UBLife Logo
Спорт

Өвөөгөө цаазлуулахыг, гэрээ шатахыг харж зогссон сул дорой хүүгийн домог болсон түүх

Өвөөгөө цаазлуулахыг, гэрээ шатахыг харж зогссон сул дорой хүүгийн домог болсон түүх

Хорватын шигшээ баг "Евро-2024" тэмцээнийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн ч, Лука Модричийн хувьд энэ тэмцээн төгсгөл биш юм. Тэрбээр Италитай хийсэн тоглолтын үеэр Европын АШТ-д гоол оруулсан хамгийн ахимаг тоглогч болсон. Гэвч энэ нь Хорватын шигшээ баг тэмцээнээ цааш үргэлжлүүлэхэд хангалтгүй байв. Нэмэлт цагийн 8 дахь минутад Маттиа Заккани гоолдсоноор Италичууд 1:1-ээр тэнцэж, улмаар хасагдах шатнаа Швейцарьтай тоглох эрхээ баталгаажуулсан юм. 

Модричийн тоглолтын дараах ярилцлагыг олон хүн сэтгэл догдлон хүлээж байсан агаад тэрбээр "Би үүрд тоглохыг хүсч байна, гэвч хэзээ нэгэнтээ гутлаа өлгөх цаг ирнэ байх. Ямартаа ч одоогоор бол үргэлжлүүлэн тоглох болно" гэлээ.Модрич 2006 онд Златко Кранжкарын удирдлага дор 20 настайдаа анхны тоглолтоо хийснээс хойш Хорватын шигшээ багийн төлөө 178 тоглолтод оролцоод байна. "Реал Мадрид" клубийн хагас хамгаалагч өдгөө 38 настай түүний хувьд хоёр жилийн дараа явагдах ДАШТ-д тоглох хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа ажээ.

Түүнийг Хорват даяар, тэр дундаа бага насаа өнгөрүүлсэн Задар хотод нь ямар их хүндэтгэлтэй ханддагийг тайлбарлах үг олоход бэрх билээ.

Модрич таван настай байх үедээ Задар хотын ойролцоо Лука өвөөгийнхөө ямааг хариулдаг байсан.Хөлбөмбөгийн тэмцээнийг ч үл хайхардаг байсан хязгаар энэ нутагт Модрич хүү байшингийнхаа гражийн үүд рүү бөмбөг өшиглөж өдрийг өнгөрүүлдэг байв. Хорватад тусгаар тогтнолын төлөөх дайн эхлэх үеэр тэр гражийн хаалганаас ердөө 10 метрийн зайд түүний өвөө амиа алджээ.

Чухам ийм л амьдралаас туранхай, сул дорой царайтай энэ хүү улс орныхоо шүтээн болсон домогт тоглогчдын нэг төдийгүй дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болтлоо бүхий л зовлон зүдгүүрийг даван туулж чадсан юм.Хорватын тусгаар тогтнолын төлөөх дайн эхлэхэд өвөөг нь Сербийн босогчид цаазалж, гэрийг нь шатаасан тул Модрич хүү дүрвэхэд хүрчээ. Дараагийн долоон жилд тэрбээр гэр бүлийнхнийхээ хамтаар дүрвэгсдийн хуаранд амьдарч, тэнд өсөн торниж буй бусад хүүхдүүдийн хамтаар хөлбөмбөг тоглож, хатуу ширүүн тэмцэл дундаас цойлон гарч чадсан юм. 

Тэр үед авахуулсан зургуудаа эргэн харах бүртээ өөрийгөө хэзээ ч бөмбөггүйгээр төсөөлж байгаагүй гэдгээ ухаарсан гэж хожим нь дурссан байдаг.Үнэндээ Модрич хөгжлийнхөө бүх үе шатанд хэзээ ч хангалттай мэт мэдрэмжийг төрүүлж байсангүй. Хүмүүс үргэлж түүнд эргэлздэг байсан. Тэр байтугай од болно чинээ хэн ч төсөөлж байгаагүй.

"Динамо Загреб" түүнийг Боснийн "Зринжски Мостар" руу зээллэгээр явуулахдаа баярлаж байсан. Өдгөө тэд Модричийг илүү хөгжүүлэхийн тулд тийшээ илгээсэн гэх боловч үнэн хэрэгтээ түүний ирээдүйд эргэлзэж, хангалттай сайн тоглогч биш гэж үзэж байсан учраас л явуулахад хүрсэн билээ.

