Шинэ жил ойртсоор буй энэ өдрүүдэд та хамгийн дотнын, эрхэм хүмүүстээ ямар өвөрмөц бэлэг өгч баярлуулахаа мэдэхгүй байвал эдгээр классик бэлгийг сонирхоорой. Хуучны гэсэн юм бүхэнд дуртай хүмүүст хамгийн ихээр таалагдаж, үнэ цэнэ нь ямагт өссөөр байх тийм л содон бэлэг байх болно.
1. Хуучны радио

Саяхан хуучны орос радионы эрэлд гарлаа. Маш ховор бараа болжээ. Харин гадаад яваад ирэхэд яг тийм радио дотнын хүн маань бэлгэнд өгсөн нь үнэхээр таалагдсан. Тиймээс найз нөхөд чинь ийм радионы эрэлд хатаж яваа бол бэлгэнд өгөхөд хэчнээн баярлах бол оо. Зар дээрээс, эсвэл Амазоноос захиж авах боломжтой юм билээ.Үнэ: 100,000-300,000Авч болох газрууд: Unegui.mn, Amazon.com, Ebay.com2. Пянз

Пянзны соёл эргэн ирж байна. Хүн бүр л технологоос залхаж, хуучны зүйл сонирхох болж. Энэ жил гарсан цомгуудаас хамгийн сонирхолтой нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн бүтээлийн пянз. Гадна загвар, дотор нь багтсан бүтээл нь хэн нэгэнд бэлэглэхэд нүүр улайхааргүй ажил болсон байна лээ. Авах хүнийх нь өмнөөс догдолчихлоо.Үнэ: 100$Авч болох газрууд: “Мөрдорж сан” 991966233. Хальсны камер

Чиний бэлэг сонгох гэж буй хүн гэрэл зураг сонирхдоггүй байлаа ч энэ сонгодог бэлэг. Дижитал эринд аналог камераар зураг авна гэдэг нэг төрлийн хобби болсон шүү дээ.Гаднын сайтуудаас захиж болохоос гадна дотоодын сайтуудаас хуучныг худалдаж авах боломжтой.Үнэ: 200,000-1,000,000Авч болох газар: Avdar.mn4. Пянз тоглуулагч

Ийм бэлэг авсан хүн баярлах нь дамжиггүй. Пянз тоглуулагч гэхээр европ зүгийн үнэтэй, алдартай үйлдвэрлэгч санаанд ордог байсан бол одоо үзэмжтэй, хямд тоглуулагч хаа сайгүй болжээ.Үнэ: 600,000-1,200,000Авч болох газар: Avdar.mn5. Ном

Ном бол хэзээ хуучиршгүй бэлэг. Хэрэв найз чинь номын цуглуулгатай бол түүнд нь нэмэх ном, эртний хуучин ном хэвлэл, бүр өөрийнхөө гараар хавтаслаж янзлаад өгсөн ч болно шүү дээ. Энэ бэлэг хамгийн хүндтэй бэлгийн нэг байх болно.Үнэ: 1000-100,000Авч болох газар: Хуучин номын худалдаа6. Халаасны 40 жилийн хуанли

Энэ содон бэлгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. Халаасанд багтах хэмжээтэй, оосортой, давхар томруулдаг шил, луужин гээд олон дагалдах хэрэгсэлтэй зарагддаг 40 жилийн хуанли тэр хүний хувьд хэзээ ч орхиж баймааргүй бэлэг болох болно.
Үнэ: 20,000-80,000
Авч болох газар: Amazon, Etsy, Taobao онлайн худалдаанаас захих
7. Бичгийн машин

Эртний эдлэл сонирхдог, бичиг номын хүмүүс гэлтгүй хүн бүхэнд үнэ цэнэтэй бэлэг болон үлдэх зүйл бол бичгийн машин. Ховор нандин, чухал үгсээ захидал болгон илгээх хүсэлтэй хүмүүст таалагдах нь гарцаагүй.
Үнэ: 200,000-1,000,000
Авч болох газар: Unegui.mn, Zarmedee.mn, Amazon, Etsy, Фэйсбүүк группууд дээр хувь хүмүүс зар тавьдаг
8. Арьсан хавтастай дэвтэр, бэх соруулдаг үзэг

Эрт дээр үеэс тэмдэглэлийн дэвтэр, түүн дээр бичин үлдээсэн зүйлс хамгийн нандин дурсамж болсоор ирсэн. Ном зохиол сонирхдоггүй хүн байлаа ч төлөвлөгөөгөө гаргах, бичиж тэмдэглэх үүднээс дэвтэр заавал ашигладаг.
Үнэ: 25,000-45,000
Авч болох газрууд: Зөвхөн түүнд (фэйсбүүк), ili (фэйсбүүк)
9. Модон / төмөр хайрцаг

Захиа, үнэт эдлэл, үнэтэй чамин, ховор нандин зүйлээ хадгалж болох хамгийн сайхан арга бол модон, эсвэл төмөр хайрцаг. Гэрт байхад үзэмжтэй, хэрэгцээтэй зүйл.
Үнэ: 20,000-200,000
Авч болох газрууд: Модон хайрцаг (фэйсбүүк /захиалгаар), Amazon, Etsy, Taobao
10. Хонхтой цаг

Манайхан баадуутай цаг гэж нэрийддэг энэхүү хуучны, өвөрмөц цаг үеэс үед өвлүүлэх боломжтой. Бидний өдөр тутмын амьдралын хамгийн энгийн, байнгын хэрэглээ болсон гэрийн цагийг өвөрмөц, сонгодог бэлэг болгон өгч болох юм.
Үнэ: 50,000-300,000
Авч болох газрууд: Хамгийн хямд, өргөн сонголттой сайт Ebay