UBLife Logo
Humans of UB

Humans of UB | Кэмбрижтэй эхлүүлсэн шинэ хамтын ажиллагаа

Ж.Хулан
Ж.Хулан
Humans of UB | Кэмбрижтэй эхлүүлсэн шинэ хамтын ажиллагаа

УИХТГ-ын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн нь дэлхийд тэргүүлэгч Кэмбрижийн их сургууль дахь Монгол болон Өвөр Ази судлалын тэнхимтэй хамтран ажиллах санамж бичгийг 2025 оны 5 дугаар сарын 16-нд байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын орчин үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргалтад нотолгоонд суурилсан судалгааг түлхүү ашиглах, улмаар парламентын бодлого боловсруулах үйл явцыг сайжруулахад чухал алхам болж байна.

Энэ үеэр Кэмбрижийн их сургуульд ажилласан төлөөлөл болон тус сургуульд судалгааны ажлаа хийж буй мэргэжилтнүүдтэй ярилцлаа.

Д.Бумдарь, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор

Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалангийн энэ оны гуравдугаар сард хийсэн айлчлалын хүрээнд хийгдэж байгаа нэгэн ажил нь Кэмбриж дэх Монгол болон Өвөр Ази судлалын төвтэй Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран ажиллах байлаа. Бид өнөөдөр /2025.05.16/ тус тэнхимтэй хамтын ажиллагааны санамж бичгээ байгууллаа.

Англид байгаа монгол судлалын ганц төв болсон энэ тэнхимийн үйл ажиллагаанд монгол судлаачид хамтарч ажиллах нь чухал ач холбогдолтой. Энд хийгдэж байгаа судалгааг орчин үеийн шийдвэр гаргалт, бодлого боловсруулалт, хууль тогтоомжийн өөрчлөлт зэрэгт суурь судалгаа болгон ашиглах, хамтарсан судалгаа хийх боломж бий болох юм. Нөгөө талаар хамтын бүтээл хийх, судалгааны болон бусад төрлийн хэвлэмэл бүтээлийг хамтарч зохиох нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Мөн олон улсад танигдсан, өндөрт эрэмбэлэгддэг Кэмбрижийн их сургуультай харилцан судлаач солилцох, тэдний судалгааны ур чадвар, арга барилаас суралцах нь чухал байгаа юм.

Кэмбрижийн Монгол болон Өвөр Ази судлалын төв нь олон улсад Монголын талаарх үнэн, бодит, нотолгоонд суурилсан мэдээллийг академик түвшинд түгээх хамгийн чухал бааз суурь болдог. Энэ төвд одоогоор соёл, антропологийн судалгаа түлхүү хийгдэж байна. Үүнийг орчин цагийн монгол судлалын чиглэлээр баяжуулан өргөжүүлэхэд бид мөн чармайлт гаргах шаардлагатай. 

Түүнчлэн биечлэн болон цахим орчинд хамтран ажиллах нөхцөл бүрдсэн нь ч бидэнд шинэ боломж нээж байна. Нийгмийн ухааны салбарын хувьд энэ бол олзуурхууштай, суралцах, хамтран ажиллах сайхан боломж гэж үзэж байна.

Д.Амаржаргал, ПИН ОУТББ-ын Хөтөлбөрийн захирал, доктор

Би Монголдоо агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж, эрүүл мэндийн бодлогын чиглэлээр ажилладаг. Одоогоор Кэмбрижийн Монгол судлалын төвд зочин судлаачаар ирж ажиллаж байна. Өнөөдөр УИХТГ-ын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн нь уг төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанд талархалтай хандаж байна. Би өөрөө эрүүл мэндийн бодлогын судалгаа хийж байсан, мөн Парламентын судалгааны хүрээлэнд ч судлаачаар ажиллаж байсны хувьд энэ үйл явдлыг судлаачид хоорондоо туршлага солилцох, гарсан бүтээлээ харилцан эргэлтэд оруулах онцгой боломж гэж бодож байна. Мөн илүү олон хүнд судалгааны бүтээлээ танилцуулах, үр дүнг нь хүргэхэд Кэмбрижийн платформоор дамжуулах нь маш чухал. Учир нь, судалгаа гэдэг зөвхөн монгол хэлээр хийгээд Монголд л гараад байвал тэр хэрээр хүртээмж нь хумигдмал. Харин жишээ нь, ирэх жил COP-17 арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа Монгол Улсын хувьд ийм олон улсын түвшний яриа, хэлэлцээр хийх гэж байгаа үед өндөр түвшний судалгаа, шинжилгээ шаардагдах нь гарцаагүй юм. Тэр дундаа Кэмбрижийн их сургууль зэрэг олон улсын тавцанд нэр хүндтэй талбарт бичигдэж байж өндөр түвшний яриа, хэлэлцээрт оролцох нөхцөл нь бүрдэх юм. 

