Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Д.Ундармаа: Зургаан настнуудын сэтгэл зүйг бэлдэхгүй бол сургуульд сурахыг тэсэж, тэвчих, халшрах зэрэг сөрөг мэдрэмжээр хүлээн авдаг


Хүүхэд сургуульд орох гэдэг хүүхдүүдийн хувьд ч тэр, эцэг эх асран хамгаалагчдын хувьд ч тэр амьдралын маш чухал үйл явдал байдаг. Хүүхэд цэцэрлэгийн орчноос тэнхимийн сургалт руу ороход сэтгэл зүй нь бэлэн байх ёстой. Үүнд эцэг эхчүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэгвэл энэ талаар “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн” ТББ-ын хүүхдийн сэтгэл судлаач Д.Ундармаатай ярилцсанаа хүргэе. Мөн түүний өгсөн зөвлөгөөг хавсран орууллаа.

Сайн байна уу. Ярилцлагаа зургаан настай хүүхдүүдийн сэтгэл зүйг сургуульд элсэхэд нь яагаад заавал бэлдэх хэрэгтэй талаар эхлүүлье.

Бид энэ жилээс сургуульд бэлэн байдлын сургалт явуулж эхэлж байна. Цөөн тооны газар энэ төрлийн сургалт явуулдаг. Юуны түрүүнд сургуульд орж буй зургаан настай хүүхдүүдийн сэтгэл зүйг тодорхой хэмжээнд заавал бэлдсэн байх шаардлагатай гэдгийг хэлье. Учир нь зургаан настай хүүхдүүд тэнхимийн сургалтанд биш цэцэрлэгийн орчинд, тоглоомын зориулалтаар хөгжүүлэх арга зүйд дасан зохицсон байдаг. Харин сургуулийн буюу тэнхимийн сургалт нь 40 минутын турш багшийн зааварчилгаан дор тодорхой даалгаврыг гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл бие организм, оюун ухааны хөгжил нь тоглоомын аргаар хөгжих ёстой байтал шууд гүйцэтгэх, тэвчих, тэсэх зэрэг мэдрэмж авч болзошгүй. Ингэснээр сургууль төсөөлж байсан орчин нь биш байх, сургуулиас айх айдастай болох, суралцахаас халширах хам шинж илрэх зэрэг сэтгэл зүйг бэлдээгүйтэй холбоотой сэтгэл зүйн эмгэгүүд үүсэх бүрэн боломжтой. Иймээс сэтгэл зүйг нь заавал урьдчилан бэлдэх ёстой.

Хэдий хугацаанд хүүхдийн сэтгэл зүйг бэлдэх нь тохиромжтой вэ?

Бэлдэх хугацааны давтамж гэхээс илүү сэтгэл зүйг бэлдэх нь хүүхэд бүрийн онцлогтой шууд холбоотой. Ер нь бол гурван сарын хугацаанд аажмаар сэтгэл зүйг нь бэлдсэн байхад хүүхдэд сургуулийн орчин ямар байдаг, айх ёстой юу, үгүй юу, хэн тэнд хүүхдэд зааварчилгаа өгөх вэ, сургуулийн орчинд биеэ хэрхэн авч явах, өөрийгөө яаж илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө хэрхэн хянах, багшийн өгсөн зааварчилгааг хэрхэн хүлээж авах, шүүмжлэлийг хэрхэн эерэгээр авах зэрэгт тодорхой хэмжээнд бэлэн болно гэсэн үг.

Хүүхдийн сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн бэлэн байдлыг мэргэжлийн хүмүүс хэрхэн оношилдог вэ?

Бид хүүхдийн сургуульд бэлэн байдлын сургалтынхаа өмнө болон дараа “Binet” тестийн арга хэрэглэж байна. Энэ нь хүүхдийн танин мэдэхүй, оюун ухааны хөгжлийн түвшинг тодорхойлдог арга. Энэ оношилгоонд хамрагдсаны дараа хүүхдийн хэл ярианы чадвар болоод танин мэдэхүйн хөгжил нь ямар түвшинд байгаа нь тодорхой болно. Үүний дараа аль чадваруудыг түлхүү хөгжүүлэх, аль чадвар нь илүү хөгжсөн байгааг мэдэж болно. Сэтгэл зүйн бэлэн байдлын оношлогооны дараа эцэг эхчүүдэд хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн бэлдэх, тулгардаг асуудлуудад зөвлөгөө өгдөг.

