UBLife Logo
Авторын булан

Авторын булан: Ерөнхий сайд ард түмэнд одоо тайлбар, хариуцлага “бэлэглэх” ёстой!

Ub.life
Ub.life
Авторын булан: Ерөнхий сайд ард түмэнд одоо тайлбар, хариуцлага “бэлэглэх” ёстой!

Ерөнхий сайдын суудлыг ганхаах бодитой шалтгаанд иргэд анхаарлаа хандуулж байна. Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийн залуу гишүүний харилцаа хамаарал нийтэд дэлгэгдэж, томоохон улстөрчийн хандлага, ёс зүйд дургүйцсэн олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Одоогоор Ерөнхий сайдын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийн өмнө гарч ирж, гэр бүлийнхээ гишүүнд хамаарах асуудлаар тайлбар хийх нь зүй ёсны хэрэг. Гэвч энэ дуулиан олны дунд дэгдсэнээс хойш хоёр дахь өдөр үргэлжилж байгаа боловч цухуйсангүй. Ээлжит мэдэгдлээ санаашрангуй хийж, олны санааг сүү өргөсөн ерөөл, бэлэг шүлгээр эргүүлэх тухайд амаргүй байгааг үгүйсгэхгүй. 

Ерөнхий сайдын 22 настай, эрхэлсэн тодорхой ажил мэргэжилгүй О.Тэмүүлэн хүү найз бүсгүйдээ өндөр үнэтэй сүйн бөгж, цүнх бэлэглэсэн дуулиан дэгдсэн өчигдөр “Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-д оролцож буй Л.Оюун-Эрдэнэ орон нутагт байж таарав. Гэвч тэнд хэвлэл мэдээллийн олон байгууллагаас ажилласан сурвалжлагч нар энэ асуудлаар Ерөнхий сайдаас тайлбар авахыг хүссэн боловч талаар болжээ. Ерөнхий сайдын болон түүний гэр бүлийн 2013 онд тайлагнасан хөрөнгө орлогын мэдүүлгийн үзүүлэлтэд 2024 оны байдлаар мэдэгдэхүйц хэмжээний орлого нэмэгдээгүй дүн харагдаж байгаа нь ч нийтлэгдэв. Түүнчлэн Ерөнхий сайдын сүйт бүсгүйн эх төрийн албан хаагчийн хувьд хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдлаас харахад олон мэдээлэл зөрүүтэй байгаа нь мөн дуулианы нэг үзүүр болж байна.

Нэгдүгээрт, О.Тэмүүлэн хэний ямар мөнгөөр сүйт бүсгүйтэйгээ зугаалж, өндөр дүнтэй бэлэг өгч байна вэ? Хоёрдугаарт, Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд гэр бүлийн орлогодоо үл нийцэх, ард иргэдээсээ илүү тансаг хэрэглээтэй байх, энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд зарлах нь хэр зохимжтой вэ? Монгол Улсын татвар төлөгчдийн мэдэх эрхийн асуудал мөн тул асуулт тавих, Ерөнхий сайд хүүгийнхээ өмнөөс хариулах, тайлбарлах ёс зүйн үүрэгтэй. Ерөнхий сайдын хүүгийн бэлэг сэлтийн сэдэв ард түмнээс шаарддаг шударга ёсны хэмжүүрт нийцэхгүй байна. Л.Оюун-Эрдэнэ ард түмэнд одоо тайлбар, хариуцлага “бэлэглэх” ёстой!      

Л.Оюун-Эрдэнэ одоогоос яг долоон жилийн өмнө УИХ-ын гишүүн байхдаа “М.Энхболд дарга буруугүй бол нийтийн сонсголд оролцон тайлбар хийх ёстой” хэмээн хэвлэлээр дамжуулан Төрийн ордноос олон нийтэд хандаж байв. Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж, 2019 оны нэгдүгээр сард тухайн үеийн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хүртэл тэмцэж байв. Энэ явдлын үзүүр өөрийг нь Ерөнхий сайд болгосноос хойш өдгөө дөрвөн жил дөрвөн сарын нүүр үзлээ. Том улстөрчөөс тайлбар, хариуцлага нэхсэн тэмцлийнхээ утга учрыг өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ мартаагүй гэж хүмүүс хүлээж байна.

2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр залуус Л.Оюун-Эрдэнийн тавьсан шаардлагыг дэмжин Сүхбаатарын талбайд олноороо цуглан түрж байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Нийгмийн сүлжээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тайлбар хүссэн, хариуцлага нэхсэн шаардлагаар давалгаалж байна. Хүнээс шаардахад амар, өөрт тулгарахад амаргүй гэвэл тэр чинь шударга ёс биш. Тайлбарлахгүй өнгөрөх бүү хэл, тайлбаргүй удах нь ч шударга биш.

Тэр өвөл тэмцсэн иргэдийн шударга ёсны талаарх санаа бодол, байр суурь түүнээс хойш огт хувираагүй. Харин залуу улстөрч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод ард түмний хэзээд дээдэлж ирсэн, төлөө нь хойшид ч тэмцсээр байх шударга ёсноос урваагүй биз? Ерөнхий сайд бидэнд нэн даруй тайлбар, хариуцлага “бэлэглэ”!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.213.12.204
Uneher setgelgui pizda bna
ЗОЧИН\47.129.123.239
АРД ТҮМЭНД БИШЭЭ ХУУЛИЙН ӨМНӨ ТАЙЛБАР ХИИ