Монголд судалгааны өгөгдөл маш их байдаг. Харин үүнийг нээлттэй тавьж, эргэлтэд оруулж, зөв анализ хийж бодлогын хэмжээнд ашиглах боломж нь бага байдаг. Харин өнөөдрийн хамтын ажиллагааны хүрээнд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн зэрэг бодлого боловсруулагчидтай шууд харилцдаг ийм байгууллагаар дамжуулж хүргэх нь их чухал.

Г.Ундрал, ЮНЕСКО-гийн Зүүн өмнөд Азийн бүс нутгийн салбар дахь Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

Миний хувьд Кэмбрижэд богино хугацааны зочин судлаачаар ирээд өөрийн хийдэг ажилтай холбоотой буюу хиймэл оюуны бодлого, түүний нийгмийн нөлөөллийн чиглэлээр судалгаа хийж байна. Өөрөөр хэлбэл дижитал шилжилт нь нийгмийн хувьсал өөрчлөлтөд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг судлах, үүнийг олон улсын бодлогын жишээ болон Монгол Улсын бодлоготой харьцуулсан байдлаар судалж байгаа юм.

Кэмбрижийн Монгол судлалын төв яах аргагүй монголчуудад ээлтэй газар. Зөвхөн монгол төдийгүй өвөрмонгол, буриад, төвөд судлаачид ирэхийн зэрэгцээ англи судлаачид ч бас ажилладаг. Энэ хүмүүстэй санал солилцож, судалгаагаа хөгжүүлээд явах нь их үр дүнтэй. Түүнчлэн Монголд маш элэгтэй, дотно хүмүүс цугладаг сайхан орчин бүрджээ.

Миний хувьд өмнө нь Оксфордын их сургууль төгссөн тул Английн боловсролын тогтолцооны талаар ойлголт, мэдлэгтэй. Кэмбрижэд зочин судлаачаар ажиллаад судалгааны мэдээлэл, ярилцлага аваахаар эх сурвалжуудтай холбогдоход маш уриалгахан, нээлттэйгээр ханддаг нь давуу тал болдог. Дэлхийд нэр хүндтэй сургууль учраас хүмүүс таатай хүлээж авна, мөн эндэхийн өөрийн эх сурвалж, баазын нөөц маш арвин. Монгол, англи хэлээр баргийн их сургуульд байхгүй өргөн сан, эх сурвалж энд хадгалаатай бий. Энд ирсэн монгол судлаачид энэ бүхнийг ашиглахад бүрэн нээлттэй байгаа нь маш тус дөхөм болдог. 

С.Энхбат, Кэмбрижийн их сургуулийн судлаач  

Би Монгол судлалын төвд ирээд жил гаруй ажиллаж, Монголын мал аж ахуй, тэр дундаа монгол махны талаар судалгаа хийж байна. Монголд махны талаар тоон судалгаа маш их байдаг ч яг мөн чанарын талаар буюу монгол махны онцлог, үнэ цэнийн талаар хийсэн судалгаа хомс байдаг. Орчин үед дэлхий даяар махны хэрэглээ өөрчлөгдөж фермд үржүүлсэн махнаас бэлчээрийн буюу байгалийн ургамал идсэн, эрх чөлөөтэй, дураараа бэлчиж яваа малын мах илүү үнэ цэнтэй болж байгаа энэ үед академик салбарт монгол малын махны онцлогийг хүргэх зорилготой ажиллаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газарт бодлогын зөвлөмж хүргэхэд нэмэр болох сон гэх үүднээс энэ судалгааны төсөл маань хэрэгжиж байгаа. 

Монгол судлалын төвд үүнээс гадна олон судалгаа хийгддэг. Тухайлбал, улс төр, нийгэм, соёлын судалгаа их хийгдэж, түүнийгээ хэлэлцүүлж байна. Үүнийг дагаад энд академик салбарын маш их нөөц хуримтлагдаж байгаа бөгөөд оюуны энэ их нөөц, боломжийг Монголд хүргэх, ашиглах тал дээр ч их нээлттэй ханддаг юм байна гэдгийг энд ирээд харж байна. 

Дэлхийд нэр хүндтэй их сургуульд Монголтой холбоотой өргөн судалгаа хийж байгаа нь бахархууштай хэрэг. Эдгээрийг бид илүү сайн хөгжүүлээд, үр шимийг нь хүртэх чухал гэж бодож байна. Мөн сүүлийн жилүүдэд зочин судлаачид хүлээн авах болсон. Богино хугацааны зочин судлаачид нь өөрийн судалгааг өргөжүүлэх, хэлэлцүүлэх, академик салбарт нэвтрэх маш таатай боломж болж өгдөг. Энэ хүрээнд энэ хичээлийн улиралд л гэхэд 3-4 судлаач ирж байгаа нь хамгийн олон тоогоор ирсэн тохиолдол боллоо. Цаашид хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр энэ боломж улам нэмэгдэнэ гэж бодож байна. Тиймээс судалгаагаа өргөжүүлэх сонирхолтой хүмүүс байвал журмын дагуу хүсэлтээ гаргаад ирэхэд нээлттэй байдаг юм байна шүү гэдгийг хэлье. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.