Жил бүрийн 9-р сарын сүүлийн долоо хоногийг "Олон Улсын Сонсголын Бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах" өдрүүд болгон тэмдэглэдэг. Тус 7 хоногийн хүрээнд “World Federation of the Deaf”, НҮБ зэрэг хүний эрхийн байгууллагууд сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгарч буй асуудлыг олон нийтэд таниулах, улмаар саадыг багасгаж, ойлголцлыг сайжруулах зорилгоор цөөнгүй үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Энэ жил тус долоо хоног нь “No Human Rights Without Sign Language Rights ” буюу“Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх үгүй” ерөнхий сэдэв дор зохион байгуулагдана. Мөн ‘World Federation of the Deaf’ (Олон улсын сонсголгүй иргэдийн холбоо) өдөр бүрийн арга хэмжээг тодорхой асуудлыг хөндөх, олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн арга хэмжээний сэдвүүдийг дор танилцуулж байна.
9-р сарын 22 (Бидний идэвхтэй оролцоо шийдлийн тодорхой хүч болно )
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн тэргүүлэх холбоо нь Засгийн газартай хамтран ажиллаж, сонсголын бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх шийдвэр гаргалтад өөрсдийн санал, зөвлөмжөөр мнөлөөлөх нь чухал ач холбогдолтой болохыг олон нийтэд ойлгуулах, таниулах зорилго дор эхний өдрийн арга хэмжээг зохион байгуулах ажээ.
9-р сарын 23 (Олон Улсын Дохионы хэлний өдөр)
Жил бүрийн есдүгээр сарын 23-ны өдрийг дэлхий даяар “Олон Улсын Дохионы Хэлний Өдөр” болгон тэмдэглэдэг. Тус өдрөөр дохионы хэлний үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, сурталчлахыг зорьдог юм.
9-р сарын 24 (Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хүртээмжтэй боловсрол)
Энэ өдрийн үйл ажиллагаанууд бүхэлдээ олон нийтэд сонсголын бэрхшээлтэй хүүхэд энгийн хүүхэдтэй адил тэгш боловсрол эзэмших ёстойг ойлгуулах, сануулахад чиглэдэг байна.
9-р сарын 25 (Онцгой байдлын үеийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх)
Олон улс дахь сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо, Засгийн газартай хамтарч заавал ч үгүй хийх ёстой ажлуудын нэг нь гамшгийн үеийн төлөвлөлт гэж үзэж байна. Онцгой байдлын үед дохионы хэлээр мэдээлэл авах, осол байгалийн гамшгийн мэдэгдэл авах зэрэг боломжоор хангаж өгөх нь сонсголгүй хүмүүсийн аюулгүй, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангахад чухал юм.
9-р сарын 26 (Үндэсний дохионы хэл)
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн хангахын тулд дохионы хэлийг улс орнууд хууль ёсоор хүлээн зөвшөөрөхийг энэ өдрөөр уриалах ажээ. Нэгдсэн Үндэсний Байгууллагын UN CRPD-ын 21-р зүйлд зааснаар Засгийн газрууд үндэсний дохионы хэлийг албан ёсоор буюу хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх ёстой. Улс орнууд дохионы хэлийг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрснөөр дохионы хэлний хэрэглээг нэмэгдүүлэх, нийгэм дэх сонсголын бэрхшээлтэй иргэдийн идэвхтэй оролцоо ч мөн төдий хэрээр идэвхжих боломжтой.
9-р сарын 28 (Ирээдүйн суурийг тавих)
Сонсголын бэрхшээлтэй хүмүүс технологийн өөрчлөлтөд өөрсдийн мэдлэг, ур чадвараар хувь нэмэр оруулж, хаана ч харилцаж чадах ирээдүйг бүтээхийг зорьж байна.