Туранхай, сул доро царайтай Модрич карьерийнхаа ихэнх хугацааг хүмүүсийн буруу байсныг нотлоход зориулжээ.

19 настай Модричийг Боснигоос эргэн ирсэн даруйд шууд л "Интер Запресич" баг руу зээллэгээр явуулсан.Харин тэндээс буцаж ирснээр багтаа дөрвөн жилийн турш хангалттай тоглолт үзүүлж, 31 гоол оруулж, 29 гоолын дамжуулалт өгсөн нь "Барселона", "Арсенал", "Челси" зэрэг Европын олон багуудын анхаарлыг татсан юм.Тэрбээр 2008 онд "Тоттенхэм" рүү явахаасаа өмнө Хорватын лигт гурвантаа түрүүлсэн билээ. Түүнийг "Тоттенхэм" 16.5 сая паундаар худалдан авахад Премьер лигийн хүнд хэцүү өрсөлдөөнд бие бялдрын хувьд хангалттай түвшинд биш байна гэж олон хүн эргэлзэж байсан.

Эндээсээ тэр оддыг цуглуулах сонирхолтой "Реал Мадрид" руу явсан. Жозе Моуриньогийн "Мадрид"-д Шаби Алонсо, Месут Өзил нар байсан нь энд ирсэн эхний улиралдаа сэлгээнд суухад хүргэсэн билээ.Тухайн улирлын төгсгөлд Мадридын "Marca" сониноос явуулсан санал асуулгаар түүнийг "Реал"-ын шүтэн бишрэгчид "хамгийн муу гадаад тоглогч" гэж үнэлжээ.

Моуриньо түүнийг анх талбайд гаргасан даруйдаа л толгой сэгсэрсэн гэдэг. Учир нь "Барселона" шиг хурдтай шахалтаар дарамталж тоглодог багуудад бөмбөгөө алдахгүй байх чухал тоглогчдын нэг гэдгийг нь анхлан олж харсан хэрэг. Энэ мөчөөс эхлэн түүний нөлөө тус клубт өссөн.

Өдгөө тэрбээр Ла лигийн дөрвөн удаагийн аварга, Аваргуудын лигийн зургаан түрүү зэрэг 26 цом хүртээд байгаа ч "Реал"-д сүүлчийн удаа ахин нэг улирлыг өнгөрүүлэхээр гэрээгээ сунгасан билээ. 

Түүнийг Хорватын шигшээ багийн чимээгүй удирдагч гэж тодорхойлдог. Модрич гаднаа тийм ч олон үгтэй хүн биш, харин манлайллыг өөрийн биеэр үлгэрлэн харуулдаг нэгэн билээ.

2018 онд Орост явагдсан ДАШТ-ий дараа Марио Манжукич, Даниэл Субашич, Ведран Корлука зэрэг тоглогчид шигшээ багаасаа зодог тайлж, клубийн хөлбөмбөгт түлхүү анхаарахаар шийдсэн. Харин Модричийн хувьд, хэзээ ч ийм сонголтын талаар бодож байгаагүй. 

Түүний Хорватын хөлбөмбөгт үзүүлэх нөлөө асар их учраас талбай дээрх хамгийн чухал тоглогчид тооцогддог. 

Эцэст нь Модричийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг хүртсэн тэрхүү үдшийг эргэн санацгаая. Энэ тоглогч бол Задарын ууланд ямаа хариулж, өвөөгөө цаазлуулахыг, гэрээ шатахыг харж зогссон, дүрвэгсдийн хуаранд хөлбөмбөг тоглож, туранхай, сул дорой байдлаасаа болж үргэлж дутуу үнэлэгдэж, карьерийнхаа бүхий л цаг үед бусдын буруу байсныг нотлохоор мэрийж асан тэр хүү шүү дээ. Ийм сайхан түүхээр бахархахгүй байхын аргагүй. Модрич өдгөө бол аавын хүү төдийгүй Хорватын ард түмний хайртай хүү болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
7
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Цэргийн ДАШТ-ээс Монголын бөхчүүд гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ

Багийн төрлийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монголын баг зохион байгуулагч орныг ялж, түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Узбекистанчууд алт, Францчууд мөнгө, Монголын баг хүрэл медалийн тавцанд зогссон юм.