UBLife Logo
Дэлхий
Япон дахь Hello Kitty онгоцны буудал

Япон дахь Hello Kitty онгоцны буудал

Японы баруун өмнөд хэсэгт орших Ойта нисэх онгоцны буудал ‘’Osaka World Expo 2025’’-д зориулан алдарт Hello Kitty-ийн хэв маягаар бүрэн шинэчлэгдэн, зургаан сарын хугацаанд тус брэндийн дүр төрхийг ашиглах ребрендинг үйл ажиллагаа эхлүүлжээ. Энэхүү шинэчлэл нь аравдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд зорчигчдод Японы “кавай” буюу өхөөрдөм соёлын өнгө аяс бүхий өвөрмөц уур амьсгалыг мэдрүүлэхээр зорьж байна. 

Ребрендингийн хүрээнд зорчигчид онгоцны буудлын өнцөг булан бүрээс Hello Kitty болон түүний найзуудын зураг, баримлуудыг олж харах боломжтой. Ойта нисэх онгоцны буудлын дотор, гаднагүй Hello Kitty-гийн найзууд болох My Melody, Kuromi, Little Twin Stars, Pochacco зэрэг баатруудын дүрслэл байршсан бөгөөд мерч бүтээгдэхүүнүүд ч худалдаанд гарчээ. 

Ойта мужийн аялал жуулчлалын газрын төлөөлөгч CNN-д өгсөн ярилцлагадаа “Бид Токио, Киото зэрэг аялал жуулчлалын эрэлт ихтэй бүс нутгуудаас илүүтэй, халуун рашаан, байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай Ойта руу жуулчдыг татахыг зорьж байна” гэжээ.

Ойта нь Кюүшү арлын зүүн хойд хэсэгт байрлах бөгөөд Осака хотоос дөрвөн цагийн зайд оршдог. Энэ бүс нутаг нь Беппу, Юфуин зэрэг онсен буюу халуун рашаанаараа алдартай газруудын төвд байрладаг тул дотоодын жуулчдын дунд түгээмэл аяллын чиглэл болжээ. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар Ойта мужид бүртгэгдсэн 530,033 жуулчны 80 орчим хувь нь дотоодын иргэд байсан байна. 

Тус мужид байрлах Harmonyland паркийг Санрио компани ажиллуулдаг тул энэ нь нисэх онгоцны буудлыг ребрендинг хийхээр сонгосон шалтгаан болжээ. Hello Kitty-ийн нисэх онгоцны буудлын нээлтийн үеэр Санрио Энтертайнментийн ерөнхийлөгч Аяа Комаки “Hello Kitty онгоцны буудал хүмүүст инээмсэглэл авчирч, тэднийг холбох гүүр болно гэдэгт бид итгэлтэй байна. Ойтагаас дэлхий дахинд мэндчилж байна гэсэн уриан дор бид энэ төслөө хэрэгжүүлж байна” гэж онцлон мэдэгджээ. Ойта нисэх онгоцны буудал нь дотоодын нислэг давамгайлсан ч Өмнөд Солонгосын Сөүл, Тайванийн Тайбэй зэрэг олон улсын чиглэлд тогтмол нислэг үйлддэг.

Hello Kitty нисэх онгоцны буудал нь Японд хүүхэлдэйн кино, манга, анимэний баатруудын нэрээр брэндинг хийсэн анхны жишээ биш юм. Тухайлбал, Тоттори мужийн Элсэн Дэнс Конан нисэх онгоцны буудал нь алдарт “Detective Conan” цувралд зориулан 2015 онд ребрендинг хийж байсан. Япон улс аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд Super Mario Bros, Pokémon зэрэг дэлхийд алдартай дүрүүдийг ч мөн ашигласаар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.