Ингээд түүний зөвлөгөөг хүргэе.


Хүүхдийн сэтгэл зүйг сургуульд бэлдэхэд туслах 10 зөвлөгөө

1.Сургуулийн орчныг танилцуулах


Сургуулийн орчныг танилцуулахдаа гэрийнхээ ойролцоох сургууль руу дагуулж очих, эсвэл энэ төрлийн дүрс бичлэг үзүүлж байна. Мөн хүүхэдтэйгээ хамт сургууль хэмээх төсөөллийн ертөнцийг хамтдаа бий болгож болно. Ингэхдээ сургуулийн тухай номнууд уншиж өгөөрэй. Хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, энэ сургууль бол шидэт сургууль, сургуульд ороод чамда сайхан зүйлс тохиолдоно, олон чадвар чинь сайжирна гэх зэрэг анхан шатны эерэг мэдээллийг хүргэх хэрэгтэй. Энэ нь төсөөллийг бодит байдалтай холбох гүүр болох болно.

2.Хүүхдээ маш сайн сонс


Хүүхдүүд эргэн тойрон нь ямар болох, хүмүүс хэрхэн ханддагаас шалтгаалан хэт ичимхий, эсвэл хэт задгай, хяналтгүйгээр ярьдаг хоёр туйл бий. Хяналтгүйгээр ярихдаа өөрийн илэрхийлэх гэж буй санаагаа буруу илэрхийлэх, олон сэдэв рүү үсчдэг. Үүнээс болоод суралцах чадварт нь сөргөөр нөлөөлдөг. Эргэн тойрны хүүхдүүдэд нь мөн адил сөргөөр нөлөөлнө. Өөрийгөө хэрхэн зөв илэрхийлж сурах анхан шатны мэдээллийг бид сургалтаар заадаг. Харин эцэг эхчүүдийн хийвэл зохих алхам бол хүүхдээ нэн түрүүнд маш сайн сонсдог байх хэрэгтэй. Сонсоод яг юунд дуртай, юуны талаар ярих гэж байгааг анхаар. Ном хамтдаа унших, уншиж дуусаад номны утга санаа, аль хэсэг нь таалагдсан зэрэг сэдвээр яриа өрнүүлж сургах. Иймэрхүү байдлаар харилцан яриагаараа, үлгэрээр дамжуулан өөрийгөө илэрхийлэх зөв дадлыг бий болгож болдог.

3.Анхаарал төвлөрөх дасгал хийлгэх


Хүүхдийн анхаарлыг сайн төвлөрдөг болгохын тулд дасгал ажлуудыг бага багаар гэрт нь хийлгэж сургавал сайн. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчид хамтдаа хийнэ гэсэн үг. Жишээ нь том том цэгүүдийг хооронд нь холбон дүрс үүсгэх дасгал. Энэ том цэгүүд явсаар улам нарийсан жижиг цэгүүд болж арай хүндрэх хэрэгтэй. Тэдгээр дүрсүүд нь сүүлдээ хөнгөн хэлбэрийн мандала /нэгэн төрлийн хээний цуглуулга/ болж болно. Энэ дасгал нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж сургахаас гадна нарийн булчинг хөгжүүлж, сууж сургахад тусалдаг. Дасгалаа хийхдээ аль болох сонирхолтой байдлаар хийгээрэй. Хүүхдийг өөрийн санаачлагаар хийдэг болтол нь сонирхлыг нь бууруулахгүй байх нь чухал. Эхний ээлжинд өөрөө хамт хийхээ битгий мартаарай. Өдрийн дэглэм шиг хуваарь гаргавал сайн. Дасгалаа хийсний дараа чиний дуртай номыг уншъя гэх зэрэг материаллаг биш урамшууллын аргыг санал болгоорой.  

