UBLife Logo
Humans of UB
Humans of UB | Г.Төгөлдөр-Эрдэнэ: Үзэсгэлэн гоог гагцхүү дуу хөгжим л мэдрүүлдэг

Humans of UB | Г.Төгөлдөр-Эрдэнэ: Үзэсгэлэн гоог гагцхүү дуу хөгжим л мэдрүүлдэг

Хүний амьдралыг зургийн дэвтэр гэж үзвэл дуу хөгжим түүнд өнгө будаг нэмж, орчлон ертөнцөд оршин буйгаа мэдрэх олон мэдрэмжүүдийг хөглөж байдаг. Биднийг тойрон хүрээлж буй юмс үзэгдлийг бид харилцан адилгүй хүртэж ойлгодог шиг Г.Төгөлдөр-Эрдэнийн хувьд үзэсгэлэн гоо гэдэг харахад бус сонсоход мэдрэгддэг зүйл ажээ. Ая, хэмнэл бүр түүний төсөөллийн хаалгыг нээж, амьдралын олон өнгийг тодруулдаг. Тэр бүгдийг сонсогчдодоо хүргэж, дуу хөгжимд амьдралаа зориулахаар шулуудсан тэр бидэнд өөрийн түүхээ хуваалцлаа. 

***

Нүдээ анимагц бодолд буй бүх зүйл яг кино шиг бодитой төсөөлөгддөг. Аав маань намайг бага байхад үлгэр их уншиж өгдөг байлаа. Унтахаасаа өмнө сонссон үлгэрүүдээ дотроо зураглаж, бодож байгаад унтдаг байсан болохоор ч тэр юм уу өөрийгөө төсөөлөл сайтай гэж боддог. Аавын талын хамаатнууд бүгдээрээ, аав өөрөө ч  урлаг соёлтой амьдралаараа холбогдсон, хөгжмийн улс. Эмээ төгөлдөр хуурын багш, өвөө маань харин “төгс сонсголтой” гэхэд хилсдэхгүй асар өндөр хөгжмийн мэдрэмжтэй хүн. Хаа нэгтээгээс авиа, чимээ сонстоход л өвөө шууд “Аан энэ чинь ийм нот байна” гээд оноод хэлчихдэг. Эмээ надад төгөлдөр хуур заах гэж нэлээд үзэж тарсан ч сонгодог хөгжим гэдэг миний сонирхол яав ч биш байсан. Харин аав маань “Linkin Park” их сонсдог, дуулдаг байсан болохоор ухаан орсон цагаасаа л рок хөгжимтэй холбогдсон гэж хэлж болно. 

Хүүхэд насаа эргээд бодоход аавтай холбоотой дурсамжууд их бий. Сайнтай, муутай яг л эн тэнцүү. Аав залуудаа их авьяаслаг, урлагийн хүн гэдгээрээ сайрхдаг, ер нь онгироо байрын хүн байсан юм л даа. Архи уучихаад л ороод ирнэ, ээжийн нулимсыг аав мөн ч их үзсэн. Ээжийгээ уйлахыг харах бүртээ юу ч хийж чадахгүй, хамгаалж чадахгүй байгаадаа өөрийгөө их буруутгадаг байлаа. Орой болохоор “За аав өнөөдөр уусан болов уу, өнөөдөр бас яаж ээжтэй хэрэлдэх юм бол” гээд л түгшээд эхэлнэ. Аав ээж хоёр салахад за одоо л нэг хэрүүл уруулгүй тайван амьдрах нь гэж бодсон ч аавыгаа санах үе олон. Хөвгүүдтэй ам мурийх, хайр дурлал болж бүтэхгүй байх үед ч юм уу аавын түшиг тулгуур, зөвлөгөө бишгүй үгүйлэгдэнэ. Гэхдээ ээжтэйгээ их ярилцдаг, зүү орох зайгүй дотно өссөн болохоор хайраар бол дутаагүй ээ. Одоо бодоход хүүхэд насны дурсамжууд хүнийг бие хүн болж төлөвшихөд их нөлөөлдөг юм билээ. Хүүхэд байхаас л түгшилт, ургуулан бодох зэрэг үйлдлүүд надад суучихсан болохоор одоо ч тэр нь хэвээрээ үлдчихсэн юм шиг. Яг үнэндээ бидний санаа зовнидог, ургуулж боддог асуудлуудын 99 хувь нь бараг л тохиолддоггүй шүү дээ. Саяхан “Айдсаа даван туулмаар, тулгарсан асуудлаа шийдмээр байвал асуудлынхаа уг үндсийг мэд, тэгээд айдсаа хүлээн зөвшөөр” гэж нэг номноос уншсан юм. Хэцүү, хар бараан дурсамжуудаа сэтгэлээсээ тавьж явуулахад аавыгаа уучилсан маань их нөлөөлсөн. Ингэж хэлэхэд жаахан эвгүй ч хүүхэд насны дурсамжууд минь төсөөлөл сайтай, хөгжмийн мэдрэмжтэй  бас түгшилттэй өнөөдрийн Төгөлдөр-Эрдэнэ гэдэг залууг бүтээсэн байна даа. 

