Үндэсний их баяр наадмын амралт маргаашаас буюу долоодугаар сарын 10-наас эхэлж, бүх нийтээр аялж зугаалах өдрүүд олон хоног үргэлжлэх нь. Аюул осолгүй сайхан наадахад анхаарал болгоомж илүүдэхгүй тул мэдвэл зохих мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагуудаас авснаа багцлан хүргэж байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ахлах эмч А.Хулангуа:

-Наадмын өдрүүдэд ирдэг дуудлагад наршсан, хоолноос хордсон, бөөлжиж гүйлгэсэн тохиолдол зонхилдог. Олон дахин хайрсан хуушуурын тос хордлогын гол шалтгаан болдог тул иргэд идээ ундаандаа анхаарах хэрэгтэй. Наршихаас сэргийлж гэрээс гарахдаа малгай, шүхрээ авахаа мартуузай. Түүнчлэн хүүхдийг машинд удаан авч явах, эсвэл унтуулж үлдээснээс бөөлжиж гүйлгэн, халуурдаг учраас агааргүйтэх, толгойг нь хэт халахаас сэрэмжлээрэй.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:

-Баяр наадмын өдрүүдэд орон нутагт автомашинаар зорчих нь эрс нэмэгддэг учраас хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэхгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо барихгүй байхыг анхааруулъя.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд:

-Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.09/ 11:30 цагийн байдлаар нийт 12 түймэртэй байгаагаас 5 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, 7 түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 300 гаруй алба хаагч, орон нутгийн мэргэжлийн ангийн 80 гаруй хүн үүрэг гүйцэтгэж байна.
Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана:

-Он гарсаар долдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд ой, хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй 71, зөрчлийн шинжтэй 5 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 70 орчим хувь нь ил задгай гал, асгасан үнс, нурам, тамхи, чүдэнз, автомашин техник хэрэгслийн яндан зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг:

-Баяр, наадмын амралтын өдрүүдэд буюу 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр , 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн ихэнх нутгаар дулаан байх тул хурц нартай, түүнчлэн гэнэтийн аадар бороо орох үзэгдлүүд тохионо. Тиймээс ард, иргэд та бүхнийг тухай бүрт цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авахыг зөвлөж байна.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа:

-Улсын хэмжээнд долдугаар сарын 9-ний байдлаар 12 аймгийн 26 суманд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсаны найм нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 27.6 хувь, амь насаа алдсан хүний тоо 32.5 хувиар тус тус буурсан хэдий ч өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 5 хоногийн хугацаанд 18 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.