UBLife Logo
-

“Алчууртай бөх” Каным Бургхан кызы

“Алчууртай бөх” Каным Бургхан кызы

“Миний алчуур амжилтанд минь саад болохгүй” Кыргызстаны 18 настай жүдоч бүсгүй Каным Бургхан кызы ийм уриатай. Тэрбээр лалын шашинт бүсгүйчүүд спортоор хичээллэж чадахгүй гэсэн ойлголтыг засан залруулах чин хүсэлтэй. Лалын шашны заншлаар эмэгтэйчүүд хижаб хэмээх алчуур байнга зүүж явах ёстой ч Каным хижаб алчууртай ч спортын амжилт гаргаж болно гэдгийг батлан харуулж байгаа юм. Ингээд залуу тамирчны амьдрал, спортын замналыг хамтдаа сонирхоцогооё.  

“Спорт эмэгтэйчүүдийн хийх ажил биш”“Эмэгтэйчүүдэд спорт огт хэрэггүй. Та нар багш болсон нь дээр. Чи яагаад спортын факультетэд элссэн юм бэ? Хижаб өмсөөд ямар амжилт гаргана гэж бодоо вэ” гэсэн асуулт, зөвлөгөө намайг сүүдэр шиг л дагаж байдаг. Гэхдээ би тийм ярианд анхаарал хандуулдаггүй, яагаад гэвэл ийм зөвлөгөө тус болохоосоо ус болох нь их. Надтай танилцсан хүмүүс эхлээд намайг тамирчин гэдгийг сонсоод, дараа нь алчууртай барилддаг гэдгийг дуулаад давхар шоконд ордог юм. Аав маань хар бүстэй, каратэч байсан тул би багаасаа л спорт, биеийн тамирт их дуртай байлаа. Аав минь миний үлгэр жишээ болсон хүн. Би амьдралын бүхий л зүйл дээр түүнийг дууриаж, ижилхэн байхыг хичээдэг. Аавынхаа спортоор хичээллэж байгааг хараад би хар багаасаа бие даан дасгал хийх гэж оролддог болсон байсан.Тамирчин болох хүслээсээ татгалзах шахсан үе бий. Наймдугаар ангид байхдаа ирээдүйгээ төлөвлөн, ямар их сургуульд элсэж, эмэгтэй хүнд тохирсон, ажиллахад хялбар мэргэжил сонгохоор найзуудтайгаа зөвлөдөг байлаа. Яг энэ үед надад эрэгтэй дүүгээ чөлөөт бөхийн бэлтгэлд нь хүргэж өгдөг “алба” нэмэгдсэн юм. Нэг удаа хүргэж өгөхдөө би багшаас нь охидууд хичээллэж болох уу гэж асуусан юм. Дасгалжуулагч намайг хараад тайван гэгч нь “Тэгэлгүй яахав. Маш олон охидууд бий” гэж хэлж билээ. Гэртээ баярлан гүйж ирээд л аавдаа энэ талаар хэлж, маргааш нь л би танхимд хичээллээд зогсож байлаа. Даанч дасгалжуулагчийн хэлсэн охидууд байхгүй, дан хөвгүүд байсан. Гэхдээ буцах зам байгаагүй тул бөхийн секцэндээ үлдсэн.Секцэнд орсноос хэдхэн хоногийн дараа тэмцээн боллоо. Хэдийгээр дасгалжуулагч намайг орохыг хориглосон ч би нууцаар бүртгүүлээд, хүрэл медаль авсан гэж байгаа. Ямар ч бэлтгэл хийгээгүй байж тэмцээнд оролцоод гэмтэх эрсдэл байсан гэж багш уурласан ч дотроо надаар бахархаж байгаа нь мэдэгдэж байлаа. Ингээд л би спортод дахин дурлаж, тамирчин болох багын мөрөөдлөө мартсандаа гэмшиж байлаа. Спорт бол миний амьдрал гэж тэр үед яс махандаа тултал ойлгосон. Бурхан тэнгэр намайг хайрлан үзэж, дүүгийн минь тусламжтайгаар спортод орох замыг минь нээж өгсөн байх гэж боддог.

