Европын Холбоо татварын “диваажин” болсон улс орон, бүс нутгийн "хар жагсаалт"-ыг өнгөрсөн сард дэлгэсний дотор Монгол Улсыг багтаагаад байсан билээ. Тэгвэл манай улс албан ёсоор энэ жагсаалтаас гарсан тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Уг жагсаалтад багтсан 17 улсаас Монгол болон бусад долоон улсыг Европын Холбоо татвараас зугтагсдад ээлтэй орнуудын “хар жагсаалт”-аас хасахаар төлөвлөж байгааг “Ройтерс” агентлаг саяхан мэдээлж байсан нь ийнхүү биелэлээ олжээ. Тэдгээр улсууд нь Өмнөд Солонгос, Панам, АНЭУ, Барбадос, Гренад, Макао, Тунис юм.
“Монгол Улс татварын зорилгоор мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлын Дэлхийн форумын гишүүн биш. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан татварын асуудлаарх харилцан туслах олон талт конвенцид нэгдээгүй. Үүнээс гадна "Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах" асуудалтай тэмцэх, энэ талаарх стандарт бодлогуудыг хэрэгжүүлдэггүй зэрэг нь Монгол Улс энэ жагсаалтад багтах шалтгаан болсон” гэж Европын Холбоо тайландаа тусгасан байсан. Үүний хариуд Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг байгууллага”-д элсэн орох тухай хүсэлт гаргахаар шийдвэрлэсэн билээ.