UBLife Logo
Спорт

Үндэсний Дээд лигийн аварга, 16 настай Н.Нандинхүсэл: Ялалтын мэдрэмж одоо ч халуунаараа байна

Үндэсний Дээд лигийн аварга, 16 настай Н.Нандинхүсэл: Ялалтын мэдрэмж одоо ч халуунаараа байна

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улиралд тоглосон хамгийн залуу тоглогч бол (16 нас, 211 хоногтойдоо) Н.Нандинхүсэл юм. Тэрээр шигшээ цувралын эхний тоглолтод хувийн оноогоор тэргүүлж, хэд хэдэн тоглолтын шийдвэрлэх мөчид хожлын шидэлтийг гүйцэтгэснээр “Улаанбаатар Амазонс” багийн хамтаар Дээд лигт түрүүлсэн билээ. Мөн 2022 онд Үндэсний шигшээ багт дуудагдан, сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах 18 хүртэлх насны “В” зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 3х3 төрлөөрх Азийн АШТ-ий 17 хүртэлх насны ангилалд оролцохдоо IV байрт шалгарч байв. Монголын эмэгтэй тамирчдаас анхлан АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лигт тоглох мөрөөдөлтэй, өнөө цагийн шилдэг тоглогчдын эгнээнд зүй ёсоор нэрлэгдэх болсон Н.Нандинхүсэлтэй ярилцлаа.


-Дээд лигт тоглосон анхны улиралдаа аварга цолонд хүрлээ. Аваргын баяраа хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Өө, үнэхээр жаргалтай байлаа. Багаараа инээсэн, сэтгэлийн үгээ хэлэлцсэн, цомоосоо бүгд салахыг үл хүссэн, тэвэрч хэвтэцгээсэн л байдалтай хормуудыг өнгөрүүллээ. Гэртээ харихад манайхан баярлачихсан “Чамайг олж чадахгүй байсаар одоо л харах шив дээ” гээд инээлдэж угтсан. Манай гэр бүлийнхэн улирлын нээлтийн болон аваргын төлөөх тоглолтыг маань ирж үзсэн ч олны дунд тухтай уулзалдаж чадаагүй.

-Аварга болоод баярын сэтгэл хөөрөлд автдаг шүү дээ. Тэр халуун мэдрэмжээ хэр удаан хадгалав?

-Одоо ч халуунаараа байна. Бодох болгонд сэтгэлд тэмтрэгдэхээр тийм ойрхон мэдрэмж шүү дээ.

-Танай ангийнхан шинэхэн аваргаа яаж угтсан бэ?

-Сүүлийн тоглолтыг маань ангиараа, багштайгаа ирж үзсэн. Сагсан бөмбөг төдийлөн сонирхдоггүй хүүхдүүд ч манай багийн тоглолтыг үзэхээр ирсэн байна лээ. Зорьж ирээд тоглолтыг маань үзсэн тэдний сэтгэл үнэхээр сайхан санагдсан. Миний амжилтад бүгд л адилхан баярласан.

-Дээд лигийг зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн улирлын шилдэг тоглогчдыг зарлахдаа таныг хоёрдугаар багт нэрлэхэд гайхсан уу. 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин нэгдүгээр багт сонгогдож, харин та ганцаараа хоёрдугаар багт нэрлэгдсэн. Үүний  дараа хөгжөөн дэмжигчид таны өмнөөс багагүй бухимдсан шүү дээ?

-Би тэрэнд ямар нэгэн байдлаар ач холбогдол өгөөгүй. Тэр үйл явдалтай холбоотой баярласан, уурласан ямар ч мэдрэмж надад төрөөгүй. 

-Таныг сайн тамирчин болно гэдэгт гэр бүлийнхэн тань хэр их итгэж, дэмжсэн бэ? 

-Манай гэр бүлийнхэн намайг сагсан бөмбөг сонирхож эхлэхэд төдийлөн тоодоггүй байсан. Энэ жилээс гадаад, дотоодын олон тэмцээнд оролцож, амжилт үзүүлэх болсноор дэмжиж эхэлсэн. Би өөрөө сагсан бөмбөгөөр ямар нэгэн амжилтад хүрч чадна гэдэгтээ дүүрэн итгэлтэй байдаг.

