UBLife Logo
Humans of UB

Humans of UB | “The media show-2024” эвентийн илтгэгчид юуг онцолсон бэ?

Humans of UB | “The media show-2024” эвентийн илтгэгчид юуг онцолсон бэ?

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “The media show” эвентийн өнгөрсөн жилийн илтгэгчид юуг онцолж байсныг сонирхоцгооё. Энэ жил бидний уулзах өдөр 11-р сарын 15 буюу энэ бямба гараг байх болно.


“Монголын баримт шалгах төв”-ийн Ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг

Оролцогчдын хувьд шинэлэг байгаа нь таалагдаж байна. Танхимын 60-70 хувийг оюутан, залуу сэтгүүлчид эзэлж байх шиг байна. Эдгээр хүмүүс медиа салбартаа ямар шинэ хандлага орж ирж байгааг сонирхохоор ирсэн байгаа нь хамгийн их таалагдлаа. Илтгэгчдийн хувьд сэтгэл маш их хөдөлгөлөө. Нээлтийн үзвэр болсон баримтат киног үзээд бүр уйлсан шүү. Б.Энхцэцэгийн хөргийн тухай илтгэлийг бичиж, тэмдэглэсэн. Олон жил ажилласан ч гэсэн өөрийн гэсэн арга барилынхаа яг юун дээр алддаг зэрэгт сурах зүйл их байсан.

Манайх Монголд анх удаа баримт шалгах олон улсын сүлжээний стандартыг оруулж ирсэн. Нэмээд сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга буюу JTI стандартыг хангалаа. Энэ нь манайх зөвхөн баримт шалгах байгууллага гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйн мэдэгдэхүүнүүд яаж өөрчлөгдөж байна, хэвлэл мэдээллийн салбар хэрхэн зөв, буруу явж байна, яаж бужигнаж байна гэх мэтчилэн олон жилийн ажиглалтаасаа үүдсэн туршлага дээр нэмээд сэтгүүл зүйн ил тод, хараат бус байдлыг яаж хангах вэ, яаж стандартын дагуу хөгжүүлэх вэ гэдэг анхны үүд хаалгыг нээж өгсөн байх гэж найдаж байна. Стандарт хангасан олон байгууллага ар араасаа гарч ирээд Монголын хэвлэл мэдээллийн орчныг ил тодоор харуулж олон нийтийн төлөөх үйл ажиллагаагаа эхлүүлэх байх гэж найдаж байна.

Child.mn сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч А.Уянга

“The media show”-г би үнэхээр хүлээдэг. Азийн хэмжээний медиа старт-апуудыг цуглуулдаг “Splice Beta” гэж Тайландад болдог арга хэмжээ бий. Чианг Майд энэ жил 3 дахь удаагаа болсон байх. Би тийшээ өмнөх 2 жил явсан. Тэнд сэтгүүл зүйн салбарынхан зовлон жаргалаа ярилцаж, туршлага хуваалцдаг юм. Ярилцах хэрэгцээ маш их байгааг мэдэрсэн. Энэ арга хэмжээнд оролцоод дараагийнхаа төслийн санааг олдог ч юм уу, эсвэл бусдынхаа сайн сайхан явж буйг хараад шинэ санаа, урам зориг олж авдаг. Тийм учраас “The media show”-г жил бүр зохион байгуулах шаардлагатай арга хэмжээнүүдийн нэг. Бусад илтгэгч нар маш мундаг зүйлс ярьж байна. Би сайтаа нээгээд хоёрхон сар болж байгаа учраас эхлүүлэхийн тулд юуг туулснаа хуваалцлаа. Хүмүүс гоё хүлээж авлаа.

Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд төрөлжиж байгаа нялх нярай медиагаа маш сайн дэмждэг. Уулзалт зохион байгуулахад хорь гучуулаа хүрээд л ирдэг. Хүмүүс сэтгүүл зүйн салбарыг сөрөг байдлаар хардаг ч дотроо эв найрамдалтай, нэгдэлтэй, сайн сэтгүүл зүйг бүтээе гэсэн чин сэтгэлтэй гэж боддог. Энэ бол миний анзаарсан хамгийн гоё зүйл нь байлаа.

Ub.life, ‘Гэрэг’ сэтгүүлийн тоймч, сэтгүүлч Б.Энхцэцэг

Өнөөдрийн арга хэмжээ маш их идэвхтэй болж байна. Бүгд үнэн сэтгэлээсээ тойрон хүрээлсэн халуун, дотно уур амьсгал дунд чин сэтгэлийн яриатай, чих дэлссэн уулзалт болж байна. Надад танхимын уур амьсгал хамгийн сайхан санагдлаа. Залуу сэтгүүлчид, мэргэжлийнхний татагдан оролцдог “The media show” уламжлал болох нь тодорхой болчихлоо. Медиа салбарынхан болон медиад оролцдог бүх талынхан маань үүнээс хойш юуг даган дуурайх, бид юуны тухай ярилцах вэ гэхчлэн нийгмийн хэлэлцүүлгийг өрнүүлэх ёстой, татагдан оролцох ёстой хүмүүс үүргээ ухамсарлах байх. “Одоогийн хэвлэл мэдээлэл”, “Одоогийн сэтгүүлчид” гэдэг яриа хөөрөө цэгцрэх боломжийг бүрдүүлэх өргөн хүрээний хэлэлцүүлэг юм байна. Надад маш их таалагдлаа, дараа нь идэвхтэй оролцоход бэлэн байна.

