UBLife Logo
Нийгэм

Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно

Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоолын дагуу 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэх зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.

Тус шинэ зохицуулалтаар ипотекийн зээл шинээр авч буй иргэд болон одоогийн даатгалын гэрээний хугацаа дуусаж, сунгах тохиолдолд урт хугацааны амь насны даатгалын бүтээгдэхүүнд хамрагдах шаардлагатай болох юм.

Одоогийн нөхцөлд зээлдэгч иргэд ердийн даатгалын үйлчилгээг сонгосон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаантай байна. Тиймээс хамгийн түгээмэл тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүссэн үед даатгал үйлчлэхгүй болдог гэсэн үг.

Ипотекийн зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэл нь зөвхөн орлогын тогтвортой байдлаас гадна эрүүл мэндтэй шууд холбоотой. Хэрвээ өвчний улмаас зээлдэгч нас барсан тохиолдолд нөхөн төлбөр авч чадахгүй бол зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв төлж чадахгүй бол орон сууц хураагдаж, ар гэр нь санхүүгийн дарамтад орж, байргүй болох эрсдэлтэй.

Харин урт хугацааны амь насны даатгал нь даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд зээлдэгчид эрсдэл учирсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох амь даатгалын бүтээгдэхүүн юм. Тодруулбал, гэрээний дагуу аливаа өвчлөл, тэр дундаа архаг хууч өвчин, хорт хавдар, мөн гэнэтийн осол зэрэг шалтгааны улмаас зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% болон түүнээс дээш хугацаагүй алдсан тохиолдолд даатгалын компани нь таны зээлийн үлдэгдлийг бүрэн нөхөн төлж, таныг болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.

Энэхүү даатгал нь гадны компанийн давхар даатгалд хамрагдаж байгаа гэдэг утгаараа нөхөн төлбөрийг найдвартай авах боломж бүрдэж буйн дээр цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаалах юм. Түүнчлэн даатгалын хураамжийг нэг удаа эсвэл жил бүр зэрэг өөрт тохирох нөхцөлөөр төлөх боломжтой бөгөөд таны нас, хүйс, зээлийн хугацаа зэргээс хамааран зөвхөн танд зориулсан хураамж тооцоолдог онцлогтой байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.