
Перуд хууль бусаар алт олборловол 12 жил шоронд хорино. Эсвэл тус улсын цалингийн доод хэмжээг 50 мянга дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар болжээ. Ингэснээр Перугийн Засгийн газраас үхлийн хорд хордсон ой модоо хамгаална гэж тооцож байгаа юм.
Тус улсын ерөнхийлөгч Ольянта Умала өнгөрсөн тавдугаар сард Амазоны ширэнгэн ойн хэсэг газарт 60 өдрийн онц байдал зарласан. Учир нь Амазоны ширэнгэн ой орчимд хууль бус алтны олборлолт гаарч, байгаль орчноо асар их бохирдуулсаар олон жилийг ардаа үджээ. Тус улсын Байгаль орчны сайдын хэлснээр Перугийн Мадре-де-Диос мужийн хүн амын 41 хувь буюу 50 орчим мянган хүн хууль бусаар алт олборлодог. Бидний нэрлэж заншсанаар алтны нинжа гэсэн үг юм. Тус муж нь Бразилтай хиллэдэг.
Нинжа нар алт олборлохдоо мөнгөн ус буюу үхлийн хор ашигладаг. Үхлийн хор шууд хүний биенд нөлөөлөхгүй. Гэхдээ ашигласан мөнгөн усаа шууд голд асгадгаас болж загас жараахай болон байгаль орчныг хордуулсаар байгаа юм. Түүнчлэн тэд гараа цэвэрлэхдээ мэдрэлийн эсэд нөлөөлөх химийн бодис ашигладаг. Мөнөөх хорт бодисыг ууршиж дуустал өөрсдөө мөнөөх хороор амьсгалдаг ажээ.
Перуд алтны нинжа нар олборлолт хийсээр олон жил болж байгаа гэнэ. Гэхдээ АНУ-ын Карнегигийн шинжлэх ухааны төв, Перугийн Байгаль орчны яамтай хамтарч 2013 онд л нинжа нартай холбоотой анхны судалгааг хийсэн аж. Эндээс үзэхэд, Амазоны ширэнгэн ойн 20 мянган гектар талбайг алтны нинжа нар устгасан. Тэгвэл өнгөрсөн сард хиймэл дагуулаар авсан зургаас үзэхэд алтны нинжа нарын хордуулсан газар бүр ч томорсон. Тэд Перугийн Сантьяго голын ойролцоо шинэ газарт алт олборлож, 12 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээний газрыг хордуулжээ.