UBLife Logo
-

Төөрөгдлийн гүн дэх үнэн

Э.Хулан
Э.Хулан
Төөрөгдлийн гүн дэх үнэн

Э.Хулан, Э.Намуун

“АНУ-ын эмийн сангуудад 94500 ам.доллараар зардаг “Харвони” эмийг бид Монголын эмийн сангаас 1200-гаар авч байгаа” гэж “Омбол” компанийн эм зүйч С.Аюурбуниа хэлэв. Өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын “Glide Science” компанийн элэгний С вирусийг устгах чадалтай “Харвони” эмийг “Омбол” компани Монголд борлуулж эхэлснийг уншигч Та сонссон байлгүй. Гэхдээ АНУ болон Монголд “Харвони” эмийг борлуулж байгаа үнийн зөрүү асар их учраас дээрх эмийг туршилтынх гэж таамаглах хүмүүс олон бий. Түүнчлэн дээрх эмтэй яг ижил үйлчилгээтэй “Mylan” компанийн Энэтхэгт үйлдвэрлэсэн “Ледвир” эмийг “Монгол эм импекс” компани 750 ам.доллараар борлуулах болсон гээд “Харвони”-г тойрсон үнэтэй холбоотой үл ойлголцол их байна. “Америкаас оруулж ирсэн гэж хэлээд бидэнд чанар муутай, энэтхэг эм шахаж байна” гэж хардах хүн ч байгаа. 

Амьдрах үнэ цэнийн ялгаа ба төөрөгдөл

Элэгний С вирусийг 1960-аад онд дунд сургуулийн сурагч байхдаа буцалгаж, ариутгасан зүүгээр дамжуулан авсан тухайгаа Абдель Гавад Элебад гэх египет эр “Нью-Йорк Таймс” сонины сурвалжлагчид ярьжээ. Зүүг буцалгаж, ариутгаад олон хүнд дамжуулан тарьдагаас үүдэн  элэгний С вирусийн халдвар Египетэд асар хурдтай тархсан аж. Энэ түүхийг уншаад шөлний төмөр тавганд зүүгээ усанд буцалгаж байгаа хүний дүр зураг харагдаж байна уу? Монголчуудын дунд ч саяхан хүртэл зүүг дээрх аргаар ариутгаад дахин ашиглаж байсныг санаж байгаа биз. Тиймээс ч элэгний С вирусийн халдвар ихтэй орны тоонд манай улс багтдаг.Статистик мэдээлэл сөхвөл, Монголд элэгний А, В, С, D вирустэй 400 гаруй мянган хүн байгаагийн 200 орчим мянга нь С вирустэй. Түүнчлэн манай улсын арван хүн тутмын долоо нь элэгний өвчнөөр нас барж буй тухай харамсалтай судалгаа гарчээ. Харин дэлхийн хэмжээнд 150 сая хүн С вирусээр  халдварласан нь ДОХ-оос дөрөв дахин их үзүүлэлт. Жил бүр тэдний 500 мянга нь  нас бардаг тухай “Нью-Йорк Таймс” сонин уламжилжээ. Одоогоос гурван жилийн өмнө С вирус тээж буй хүний эмчилгээний эцсийн зогсоол нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа байв. Харин 2013 онд дэлхийн зах зээлд АНУ-ын “Glide Science” компани “Софосбувир” гэх “шидэт үрлийг” нийлүүлж эхэлсэн нь салбартаа хувьсгал авчирчээ. Энэхүү эмийг бидний сайн мэдэх интерферонтой хавсарч уухад С вирусийг бараг 100 хувь устгадаг гэнэ. Удалгүй дээрх эмнээс ч илүү нөлөөтэй “Харвони” эмийг “Glide Science” компани зах зээлд нийлүүлж эхэлсэн нь үхлээ хүлээж буй элэгний С вирустэй хүмүүст амьдрал бэлэглэсэн үйл явдал болжээ. Гэхдээ амьдралыг улс орон бүрт өөр үнээр “худалдаж” байгаагаас болж монголчуудын дунд төөрөгдөл үүссэн нь энэ. 