4.Нийгэмшихэд нь туслах


Нийгмэшихүйн чадвар бага насны хүүхдийн хувьд таньдаг хүмүүстэйгээ л яриа өрнүүлэх хэлбэрээр илэрдэг. Танихгүй хүмүүстэй ярихдаа биеэ барьдаг. Энэ байдалд эцэг эх хөтөч болох учиртай. Жишээ нь, ээжийнх нь найз учир миний хүү мэндэлж байгаарай. Хөрш айлын өвөөтэй мэндэлж байгаарай гэхчилэн. Нийгэмшихүйн чадвар мэндлэхээс л эхэлнэ.  

5.Сурахаас залхдаггүй болоход нь тусал


Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүд эхний гурван сарыг дарамттай байдлаар хүлээж авдаг. Эцэг эх нь зөв тайлбарлаагүйгээс болоод шууд дарамт мэтээр хүлээж авах нь цөөнгүй. Энэ мэдрэмжийг өгөхгүйн тулд эхний хичээлд нь хамт сууж болно. Энэ бол аюулгүй орчин, энд байхад ямар ч айдасгүй гэдгийг биеийн илэрхийлэмж, үг хэлээрээ илэрхийлж хүүхэддээ ойгуулах нь чухал.  

6.Даалгавар хийлгэх тодорхой арга барилтай болох


Гэрийн даалгаврыг 25 минутаас хэтрэхгүй хугацаанд хийлгэх. Хугацаа нь урт байвал хүүхэд аяндаа идэвхгүй болж эхэлдэг. Тэгэхээр 25 минутын эхний 5 минутад үндсэн ойлгох ёстой ойлголтуудыг хэлээд, үлдсэн 20 минутад давтах байдлаар хийвэл үр дүнтэй. Хүүхэд үнэхээр ойлгосон гэж үзэж л байгаа бол дуусгах хэрэгтэй. Хүчлэх тусам холдоно. Тэнхимийн сургалтад багш хүүхдийг тасралтгүй 40 минут шахдаг. Хэрвээ орой хүртэл та хүчлэх юм бол залхаж эхэлнэ. Хэрвээ залхах шинж ажиглагдах юм бол сэрүүлэг тавиад “10 минут тоглоод  5 минут хичээлээ хийе. Тэрний дараа 10 минут амраад дахиад 10 минут хичээлээ хийе” гэх байдлаар хүүхдийг сэдэлжүүлж хийвэл сайн. Үүгээр дамжин хүүхэд цагийн менежмент сурдаг.

7.Багштай нь байнга холбоотой бай  


Хүүхдээ хичээлээс нь авахдаа шууд хувцсыг нь өмсгөөд гарах биш хүүхдээ өнөөдөр ямархуу байсныг багшаас нь заавал авч байх хэрэгтэй. Багш эцэг эх хоёрын зай холдох тусам хүүхдийн хүмүүжил хоцрогдоод эхэлдэг. Тэгэхээр заавал багштай нь ямар нэгэн байдлаар долоо хоногт 2-3 удаа холбоглож, хүүхдийнхээ талаар асуусан байх нь чухал. Долоо хоногт дор хаяж хоёр удаа бичелэн уулз. Энэ нь багшийн хүүхдэд тань ханддаг хандлагыг мэдэх, нөгөө талаас багш эцэг эхийн хандлагыг хараад илүү хичээнэ. Сурлага, хүмүүжил гээд бүгдэд эерэгээр нөлөөлнө.