Кыргызстан мандтугайДунд сургуулиа төгсөхдөө би хэдийнэ олон тэмцээнд түрүүлчихсэн байлаа. 15 настайдаа Монголд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шигшээ багт орж, 15 орны тамирчидтай өрсөлдөн, гуравдугаар байрт орсон. Азийн аварга шалгаруулах тэмцээний  дараа би Кыргызстаны аварга болж, Евразийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авсан. Шагнал гардуулах ёслолоор манай улсын төрийн далбаа мандаж, “Каным Бургхан кызы, Кыргызстан” хэмээн зарлахад хамаг бие чичрээд л, яг юу мэдэрдэгээ тайлбарлахад хэцүү байна. Спортын ачаар эх орноо хайрлах үзэл, сэтгэл минь ч нэмэгдсэн. Олон улсын тэмцээн дээр эх орныхоо далбааг байнга мандуулж байх гэж би тамирчин болсон. Бүх дэлхий Кыргызстан гэдэг орон байдгийг мэдэж, энэ улс эрэлхэг зоригтой тамирчидтай гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Дунд сургуулиа төгсөхдөө би чөлөөт бөхийн тамирчин болохоор хатуу шийдсэн байсан. Кыргыз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн биеийн тамир, спортын сургуульд элсэн орсон. Эхлээд өглөөнөөс орой болтол бэлтгэл сургууль хийнэ, онол огт хэрэггүй гэж боддог байсан. Харин дараа нь онолгүй практик огт ашиггүй гэдгийг ойлгож авсан юм. Манайд “Практикгүй онол үхмэл, харин онолгүй практик сохор” гэсэн үг бий.Лалын шашин миний амьдралын хамгийн зөв сонголт.Энэ бүх амжилтаа би Бурхан тэнгэрийн ач гэж боддог. Лалын шашин бол миний нэгэн хэсэг. Тийм болохоор миний амьдралдаа хийсэн хамгийн зөв үйлдэл бол лалын шашин гэж итгэлтэй хэлж чадна. Энэ итгэл, сэтгэлийн хүч чадал хүнд хэцүү үед надад тус болдог. Нэгдүгээр ангид орохоосоо өмнө би намаз номлол, Коран уншиж сурсан байсан. Миний өглөө болгон намаз уншихаас эхэлдэг. Манайх эвсэг найрсаг гэр бүл. Бид бүгд намаз уншдаг, спортоор хичээллэдэг.Хижаб буюу алчуурХижаб бидний үйл хөдлөлийг хязгаарладаг гэж үзэж болохгүй. Бид өөрсдөө л боломжоо хязгаарладаг. Би тэмцээн болгоны өмнө дуа ёслол хийж, надад хүч чадал хайрлахыг бурханаас хүсдэг. Их сургуульд орох үедээ би алчуур зүүдэггүй байлаа. Жилийн өмнөөс Аллахын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр шийдэж, алчуур зүүх болсон. Тэр үед алчуурнаас болоод намайг хөгжиж дэвжиж чадахгүй гэж хүн болгон хэлж байлаа. “Бөх барилддаг байж алчуур зүүхээр ямар амжилт гаргах вэ”, “Чи олон тэмцээнд түрүүлж чадна. Энэ алчуураа авчих” гэсэн үг олон сонссон. Гэвч би хэний ч үгийг сонсоогүй. Алчуургүй барилдаад хүрэх амжилтын зам ч хамаагүй, Аллахын өмнө хүлээх хариуцлагаа л бодож байсан. Миний шийдвэрийг ойлгон хүлээж авсан дасгалжуулагч нартаа баярлаж явдаг. Одоо эргэн хараад би зөв зүйл хийжээ гэдгээ ойлгодог. Алчуур зүүлээ гээд надад ямар ч муу зүйл болоогүй, би жүдо, чөлөөт бөхөөр хичээллэсэн хэвээр, тэмцээн уралдаанд орж, олон нийтийн ажилд ч идэвхтэй оролцдог. Харин ч эсрэгээрээ алчуур надад тус болдог. Алчуургүй байхад үс унжаад барилдахад саад болдог байсан бол одоо алчууртай болохоор эвтэйхэн байдаг. Алчуур зүүсэн бүсгүй болгон өөрийн сэтгэл санаа, бие махбодио улам хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгож авсан.Багаасаа спортоор хичээллэж, бөх барилддаг ч бусад охидын адил орой үдэш ганцаараа явахаас айдаг. Өөрийгөө хамгаалж чадахгүй юм биш байгаа гэж эмээдэг юм. Гэхдээ одоохондоо надад халдсан тохиолдол гараагүй л байна. Спортоор хичээлэлдэг олон бүсгүйчүүд бий ч тэд спортын сургуульд элсэн орохоос айдаг. Ялангуяа алчууртай бүсгүйчүүд. Айх хэрэггүй. Би ирээдүйд эмэгтэйчүүдийн дасгалжуулагч болох бодолтой. Тэгээд л Кыргызстаны спортын хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна даа.  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
13
48
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.