Багш маань Азийн аварга шалгаруулах “В” зэрэглэлийн тэмцээний шигшээ тоглолтод Малайзад хожигдсоны дараа “Багш нь чамайг ямар ч үед дэмжинэ. Багш нь чамд ахиад хэдэн ч удаа пүүз бэлэглэж чадна. Муу тоглолоо ч үргэлж чиний ард дэмжигч байж чадна” гэсэн. Багшийн энэ үг надад эргэлтийн цэг байсан. Амжилт маань гагц минийх биш, бас багшийн амжилт шүү дээ гэх бодлоор өөрийгөө хичээх итгэл өгсөн.

-Та өмнөх ярилцлагадаа “АНУ-ын WNCAA-д тоглох мөрөөдөлтэй” гэсэн байна лээ. Таны мөрөөдөл биелэх мөч хэр ойрхон байна вэ?

-Би АНУ-ын Үндэсний лиг буюу WNBA-д тоглоно гэж боддоггүй. Тэнд тоглоно гэж зоривол сагсан бөмбөгт амьдралаа зориулах шаардлагатай болно. Харин гадаадад бакалавраар сурах хугацаандаа АНУ-ын оюутны лигт тоглоод, ур чадвараа ахиулж, WNCAA-ийн уур амьсгалыг мэдрэхийг хүсдэг. Хэр ойр санагддаг вэ гэвэл, боломжгүй зүйл гэж боддоггүй. Гэхдээ мэдээж тийм амархан олдох боломж биш. WNCAA-д тоглосон цорын ганц монгол тамирчин одоогоор Ш.Энхийн-Од ах л байна. Ямартаа ч хичээгээд үзвэл найдвар байгаа л гэж боддог.

-Таныг мөрөөдлийнхөө тухай ярилцлагадаа дурдсаны дараа Ш.Энхийн-Одын аав Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа “Боломж байгаа. Би туслахыг хичээе” гэсэн байна лээ. Та тэр хүнтэй холбогдсон уу?

-Шараваа ах өөрөө надтай холбогдсон. Ямартаа ч мэдэх сургуулиудтайгаа холбоо бариад үзье, тусалж дэмжих арга зам хайя гэсэн. 

-Энэ хавар дунд сургуулиа төгсөнө шүү дээ. Мэргэжлээ сонгож амжсан уу?

-Мэргэжлээ яг сонгож амжаагүй байгаа. Гэхдээ сонирхож байгаа чиглэл бий. Миний хувьд, спорттой холбоотой мэргэжил сонгохыг хүсэж байна. Гадаадын их сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцана гэдэг хэцүү зүйл боловч тэтгэлэгт л тэнцэхгүй бол төлбөр төлж сурна гэдэг бэрх. Тиймээс илүү сайн бэлдэж, залуу байгаа учраас тэтгэлэгт тэнцэхгүй бол Америкийн ахлах сургуульд сураад сагсан бөмбөгөөр тэтгэлэг авахыг хичээнэ.

-Таны өндөр хэд вэ?

-177 см.

-Дээд лигт тоглохдоо өөрийн үнэ цэн, ур чадварыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хэрхэн хичээн зүтгэсэн бэ?

-“Улаанбаатар Амазонс” багаас анх Дээд лигт тоглооч гэсэн санал тавихад “Дэмий ч юм уу, хичээлээ хийе дээ” гэж бодсон.  Би гадаадын лигт тоглох зорилготой. Гэтэл Дээд лигт тоглохын тулд долоон сар орчмын хугацааг бэлтгэл хийхэд зарцуулах шаардлага гарна. Тэгэхээр хичээлээ завсардах болчихно гэж айж байлаа. Харин Дээд лигийн эхний тоглолтын дараа “Ямартаа ч зөв сонголт хийсэн байна” гэж бодсон. Би Дээд лигийн тоглолтуудад хувийн ур чадвараа батлах гэж хичээгээгүй, талбай дээр сайн тоглож чадна гэдэгтээ итгэдэг болохоор дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчид намайг үнэлнэ гэдэгт ч итгэлтэй байдаг. Манай багийнхан давхар ажил хийдэг учраас лигийн үеэр өдөрт хоёроос гурван цагийн үндсэн бэлтгэл хийгээд үргэлжлүүлэн цаг хэртэй хоорондоо ярилцах байдлаар дандаа л оройн цагаар бэлтгэл хийдэг байсан.

