UBLife Logo
Эрүүл мэнд

Ой тогтоолт САЙЖРУУЛАХ 6 арга

Ub.life
Ub.life
Ой тогтоолт САЙЖРУУЛАХ 6 арга

Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ?

Тархины үйл ажиллагаа идэр залуу насанд дээд цэгтээ тулж, түүнээс хойш нас ахихын хэрээр суларсаар зөнөгрөл рүү хөтөлдөг гэж үздэг байсан цаг саяхан. Хэдийгээр бидний одоогийн амьдралын буруу хэв маяг болох нойргүй удаан явах, хортой хүнс хэрэглэх, стресс ихтэй байх, утаатай орчинд амьдрах зэрэг нь тархины үйл ажиллагаа хурдацтайгаар буурахад маш том нөлөө үзүүлдэг ч өнөөгийн дэвшилт анагаах ухаанд амьдралын зөв хэв маягийг эрхэмлэн дагаж мөрдсөнөөр үүнээс сэргийлэх боломжтойн дээр мэдрэлийн шинэ эс үүсгэж болдгийг ч баталсан юм. Тархины ой тогтоолтын төвд мэдрэлийн шинэ эс насан туршид үүсдэг бөгөөд зөв “тохиргоог” нь хийж чадвал ерэн насанд тань ч мэдрэлийн эс үүссээр л байх боломжтой. Эдгээр тохиргооны дийлэнх нь амьдралын хэв маягтай холбоотой тул ой тогтоолтоо сайжруулахын тулд эм тан хэрэглэн, эмчилгээнд хамрагдах шаардлагагүй нь тун таатай мэдээ билээ. 

1. Зөв хооллоорой

Шинэ ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх нь чухал. Брокколи, цэцэгт байцаа, самар болон улаан маханд тархины үйл ажиллагааг хамгаалдаг бодисууд агуулагддаг бөгөөд эдгээр хүнс мэдрэлийн эс үүсэхийг дэмждэг. Амьтны өөх тосноос гарган авдаг омега 3-ын хэрэглээг мөн ихэсгэх хэрэгтэй. Боловсруулсан ургамлын тосныхоо оронд загасны тосыг хэрэглээд үзээрэй.  

2. Дасгал хөдөлгөөн хийгтүн

Дасгал хөдөлгөөн хийснээр мэдрэлийн эсүүд олширч, хоорондоо холбогдсоноор баргийн гэмтэлд өртдөггүй болдог. Ингэснээр тархи тань өөрийнхөө боломжит дээд хэмжээгээр ажиллаж чадна гэсэн үг юм. Дасгал хөдөлгөөн хийх үед тархинд мэдрэлийн эсүүдийг тэтгэгч уургууд ялгарч байдаг. Эдгээр нь мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг дэмждэг, ой тогтоолтыг сайжруулдаг бусад химийн бодисуудын үүсэлтийг өдөөдөг юм. 

3. Нэг дор олон зүйл хийдгээ болих хэрэгтэй

Нэг дор аль болох олон зүйлийг, аль болох хурдан хугацаанд амжуулахыг хичээснээрээ харин ч ажил улам удааширч, алдаа гаргах магадлал ихэсдэг байна. Судлаачдын үзэж буйгаар мэдээллийг тархиныхаа ой санамжид байрлуулахын тулд хамгийн багадаа 8 секунд зарцуулах шаардлагатай аж. Харин нэг зүйл дээр бүх анхаарлаа төвлөрүүлж чадвал тухайн зүйлээ хамгийн сайнаар гүйцэтгэх боломжтой. Хэрэв анхаарлаа төвлөрүүлэх бэрхшээлтэй санагддаг бол бясалгал хийгээд үзээрэй.

4. Сайн унтаж амарч байгаарай

Өдрийн турш тархинд явагдах үйл ажиллагаануудаас ялгаран гарсан хортой бодисууд зөвхөн унтаж байх үед л шимэгдэн алга болдог байна. Нойргүй удаан явах үед эдгээр бодисууд хуримтлагдан шинэ мэдээлэл хүлээн авах, мөн түүнийг хадгалах үйл ажиллагаанд саатал учруулдаг. Түүнчлэн сэрүүн үед олж авсан мэдээллүүдийг тархи нойрон дунд хэрэгтэйг нь авч үлдэн, хэрэггүйг нь мартуулах “боловсруулалт” хийдэг.  

5. Оюун ухааны тоглоом тогло

Тархиндаа байнга сонирхолтой, хөгжилтэй мэдээлэл өгч байхгүй бол амархан “мууддаг”. Үүнээс сэргийлэхийн тулд тархиа байнга өдөөж байх хэрэгтэй. Тархи хөгжүүлэх олон төрлийн тоглоом цахим ертөнцөд байдаг бөгөөд өдөрт хорин минут л зарцуулахад хангалттай. Түүнчлэн нэг даалгавар дээр 7 минутаас хэтрэхгүй бол сайн. 

6. Шинэ чадварт суралцагтун

“Утга учиртай” үйлийг хийснээр стрессээс үүдэлтэй эмгэгүүд болон зөнөгрөлөөс сэргийлэх боломжтойн дээр биеийн ерөнхий эрүүл мэнд ч сайжирна. Тархиныхаа үйл ажиллагааг сайжруулах нэг чухал арга бол аливаа хийж буй зүйлдээ анхаарлаа сайн төвлөрүүлж, сэтгэл гаргах явдал юм. Өөрөөр хэлбэл таны сонирхлыг бүрэн татаж чадахуйц, түүнийгээ хийж байхдаа огт сатаарахгүй байж чадах буюу хамгийн гол нь таны хувьд маш их утга учиртай байхуйц чадварт суралцах хэрэгтэй.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.