UBLife Logo
Бөх

Ч.Батзориг зааны хүү сүмод элслээ

Ч.Батзориг зааны хүү сүмод элслээ

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын хүчит заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу Японы мэргэжлийн сүмод хүч сорих гэж байна. Б.Дэнзэнсамбуу Японы “Тоттори Жёохокү” ахлах сургуульд гурван жил суралцан төгсөж, Тоттори мужийнхаа Биеийн тамир, спортын төвд ажиллаж байжээ. Одоо 20 настай Б.Дэнзэнсамбуу мэргэжлийн сүмод орохоор шийдэж, Асахияма дэвжээг сонгосон байна. Асахияма дэвжээ нь одоогоор Огүра дэвжээнд харьяалагдаж байгаа ч удахгүй тусдаа гарах гэж байгаа юм.

“Тоттори Жёохокү” сургуулиас мэргэжлийн сүмод орсон 17 дахь бөх болох  Б.Дэнзэнсамбуу тавдугаар сарын зуны тэмцээнд мэргэжлийн сүмод анхныхаа барилдааныг хийх төлөвтэй байна. Монголд байхдаа жүдо бөхөөр хичээллэж байгаад  2013 онд Японд ирсэн. 2014 онд  Японы дунд сургуулиудын тэмцээнд багаараа алт, хувиараа хүрэл медаль хүртэж байжээ. 182 см өндөр, 120 кг жинтэй. Асахияма оякатаг монголчууд сайн танина. Маэгашира цолтой байхдаа хоёр ч удаа башёд түрүүлсэн, хурц дайчин барилдаантай Котонишики түүний багш. Өнгөрсөн жил Асахияма ояката тэтгэвэртээ гарснаар хаагдсан Асахияма дэвжээг сэргээн босгох хүнд ажил түүнийг хүлээж буй. Энэ зорилгод нь туслах анхны шавь нь монгол залуу байгаа нь бахархмаар. Асахияма шавьдаа Асахирюү гэсэн нэр хайрласан байна. Асахияма Б.Дэнзэнсамбуу Тоттори мужид болсон хэвлэлийн бага хурал дээр  “Асашёорюү шиг хатуу ширүүн барилдаантай, Хакүхо шиг бүгдэд хайрлагдсан ёкозүна болохыг хүсэж байна” гэж ярьсан юм. Харин Асахияма ояката “Сүмочид дотор бол том биетэйд орохгүй. Дандаа шидэж, тонгорч, монгол мэх хийх юм бол гэмтэж бэртэх аюултай. Тиймээс түлхэж довтолдог стилийн бөх болгоно” гэж шавьдаа итгэл хүлээлгэн ярьж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
22
16
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.