***

Наймдугаар ангид ордог жилээ рок хамтлагууд их сонсож эхэлсэн. Үеэл маань надад “Green Day” хамтлагийн “21 guns’’ дууг анх сонсгоход үгээр илэрхийлэхээргүй хачин гоё мэдрэмж төрж билээ. Тэрнээс өмнө поп хөгжимөөр хэдэн жил чихээ “угжчихсан” байсан болоод ч юм уу, тэр дууг сонсоод л “өө би чинь уул нь рок сонсдог хүн шүү дээ” гэж бодож байлаа. “Linkin Park”, “Green Day”-ийн концертийн бичлэгүүдийг үзээд л дагаж дуулна, өөрийгөө гитар барьчихсан рок од мэтээр төсөөлөөд л... Гудамжаар алхаж байхдаа метал сонсохоор лаг мэдрэмж төрнө өө, бас. “Deftones”, Канье Уэст гээд тоочоод байвал дуусахгүй олон гайхалтай уран бүтээлчидтэй нэг цаг үед амьдарч, уран бүтээлийг нь сонсож байна гэдэгтээ талархаад барамгүй. Сансар огторгуйд хөвж байгаа ч юм шиг, янз бүрийн олон мэдрэмжийг дуу хөгжмөөс авдаг. Үзэсгэлэн гоог гагцхүү хөгжим л мэдрүүлдэг. Канье Уэстийн ‘’Devil in a new dress” дууг онцломоор байна. Өнгөрсөн жил ганцаараа багахан хугацааг өнгөрүүлэхийг хүсээд зуны байшиндаа очиж гал түлээд, мах чанаж идчихээд орой нар жаргахын алдад ойролцоох ууланд гарахдаа энэ дууг сонссон юм. Харсан зүг бүрт нүдэнд туссан бүх зүйл дэндүү үзэсгэлэнтэй харагдаад л, эд эс бүхнээрээ амьдралын сайхныг энэ дуутай цуг тэр л мөчид мэдэрсэн. Гоё хөгжим сонсохоороо сэтгэл хөдлөлөө барьж дийлдэггүй юм. Автобусанд явж байхдаа сонсож байсан дуундаа сэтгэл хөдлөөд эхэр татан уйлж байсан тохиолдол ч бий. Мэдрэмтгий хүмүүс их мэдрэмжтэй байдаг л даа /инээв/. Ер нь л дуу хөгжим бидний амьдралд байдагт маш их талархдаг. 

Амьд хөгжимд хэдэн жил дурлаж хурууныхаа өндгийг эвэрштэл гитар нухсаны эцэст гитар гайгүй дардаг болчихлоо, бөмбөр ч бас хөөрхөн тоглоод сурчихлаа. Гэртээ хоолойгоо сөөтөл орилж чарласны хүчинд чамгүй дуулдаг ч болчихлоо шүү. Тухайн үед “The Colors”, “The Lemons” зэрэг хамтлаг амьд хөгжмийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө байлдан дагуулж байсан тул адил жанрын инди хамтлагууд ч олон байгуулагдаж байсныг санадаг юм. Үе тэнгийн авъяаслаг хүүхдүүд яагаад ч юм бүгд инди л тоглоно. Ингээд 2018 онд өөрөө хамтлагтай болох хэрэгтэй юм байна гэж шулуудаад, бөмбөрчин, одоогийн “Blindfold”-ийн ахлагч Э.Оргилтой цуг хамтлагаа байгуулж байлаа. Бид хоёр “За ерөөсөө л энэ олон инди хамтлагуудаас эрс өөр, Монголын хамгийн эрч хүчтэй, галзуу рок хамтлаг байгуулъя” гэж л зорьсон. Энэ зорилго маань цаашлаад дэлхийд гарах хэрэгтэй гэсэн асар том хүсэл, амбийцийг өгсөн юм. Асар их авъяастай, гоё уран бүтээл туурвидаг хамтлагууд, дуучдыг олон улсын тавцанд гаръя гэж яагаад зорьдоггүй юм бол гэж хааяа их гайхдаг байлаа. Хүний амьдрал л болсон хойно ар гэр, ажил амьдралдаа анхаарахаас өөр аргагүй болоод хөгжмөө орхиж байгаа хүмүүс бий л дээ. Бидэнд Монголдоо алдартай хамтлаг болохсон гэсэн хүсэл мэдээж байсан ч зөвхөн Монгол гэдгээр өөрсдийгөө хайрцаглахыг хүсээгүй.

Учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд байхдаа хөлөө олох гэж их хөглөсөн шүү. Ах нарын бэлтгэлийн байранд очиж ганц хоёр цаг бэлтгэлээ хийнэ, хувхай хоосон хоолны мөнгөгүй болох үеүд ч бас тохиолдоно, за тэгээд бараг зоорь шиг өрөөнд хүртэл бээрэх шахам бэлтгэлээ хийсэн өдрүүд ч байна. Бэлтгэл хийнэ гэсэн нэрийдлээр арван жилийн хүүхдүүд хааяа гадуур тэнэнэ, архи дарс эргүүлж гэрийнхнийхээ чихнээс хонх уядаг ч байлаа. Гэхдээ энэ долоон жилийн хугацаанд алдаж оносон үеүд олон байгаа ч зорилгоосоо бол хазайгаагүй ээ. Анх хамтлаг байгуулснаас хойш олон ч гишүүн орсон бас гарсан. Эхний өдрөөс цуг байсан, “Blindfold”-ийн түүхийг хамтдаа бичсэн хүмүүстээ маш их талархдаг. Манай хамтлагийнхан цөм нэг зорилгын төлөө шулуудсан, дуу хөгжимд амьдралаа зориулъя гээд сэтгэл зүрхээрээ нийлсэн хүмүүс. Халаас хоосон, бүтэлгүйтсэн, гишүүд солигдсон гээд л сайн муу олон зүйлсийг хамтдаа даван туулсан болохоор амьдралын найзууд ч болж чадсан. Ер нь хамтлаг гэдэг чинь хамтаараа, цугтаа лаг байхын нэр шүү дээ. Нэгнийхээ бүтээлч байдал, шинэ санаанд хүндэтгэлтэй хандах, гэр бүл шигээ хайрлах, ойлголцох, “би” гэсэн эгогоо дарах л хамтаараа лаг байхад хамгийн чухал зүйл. 

Манай найзууд, танилууд маань надад “Тайзан дээр чи бүр шал өөр Төөгөө болчих юм аа” гэж их хэлдэг. Коби Брайнт сагсны талбайд “Хар Мамба” гэх алтер эгогоо гаргаж тэс өөр дүр, сэтгэл зүйтэй болдог гэж уншиж байсан юм. Бодоод үзэхэд би ч бас түүнтэй адил юм шиг санагдсан. Тайзан дээр гарлаа, микрофоноо барилаа, хөгжим дуугарч эхлэлээ л бол хүчин чармайлт гаргах шаардлагагүйгээр өөрийнхөө хамгийн чөлөөтэй, эрч хүчтэй, “галзуу” дүрийг мэдэрдэг. Тийм байх нь ч надад маш их таалагддаг. Начиртаа бол Төгөлдөр-Эрдэнэ дотогшоо зан чанартай, заримдаа олон хүний дунд орохоороо түгшдэг, дуугүй байрын хүн шүү дээ. Сүүлийн үед энэ түгшдэг байдлаа дарахаар их оролдож байна. Юмсыг байгаагаар нь хүлээж авч, хүнтэй ярилцахаас эмээж зайлсхийдэг байдлаасаа алгуур холдож эхэлснээр илүү тайван болж байгаа. Тайзан дээр нэг л их сагсуу, орилсон хүн шиг харагддаг ч уг нь их найрсаг, шогч хүн шүү.