“Unread” медиа компанийн Ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ

Хорвоо ертөнц хурдтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд манлайлж оролцох нь медиа салбар. Энэ салбар бараг бүгдээс илүү хурдтай өөрчлөгдөж байгаа байх. Тэгэхээр бид нар салбараараа жилдээ нэг цуглараад ярилцана гэдэг сайны дохио болов уу. Ийм индэр бий болгосон зохион байгуулагчдадаа баярлалаа. Өнөөдөр илтгэгч нарыг сонсоход энд тэндгүй салбар бүрт зөв гэсэн зүйлсээ хийж байгаа нь сайхан санагдлаа. Бүтэн өдөржин том зургаараа ярилцах хэрэгтэй гэж бодлоо. Дараа дараагийн “The media show”-д тийм боломж нь гарах байх.

Хүмүүс унших ёстой, редакцууд бичих ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Энэ соёлыг түгээх хамгийн зөв хэлбэр бол сонины формат. Залуу хүмүүсийн хувьд ямар сониныг уншихыг хүсдэг билээ, бид нар ямар сонин байвал сторидоо хийх билээ гэдгийг бодолцоод, долоо хоног тутмын сониноо гаргасан. Одоо 12 дахь дугаараа гаргачихлаа. Долоо хоног тутам 6 мянган ширхэгийг хэвлүүлээд, орон даяар 100 хувь үнэгүй тарааж байгаа. Үүнийг дагаад унших соёл нэмэгдэж байгаад баяртай байна. Зөвхөн бид нарт бус медиад ажиллаж байгаа хүн бүхний ирээдүйн хэрэглэгчдийг бэлдэж буй чухал ач холбогдолтой ажил болов уу. Тэгэхээр бид нарын хийж байгаа энэ ажлын үр дүн 5 юмуу 10 жилийн дараа урт хугацаандаа харагдана байх.

“The Media Show”-г санаачлагч Ж.Хулан

“Дуулсан дуундаа өөрөө уяраад” гэдэг шиг маш гоё байна. Хөтөлбөрөө анх гаргахдаа хүмүүст яаж өгөөжтэй, хэрэгцээтэй байх вэ гэдэгт хамгийн их анхаарсан. Илтгэл тавьж байгаа хүмүүс цаг хугацаагаа зарцуулж, сэтгэл гаргаж бэлдэж өгдөг учраас тэр хэрээрээ өгөөж нь маш их байлаа. Цагаа зориулж, нэг ч гэсэн хэрэгтэй зүйлийг хүмүүст өгөх юмсан гэж зорьж ирсэн илтгэгч нартаа талархаж байна. Оролцогчид маань ч гэсэн “Гарч салхилж амжихгүй байна. Нэг зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг санагдаад хэцүү байна” гэж ярьж байна. Үүнийг бүтээсэн нь илтгэгчид маань учраас маш их баярлалаа.

“The media show”-гаараа медиагийн тухай хэлэлцүүлэг манай нийгэмд өрнөдөг байгаасай, хамтдаа илүү мэргэжлийн, чадвартай, чанартай хэвлэл мэдээллийн тухай үргэлж ярилцдаг, шинээр хийж буй зүйлсээ хоорондоо хуваалцдаг орчныг бий болгох юмсан гэж хүссэн. Энэ маань алхам алхмаар урагшилж байна. Энэ шоуг би санаачлаад, надад тусалсан олон байгууллага хамтарч бүтээж байгаа гэхээс илүүтэй энд ирж оролцоод, хэлэлцүүлгийн нэг эд эс болж байгаа хүмүүс өөрсдөө бүтээж байгаа гэдэг нь чухал. Хүмүүс ирж байна гэдэг хэлэлцүүлэг цааш өрнөнө гэсэн үг. Илүү олуулаа медиа шоутай, шоугүй ч хамаагүй энэ агуулгыг ярьдаг байхыг хүсэж байна.


The Media Show арга хэмжээний тасалбарыг эндээс аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Humans of UB | Б.Ивээл: Цохилж буй хотын гүн рүү

Humans of UB | Б.Ивээл: Цохилж буй хотын гүн рүү

Биднийг тойрон хүрээлэх өндөр нам олон барилгууд, алхаж буй зам, амьдарч буй хот амьдралын хэмнэл, сэтгэл зүйд нөлөөлж байдаг ажээ. Хот судлаач Б.Ивээл 25 жилийн турш Берлин хотод ажиллаж, амьдарсан бөгөөд удаан хугацааны дараа Монголдоо ирээд анзаарсан, мэдэрсэн зүйлсээ, хот төлөвлөлт хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай, өөрийн туршлагаасаа хуваалцсаныг уншигчдадаа хүргэж байна.