“Glide Science”-ийн зах зээлээ аврах төлөвлөгөө 

Дээрх графикийг харахад бөмбөрцгийн булан бүрт ялгаатай үнээр амьдрал “худалдан авч” байна. Харин шалтгаан нь туршилтынх гэх манайхны таамгаас эрс өөр аж. “Glide Science” компани ашигтай зах зээлээ хамгаалж үлдэхээр тэмцэж байгаа нь энэ. Тус компани 2013 онд Софосбувир эмийг ширхэгийг нь 1000 ам.доллараас ч өндөр үнээр АНУ, Канад зэрэг орны зах зээлд гаргажээ. Ингээд тухайн жилдээ худалдан авах чадвар нь манайхтай харьцуулашгүй баян орны иргэд “Glide Science” компанид 10 тэрбум ам.долларын ашиг оруулсан байна. Харин 2014 оноос эхэлж “Харвони” эмийг худалдан авах чадвар тааруу орны өвчтөнүүдэд хэд дахин хямд үнээр борлуулахаар болсон байна. “Нью-Йорк таймс” сонинд тэмдэглэснээс үзэхэд, 2014 онд тус компани Египетийн Засгийн газартай хамтарч нэг ширхэг  “Харвони” эмийг 10 орчим ам.доллараар зарж эхэлжээ. Энэ нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн яриад байсан “99 хувийн хөнгөлөлт”-ийн нэг хэлбэр.  Түүний 2013 оноос эхлэн ярьсан 99 хувийн хөнгөлөлт өөрийнх нь олж ирсэн купон биш бололтой. “Glide science” компаниас манайх шиг орнуудад бүтээгдэхүүнээ хямд үнээр зарах бодлого баримталсны  үр дүн аж. Тэгтэл манайд юу болсон бэ?“Софосбувир” эмийг 1800 ам.доллараар борлуулах гэсэн Ж.Амарсанаагийн саналыг  салбар яам нь зөвшөөрөлгүй цаг хугацаа алдсан. Гэтэл 2013 онд зах зээлд гарсан тус эмийг Египетэд жилийн дараа худалдаанд гаргасан байх аж. Харин Монголд 2013 оноос эхлэн ярьж, 2015 онд борлуулсан байх жишээний. Тэр үед элэгний эмчилгээ шаардлагатай 52 мянган хүн байсныг судалгаанаас харж болно. Дотооддоо хувийн эрх ашгаа хамгаалсны гайгаар хэчнээн хүн хохирсон бол. “Glide Science” компани “Харвони” эмийг хэд дахин хямд үнээр зарж буйн цаад шалтгаан нь 1997 оны Өмнөд Африкийн ДОХ-ын шуугиантай холбогддог. Тухайн үед ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй шинэ эмнүүдийг Өмнөд Африкт өндөр үнээр зарж байсан юм. Өмнөд Африк ДОХ-ын халдвар авсан хүний тоогоор дэлхийд тэргүүлдэг. Эмийн компаниуд үнээ бууруулахгүй байсан учраас тус улсын Засгийн газар ДОХ-ын шинэ эмийн найрлагатай яг ижил хуурамч эмийг дотооддоо үйлдвэрлэхийг зөвшөөрчээ. Үр дүнд нь шинжлэх ухааны нээлт болсон мөнөөх өндөр үнэтэй эмийг хэн дуртай нь үйлдвэрлэж, үнэгүйдүүлж болохыг тэд ойлгосон байна. Тиймээс ч “Glide Science” компани элэгний С вирусийн халдвар ихтэй орнуудад хатуу хяналт дор хямдаар эмээ борлуулахаар шийдсэн бололтой. Ингэснээр хуурамч эмийн зах зээл өргөжихөөс хамгаалж буй хэрэг. Түүнчлэн “Glide Science” Америкт төвтэй “Mylan” компанид “Харвони” эмийн патент болон технологийг 2016 онд зарсан байдаг. Ингээд худалдан авах чадвар багатай 91 орны иргэд “Харвони”-гийн энэтхэг ихэр “Ледвир”-ийг хямд үнээр худалдан авах боломжтой болсон. Энэхүү 91 орны тоонд манайх багтсан учраас “Монгол эм импекс” компани дээр дурдсан “Ледвир” эмийг 750 ам.доллараар борлуулж байгаа юм.  “Glide Science” компани өөрсдөө болон бусад үйлдвэрт патентаа зарах замаар, хатуу хяналт дор “Харвони” эмийг хямд үнээр манайх шиг орнуудад борлуулж буйгаа нийгмийн хариуцлагатай холбон тайлбарладаг. Энэ нь эргээд манайх шиг харьцангуй буурай орны иргэдэд эргэлзээ төрүүлж, туршилтынх гэх мэт маргаан мэтгэлцээнийг араасаа дагуулаад байгаа юм. Угтаа “99 хувь”-ийн хөнгөлөлтийн хөтөлбөр нийгмийн хариуцлага нэрийн дор АНУ тэргүүтэй худалдан авах чадвар сайтай орны зах зээлээ хамгаалж байгаа зайлшгүй арга хэмжээ юм. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
48
49
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.