Амьд хөгжим сонсдог, тоглодог хүмүүсийг болж бүтэхгүй, хар тамхичид гэж буруугаар ойлгох нь элбэг. Тайзан дээр бид тоглож байгаа хөгжмөө яаж бие сэтгэлээрээ мэдэрч байна яг л түүнийгээ илэрхийлж, сонсож байгаа хүмүүстээ өөрсдийнхөө мэдрэмжийг хүргэхийг зорьдог. Үүнээс болоод зарим хүн манай хамтлагийнхныг мансуурчихаад тайзан дээр гардаг, жинхэнэ бүтэхгүй гарууд гэж ярихыг цөөнгүй сонссон. Гэтэл бидэн дунд мансуурах нь бүү хэл хар тамхи сонирхож, хэрэглэж үзсэн хүн ч байхгүй. Рок дуу хөгжим тоглодог, дуулдаг болохоор муу хүн гэсэн үг биш шүү дээ. Бид зүгээр л мэдрэмжээ хөгжмөөрөө илэрхийлэхийг хүсдэг хүмүүс. Ердөө л энэ. 

Уран бүтээлчийн онгод, дуу шүлэгний утга гэдэг дэгсдүүлсэн, явцуу ойлголт юм шиг санагддаг. Аливаа дуу, уран бүтээл бүтэх үйл явц ер нь маш тааварлашгүй л дээ. Зургаан өөр хүний сэтгэсэн зүйл, харах өнцөг, мэдрэмж тэс ондоо. Тэр бүгдийг нийлүүлж, мэдрэмжүүдээ шигтгэж байж дуу бүтдэг. Харин дууны шүлэгний хувьд бол би их бичих дуртай хүн. Бичихээр толгойд байгаа асар олон замбараагүй, тархинаас халих нь холгүй байсан бодлууд цэгцрээд, тайвшрал мэдрэгддэг юм. Төсөөлж, ургуулж бодохдоо гаргуудыг ч хэлэх үү мэдрэмжээ цаасан дээр буулгах, цаашлаад хөгжимтэй хоршуулж илэрхийлэх үнэхээр сайхан. Заримдаа ямар ч утгагүй, баллаж сохлоод биччихсэн зүйлсээ хөгжимтэй холбохоор аятайхан сонсогдож байх жишээний. Үнэхээр нэг санааг илэрхийлэхийг зорьсон, утга учиртай дуунууд ч байна. Зүйрлэл ашиглаж, үгийн тоглолт хийж бичих их дуртай. Сонссон, уншсан бүхнээ мэдрэх, ойлгох бол асар сонирхолтой үйл болохоор манай уран бүтээлийг сонсоод сонсогчид маань өөрсдийнхөөрөө ойлгож, мэдрээсэй гэж хүсдэг. Хүн бүрийн юмсыг хүлээж авах нь харилцан адилгүй тул ямарваа нэг утга санаанд баригдалгүйгээр, сонсогчдодоо тодорхой хэмжээний төсөөлөл, бодрол үлдээхийг их хичээдэг.

Хорь, гучин жилийн дараа мэдрэмжээ дуу хөгжмөөрөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг уран бүтээлч болсон байгаасай гэж хүсдэг. Хэчнээн урт хугацаа зарцуулах нь хамаагүй. Үнэнээрээ, өөрсдийнхөөрөө, зөв замаар явбал алдар нэр, амжилт, эд баялагийг хүртэх нь мэдээж. Гэхдээ туйлын зорилго бол би өөрийнхөө зохиосон дууг дуулж байхдаа өөрийгөө бүрэн мэдэрдэг, хүмүүс ч бас сонсоод сэтгэл нь хөдөлдөг, мэдрэмжээ асгадаг байгаасай л гэдэг юм. Хүмүүс юу гэж ойлгох нь чухал биш, яагаад гэвэл өөрсдийнхөөрөө л хүлээж авна шүү дээ. Би, бид өөрсдийнхөө дотор буй жаргал, гуниг, догдлолоо элдэв хачиргүйгээр, оршин буйгаар нь л хөгжмөөрөө илэрхийлж чаддаг болчихвол л болох нь тэр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Humans of UB | Б.Ивээл: Цохилж буй хотын гүн рүү

Humans of UB | Б.Ивээл: Цохилж буй хотын гүн рүү

Биднийг тойрон хүрээлэх өндөр нам олон барилгууд, алхаж буй зам, амьдарч буй хот амьдралын хэмнэл, сэтгэл зүйд нөлөөлж байдаг ажээ. Хот судлаач Б.Ивээл 25 жилийн турш Берлин хотод ажиллаж, амьдарсан бөгөөд удаан хугацааны дараа Монголдоо ирээд анзаарсан, мэдэрсэн зүйлсээ, хот төлөвлөлт хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай, өөрийн туршлагаасаа хуваалцсаныг уншигчдадаа хүргэж байна.