Би голцуу эрэгтэй хүүхдүүдтэй бэлтгэл хийдэг байсан.Тэдэнтэй тоглохоор хурдаар гүйцэхгүй, хүчээр дийлэхгүй. Тэглээ гээд би дийлэхгүй юм байна гээд ард нь суугаад байх биш, адилхан гүйгээд, адилхан мөргөлдөж байгаад эмэгтэй хүүхдүүдтэй тоглоход би тэр хэдээс илүү хүчтэй, хурдан болчихсон байдаг. 

-Залуу тамирчин учраас тоглолтын шийдвэрлэх мөчид шидэлт хийхдээ хэр итгэлтэй байдаг вэ?

-Чухал үед миний гарт бөмбөг байхад эгч нар надад итгэдэг гэж санагддаг. Тэр хэрээр чухал мөчүүдэд тайван тоглож чадсан.

-Та талбайн бүх байрлалд жигд тоглодог. Гэхдээ өөрт тань аль байрлалд тоглох нь илүү тохирох санагддаг вэ?

-Би аль байрлалд хэрэгтэй байна, тэнд тоглохыг хичээдэг. Өөрийгөө бүх байрлалд тоглож чадна гэж боддог.

-Тамирчны замнал уналт, өсөлтийн тааварлашгүй нөхцөлд өрнөдөг. Одоо таны амжилт өсөлтийн чигтэй, шууд хэлэхэд хүн бүхэн анхаарч харах “од тамирчин”-ы түвшинд байна. Энэ хэр сайхан мэдрэмж вэ?

-Манай баг, тамирчид Дээд лигийн аварга гэдэг нэртэй болчихлоо. Энэ бол том, бахдалтай цол, үнэхээр сайхан ч мэдрэмж. Миний хувьд, залуу тамирчин болохоор амжилт маань өсөлттэй үедээ байна. Уналтын үеийг одоогоор мэдрээгүй байгаа болохоор ямар байхыг тааварлашгүй юм. Гэхдээ би хэзээ ч залуу тамирчин учраас алдаа гаргасан ч хүмүүс намайг ойлгоно доо гэж боддоггүй. Харин ч эсрэгээрээ өөрийгөө залуу гэж дөвийлгөх нь буруу байх. “Жаахан хүүхэд юм чинь туршлагагүй” гэсэн хандлага спортод хэрэггүй гэж боддог.

-Таны амьдралд эргэлтийн цэг болсон зөвлөгөөг хэн нэгэн өгч байв уу?

-2022 онд 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах “В” зэрэглэлийн тэмцээний шигшээ тоглолтод Малайзад хожигдсоныхоо орой багштайгаа хувьчилж уулзсан юм. Тэгэхэд “Багш нь чамайг ямар ч үед дэмжинэ. Багш нь чамд ахиад хэдэн ч удаа пүүз бэлэглэж чадна. Муу тоглолоо ч үргэлж чиний ард дэмжигч байж чадна” гэсэн. Багш намайг УАШТ-д анх оролцох гэж байхад пүүз бэлэглэсэн юм. Багшийн энэ үг надад эргэлтийн цэг байсан. Амжилт маань гагц минийх биш, бас багшийн амжилт шүү дээ гэх бодлоор өөрийгөө хичээх итгэл өгсөн.

-Хэн нэгэн хувь тамирчны алдаанаас болж баг хожигдох, эсвэл таны алдаанаас болж хожигдох хоёр өөр ойлголт шүү дээ. Танд ийм зүйлсээс болж шаналах, харуусах үе тохиолдож байсан уу?

