Макиавелли бол бүх цаг үеийн хамгийн агуу сэтгэгч, өөрийн амьдрал, хувь тавиланг улс төртэй холбож тэмцсэн, зовж зүдэрсээр зорьсондоо хүрсэн суут нийгмийн зүтгэлтэн юм.

Түүний Хунтайж хэмээх алдарт бүтээлээ бичсэн түүхэн цаг хугацаа бол Итали орон нэгдсэн төргүй болсон эмх замбараагүй үе байлаа. Гаднын халдлагад өртсөөр улс орон нь таван хэсэгт хуваагдаж Папын эрхшээлт улс, Неаполь, Венец, Милан, Флоренц зэрэг жижиг хот улсууд болж бутрав. Чухам энэ цаг үед л Италид хүчтэй удирдагч хэрэгтэй хэмээн Макиавелли үзэж эхэлжээ.

Төрийг хэрхэн гартаа авах, гартаа авсны дараа хэрхэн жолоодох вэ? Ард түмэнд хайрлагдахын тулд ямар зан авир хэрэгтэй вэ? Өөрөөр хэлбэл улс төрийн заль мэх, авхаалж самбаа, хүнлэг зан, догшин хэрцгий байдал зэрэг чанаруудаар өөрийгөө цэнэглэж улс орноо зөв удирдах ухааны буюу төр барих гарын авлага гэж ойлгож болно. Уг бүтээлд тухайн үеийн Италийн улс төрийн амьдралын бодит дүр зураг тусгагдсан бөгөөд түүхэн хүмүүсийн эр зориг, сургамжит үйлсийг ч багтаасан байна.

Мөн уг номонд хунтайж хүн оюун санааны дасгалыг тогтмол хийж, сэтгэлгээгээ цэнэглэж, шинэчилж байхын чухлыг онцолсон нь санамсаргүй зүйл биш. Тэрбээр XIV бүлэгт “Хунтайж хүн түүхэн бүтээл туурвилуудыг сонирхон уншдаг байх ёстой бөгөөд ингэхдээ нэрт жанждын үйл ажиллагааг шимтэж судлах хэрэгтэй. Хамгийн гол нь өнгөрсөн үеийн олон агуу хүнийг даган дуурайхдаа эртний хамгийн нэр алдартай, хүндтэй хүмүүсийн аль нэгнийг нь өөртөө үлгэр дууриал болгож, үйл хэрэг, алдар гавьяаг байнга санаж, бодож явах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна. Энэ нь амжилтад хүрч, ялалт байгуулах чухал нөхцөл, зайлшгүй хүчин зүйл мөн гэжээ.

Макиавелли энэ номоо 1513 оны 12 дугаар сарын сүүлээр бичиж дууссан хэдий ч 1515 онд II Лорензо де Медичид зориулахаар шийдэн нэмэлт өөрчлөлт оруулсан гэдэг. Макиавелли энэ номоо II Лорензо де Медичид зориулсан хэдий ч түүний сонорт хүргэж чадалгүй байсаар 1527 онд нас нөгчиж, 5 жилийн хойно буюу 1532 онд хэвлэгдсэн даруйдаа асар их шүүмжлэл дагуулж, сүм хийдийн гүн эсэргүүцэлтэй тулгарч, зарим нь ухамсаргүй чөтгөр шүглэсэн ном гэж ч үзэж байлаа.

Түүний үзэл санаа нь шашнаас илүү бодит байдал, мухар сүсгээс илүү хичээл зүтгэл, сайхан үгнээс илүү үйлдэл, онолоос илүү практик зэрэг объектив байдлаар хандаж чадсан билээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
42
39
21
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...