Уржигдар буюу энэ сарын 26-нд НИТХ ээлжит бусаар хуралдаж, МАН-ын бүлгээс нэр дэвшсэн НИТХ-ын дарга С.Амарсайхан бие даан нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун төлөөлөгчтэй өрсөлдөж, 6 саналын илүүгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан бөгөөд түүнд Нийслэлийн Засаг даргын тамгыг гардуулж, ажлыг хүлээлцэх ёслол нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өчигдөр боллоо. Бид энэ удаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон С.Амарсайхны тухай 10 баримтыг хүргэж байна.


С.Амарсайхан нь 1973 оны зургадугаар сарын 13-нд төрсөн.


Түүний эхнэр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо. Тэд хоёр хүүхэдтэй.

Тэрбээр 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.


2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан, атташе байв.2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажилласан байна. 2017 онд НИТХ-ын даргаар сонгогдсон бөгөөд 2019 оны хоёрдугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч боллоо.


С.Амарсайханы төрсөн ах нь Онцгой байдлын Сайд, УИХ-ын гишүүн, АН-ын даргын зөвлөх, Эрчим хүчний төвийн даргаар ажиллаж байсан С.Отгонбаяр юм.


“Зайсан Хилл” цогцолбор баригдсан 4.41 га газрыг С.Амарсайхан эзэмшдэг гэгддэг.


Хотын мээр англи, орос, хятад хэлтэй.

С.Амарсайхан АТГ-т 2017 онд хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10.767 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж, 225 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл, 65 сая төгрөгийн хадгаламж, бусдаас 4.5 тэрбум төгрөгийн авлагатай, “Оюуны Ундраа” групп, “МСГ” ББСБ-ын 37.052 тэрбумын төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлж байжээ. Мөн Lexus, RX 350- 1, Mazda, CX-9- 1 хэмээн тээврийн хэрэгслээ мэдүүлсэн байна.

Шинэ албаа албаа хүлээж аваад “Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Нийслэлийн иргэд оршин суугчид бид шат шатандаа маш сайн мэдэж байгаа. Нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийднэ гэж хоосон амлахгүй. Бүх зүйл дээр судалгаа тооцоотой, сүүлийн үеийн технологи дээр суурилсан, ухаалаг шийдэлтэй, шинжлэх ухаанч, аюулгүй байдлыг хангаж ажлуудаа үргэлжлүүлээд явна. Хотын хөгжилтэй холбоотой олон асуудлууд дээр хуулийн хүрээнд шинэ жишгийг тогтоох, шинэлэг өөрчлөлт, шинэчлэлтийг хийхтэй холбоотой олон шийдэмгий хурц алхмууд хийж ажиллана” гэж хэлсэн.