-Баг маань надаас болж хожигдчихлоо гэсэн хүнд цохилтыг сая Дээд лигийн үеэр “М Гарьд” багт хожигдоход би анх удаа мэдэрсэн. Бүр яг анх удаа. Би хамгийн чухал мөчид бөмбөгөө алдаж, түүнээс эхэлсэн довтолгоо явсаар айл гурван оноо аваад манай баг хожигдсон. Харин манай багийн тэр тоглогч ингэчихлээ, тэгчихлээ гэж хэзээ ч боддоггүй. Хүн болгоны л алдаа байлаа, хамтдаа алдаан дээрээ ажиллая гэхээс хожигдолд хэн нэгнийг цохон буруутгаж байгаагүй.

Яг нэг өнцгөөс нь харвал тооноос ч илүү төвөгтэй байж магадгүй, нөгөө талаас нь харвал сагсан бөмбөг тоглох нь надад тэгж их хүндрэл учруулаад байдаггүй. Тоглолтын үеэр унатлаа ядрах үе гэж байхгүй, яагаад гэвэл бид хэд үргэлж бэлтгэл хийдэг. Хэцүү үеүддээ ч бөмбөг тоглохоор бухимдал тайлагдаж тайвширдаг.

-Үндэсний шигшээ багийн дуудлагыг анх хэдэн настайдаа хүлээж авсан бэ?

-Би 14 настайдаа шигшээ багт дуудагдсан. Тэр үед шигшээ багийн эгч нар Хандгайтад олимпын бэлтгэлээ базааж байсан. Миний бодлоор, УАШТ-ий амжилтаар маань үнэлж намайг шигшээ багт дуудсан байх. УАШТ-ээс манай сургуулийн баг олон жил медаль хүртэж, би шилдэг тоглогчийн шагналыг нэг бус, нэлээн олон удаа гардаж байсан. Тэгж л дасгалжуулагчдын нүдэнд өртсөн болов уу. Гэхдээ би олон тэмцээнд оролцсоныхоо ачаар бага багаар амжилтаа ахиулж, үеийнхэн дундаасаа цойлж эхэлсэн байх. Г.Ундрах багшийн маань шавь нар бүгд эрэгтэй. Тиймээс би голцуу эрэгтэй хүүхдүүдтэй бэлтгэл хийдэг байсан. Тэр надад давуу тал болсон.

-I сургуульд сурдаг хэрнээ яагаад Логирифм сургуулийн багштай хамт ганцаарчилсан бэлтгэл хийдэг юм бэ?

-Намайг 3х3 төрлийн Үндэсний шигшээ багт дуудагдахад анхны бэлтгэлийг Г.Ундрах багш хийлгэж байсан. Тэр үед надад байнгын тогтвортой бэлтгэл байгаагүй. Тэмцээн ойртохоор л бэлддэг байлаа. Анх уулзахад багш “Чи хэрвээ сонирхож байвал хоёулаа ганцаарчилсан бэлтгэл хийе” гэсэн санал тавьсан. Ингээд 2020 оноос эхлэн Г.Ундрах багш маань өмнө нь миний хийж байгаагүй шинэлэг дасгалуудыг давтуулж, тэрний ачаар ур чадвараа хурдан хугацаанд сайжруулж чадсан.

-Эрэгтэй хүүхдүүдтэй бэлтгэл хийхэд ямар ялгаа гардаг вэ?

-Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд биеийн хөгжил, ур чадвар, хурд, хүч гээд олон талаар ялгаатай. Эрэгтэй хүүхдүүдтэй тоглохоор хурдаар гүйцэхгүй, хүчээр дийлэхгүй. Тэглээ гээд би дийлэхгүй юм байна гээд ард нь суугаад байх биш, адилхан гүйгээд, адилхан мөргөлдөж байгаад эмэгтэй хүүхдүүдтэй тоглоход би тэр хэдээс илүү хүчтэй, хурдан болчихсон байдаг. Г.Ундрах багшийн удирдлагад ганцаарчилсан бэлтгэл хийдэг байхдаа фитнесийн бэлтгэлийг өдөрт хоёр удаа хийдэг байсан. Сая Дээд лигт тоглох хугацаандаа ганцаарчилсан бэлтгэл огт хийлгүй, зөвхөн багийн бэлтгэлийг хийж байлаа. “Улаанбаатар Амазонс” багийн хүчний бэлтгэлийг Эрхээ багш хийлгэдэг. Эрхээ багш маань миний хүч, хурдыг нэг шатаар ахиулж өгсөн гэж санагддаг. Одоо улирал дуусчихсан болохоор буцаад ганцаарчилсан бэлтгэлдээ орно доо.

-2021 онд Монголын сагсан бөмбөгчид анх удаагаа олимпод оролцсон. Тэрхүү түүхэн үйл явдал танд сагсан бөмбөгөөр тууштай хичээллэх урам зоригийг өгсөн үү?

-Эгч нараа олимпод тоглохыг зурагтаар үзэж суухад үнэхээр бахдалтай санагдсан. Би олимпын өмнөх бэлтгэлийнх нь багахан хэсэгт Хандгайт руу хамт гарч байсан. Эгч нар маань ямар бэлтгэл хийснийг хажуугаас нь харж, мэдэрч байсан болохоор их бахархсан. Хэрхэн хичээж, бэлтгэлээ хийж байгааг нь харахад дараагийн олимпод оролцох хүсэл шууд ундардаг юм билээ. Монголын шигшээ баг эрхээ аваад олимпын талбайд тоглосон нь зөвхөн надад төдийгүй сагсан бөмбөгөөр хичээллэдэг бүхий л тамирчинд итгэл өгсөн байх гэж боддог.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн гоё бэлэг юу байв?

-Захиа юм болов уу. Малайзын багт хожигдчихоод сарын дараагаар нутагт нь очиж 3х3 төрлийн 17 хүртэлх насны Азийн АШТ-д тоглосон юм. Тэр тэмцээнд явахынхаа өмнө урмын үгтэй захиаг дотнын найзаасаа авсан.

Миний бага нас нэг газар төвлөрсөн гэхэд хэцүү. Хаа сайгүй, олон удаа нүүж байсан. Надад байрны найз ч байхгүй.

-Дээд лигийн эмэгтэй тамирчид тогтмол цалинтай байдаг уу?

-Бусад багийн нөхцөл байдлыг мэдэхгүй. Ямартаа ч манай баг тоглогчдоо сар болгон тогтмол цалинжуулдаг.

-Та өмнө нь волейбол, сагсан бөмбөгийн спортоор зэрэг хичээллэж байсан юм билээ. Сагсан бөмбөгийн спортыг дагнан сонгохдоо эргэлзсэн үү?

-Эргэлзсэн зүйл байгаагүй. Би волейболоос илүү сагсан бөмбөгөөр сайн тоглодог байсан.

-Волейбол тоглоход үсрэлт, техник, орон зайн мэдрэмжийн хувьд давуу хөгждөг. Энэ төрлийн өсөлт, хөгжил сагсан бөмбөгөөр сайн тоглоход тань нөлөөлсөн үү?

-Нөлөөлсөн байх. Үсрэлтийн дасгалуудыг волейболын бэлтгэл дээр их давтуулдаг. Ийм төрлийн дасгалуудыг хийж байсан нь сагсан бөмбөг тоглоход ч маш том түлхэц өгсөн санагддаг.

-Та чухал тоглолттой үеүдэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

-Миний хувьд, тоглолтын өмнөх өдөр эрт унтаж, амрахыг хичээдэг. Мөн оройн цагаар хөнгөн хоол идэх эсвэл бүр хоол идэхгүй байхыг, өглөө эрт босоод дасгал хийхийг анхаардаг. Гэхдээ байнга ийм зарчимч байж чаддаггүй. Тоглолтын үеэр унатлаа ядрах үе байдаггүй, яагаад гэвэл бид хэд үргэлж бэлтгэл хийдэг. Хэцүү үеүддээ ч бөмбөг тоглохоор бухимдал тайлагдаж тайвширдаг.

