Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 40-р хороонд Баянхошуу Спорт цогцолборын барилга ирэх намар ашиглалтад орохоор угсралтын ажил хэрэгжиж байна. Тус спорт цогцолборын ажлын явц 80 хувьтай үргэлжилж байгааг төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд мэдээлжээ.

Баянхошуу спорт цогцолборын барилга нь 650 хүний суудалтай бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдийн усан сан, жүдо, чөлөөт бөх, боксын спортын заал болон стандарт хангасан фитнес заалтайгаар баригдаж байна. Мөн олон нийтийн хөгжлийн төвтэй байх бөгөөд спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, эргэн тойрны иргэд, хүүхэд залуус спортоор хичээллэх бүрэн боломж бүрдэх юм.
Түүнчлэн Баянхошуу хайрханы бэлд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай бүхий спортын талбай, дугуйн зам, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборыг ашиглалтад оруулах юм байна.