8.Нэг арга барилаар заа


Тоог хүүхдүүд 1-10 хүртэл цээжилдэг хэрнээ дундаас нь асуухаар мэддэггүй. Бас үсгийг дарааллаар мэддэг хэрнээ сургуульд ороод Ма Мэ гээд уншаад эхлэхээр учраа олдоггүй. Эцэг эхчүүд өөрсдөө багш ямар арга барилаар зааж байна, гэртээ тэр арга барилаар заах хэрэгтэй. Үүнийг мэдээж багшаас нь асууна. Хэрвээ багшийн заасан мэдээлэл, эцэг эхийнхтэй зөрөх юм бол хүүхдийн тогтоох процес удааширна гэсэн үг. Хүүхдэд өгөх мэдээллээ нэг болгох хэрэгтэй.
Тоогоо цээжлэхгүй ч юм уу, ерөнхийдөө удаан байгаад байвал зарим тохиолдолд удаан онцлогтой хүүхэд байж болно. Удаан хйиснээрээ юмыг маш гүн гүнзгий ойлгодог, тогтоодог байж болно. Тэгэхээр та өөрөө хүүхдийнхээ онцлогыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Цээжлэхгүй байвал хүүхдийн онцлогт суурилан ямар нэг хөдөлгөөнтэй, дуутай, өнгөтэй, үнэртэй зүйлтэй хавсарч ойлгуулах хэрэгтэй. “Нэг алим байна. Одоо нэг алимаа идээрэй. Нэг алимыг хальслаад долоон тэнцүү хэсэгт хуваалаа. Гурвыг нь чи дөрвийг нь би иднэ. Анх хэд байсан бэ ? гэдэг ч юм уу.  

9.Өвөө эмээгийн оролцоог зөв үед нь хязгаарлаж болно


Монгол гэр бүлийн хувьд өвөө эмээ чухал үүрэгтэй. Тэд нар амьдралын туршлагаараа багш нартай харилцах үед ялгаа гардаг. Эцэг эх багштай харилцах, эмээ өвөө харилцах тэс өөр. Тэдний ярьсан яриаг утсаар ч хамаагүй багшийн амнаас давхар сонсох учиртай. Эмээ өвөө хүүхдийг сургуулиас авч болно. Гэхдээ хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэх албагүй. Та өөрөө л хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэх учиртай. Ер нь бол эмээ өвөө хүүхдийг хэт бөөцийлөх гээд байдаг тул тэдний оролцоог аль болох багасгах хэрэгтэй. Одоо ядарч байгаа, одоо боль гээд дундуур нь ордог. Энэ тохиолдолд "Эмээ нь чамайг амар гэсэн юм чинь таван минут амарчих, үүний дараа хичээлээ хийнэ" гээд эмээ ч чухал, ээж ч чухал гэдэг ойлголтыг давхар байлгах хэрэгтэй.  

10.Бага ангийн багш хамгийн чухал


Бага ангийн багшийн арга барил, хандлага хамгийн чухал. Гуравдугаар ангид орох үедээ л хүүхэд “Аан би сургуулийн сурагч юм байна” гэдгээ ойлгож эхэлдэг. Гэтэл нэг, хоёрдугаар ангидаа дасах процес л явагдаж байдаг. Бага ангийн багш залуу ч байж болно, настай ч байж болно. Багш хүүхдэд өгөх ёстой мэдээллээ зөв ойлгуулж байна уу, биеэ яаж авч явж байна зэрэг бүх зүйлийг нь анхаарах хэрэгтэй. Учир нь хүүхэд багшийн бүх зааварчилгааг биелүүлдэг. Долоо хоногийн таван өдөр, магадгүй танаас ч илүү хугацааг багштайгаа хамт өнгөрөөдөг. Сургууль сонгох чухал ч гэлээ, багшийг зөв сонгох нь түүнээс дутахааргүй чухал асуудал. Бага ангид эзэмшвэл зохих чадвар нь анхааралтай юмыг сонсох, зааварчилгааг биелүүлэх. Мөн шинжлэх ухаанч байдлын суурь тавигдаж, мэдээллийг хүлээж авах бэлтгэл хийдэг. Тиймээс хүүхдэд онц эсвэл муу сурах нь чухал биш. Гоё эсвэл муухай бичих нь чухал биш. Төлөвшиж сурах нь чухал.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
18 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.22 66.181.161.114

heregtei medeellee olj avlaa. bayrlala

0 Хариулах