-Сагсан бөмбөг тоглох нь танд тоо бодох шиг хариуцлагатай, тооцоололд суурилсан зүйл санагддаг уу, эсвэл үүнийг арай хөнгөнөөр зугаацах, хөгжилдөх нэг хэлбэр гэж ойлгодог уу?

-Сагсан бөмбөгийг тооцоолж тоглоно гэвэл өөртөө дарамт өгөх болчихно байх. Гэхдээ бас өөрийгөө зугаацуулах гээд байгаа, хөгжилтэй байлгах гээд байгаа оролдлого биш. Би сагсан бөмбөг тоглохыг амьдралынхаа хэвшил болгочихсон. Тэгэхээр нэгт өөрийн хүсэл сонирхлын дагуу, хоёрт ур чадвартаа тулгуурлаж сагсан бөмбөгийг тоглож байгаа. Яг нэг өнцгөөс нь харвал тооноос ч илүү төвөгтэй байж магадгүй, нөгөө талаас нь харвал сагсан бөмбөг тоглох нь надад тэгж их хүндрэл учруулаад байдаггүй.

Одоогийн шийдвэр маань Монголдоо буцаж ирэхийг сонгоно. WNCAA-ийн уур амьсгалд ороод үзчихвэл шийдвэр өөрчлөгдөж магадгүй л байх. Гэхдээ би Монголынхоо шигшээ багийн өмсгөлтэй олон улсын тэмцээнд оролцохыг илүү хүсэж байна.

-Спортоос өөр төрлийн зүйл сонирхдог уу?

-Ойрын үеүдэд дотно хүмүүсийнхээ нөлөөллөөр хөгжимд сонирхолтой болоод байна. Амьд хөгжимд.

-Таны бага насны дурсамжийг аль байршил сануулдаг вэ?

-Миний бага нас нэг газар төвлөрсөн гэхэд хэцүү. Хаа сайгүй, олон удаа нүүж байсан. Надад байрны найз ч байхгүй. Олон нүүж байсан болохоор гэрийнхээ гадаах талбайд тийм ч их тоглодог байгаагүй. Хааяа л гарвал ахтайгаа тоглодог байлаа.

-Хэрвээ WNCAA-д тоглох боломж олдоод үргэлжлүүлэн АНУ-ын багаас санал хүлээн авбал тэндээ үлдэх үү эсвэл, Монгол руугаа буцаж ирэх үү?

-Одоогийн шийдвэр маань Монголдоо буцаж ирэхийг сонгоно. Харин тэндхийн уур амьсгалд ороод үзчихвэл шийдвэр өөрчлөгдөж магадгүй л байх. Нэгт, олон жил гэр бүл, найз нөхдөөсөө хол байх нь хэцүү зүйл шүү дээ. Хоёрт, би Монголынхоо шигшээ багийн өмсгөлтэй олон улсын тэмцээнд оролцохыг илүү хүсэж байна.

-Танд багаасаа төлөвшүүлсэн ямар нэгэн байнгын дадал байдаг уу?

-Дурсамжтай, жижиг зүйлсийг цуглуулдаг. Найзуудтайгаа үзсэн инээдмийн киноны тасалбар, хүний өгсөн гоё бэлэг зэргийг хадгалдаг. Багаасаа ийм дадалтай байсан. Өнөө ч хэвээрээ.

-Сагсан бөмбөгөөр хүрэх ирээдүйн амжилтад тань маш олон хүн итгэж, хүлээх болжээ. Энэ итгэл найдвар танд ямар санагдаж байна?

-Сайхан л санагдаж байна. Олон хүн намайг таньж байна, илүү сайн тоглоно гэж итгэж байна. Би ч гэсэн энэ жилээс Монголд сагсан бөмбөг хөгжинө гэдэгт итгэх болсон.

( 2023 оны 4-р сарын 27-ны өдөр ярилцсан болно )

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
13
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.