Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё онцлох зүйл олонтой, сонирхолтой тэмцээн болж өнгөрлөө. Дохён дээрх барилдаанаас гадна дэвжээний гадна ч онцлох зүйл олон байв. Озэки асан Такакэйшёо маш их жин хасаж, хэт турсан нь бөх сонирхогчдыг гайхуулсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Нагоя башёд жин хасалтаараа олныг гайхуулсан бас нэгэн сүмоч байсан нь маэгашира асан Ютакаяма байлаа. Тэрээр ABEMA телевизээр нэг өдөр сүмо тайлбарласан ч хүмүүс таньсангүй. Хаа хамаагүй гаднын хүн гэхэд сүмо сайн мэдэж байна гэж байтал хөтлөгч “Маэгашира асан Ютакаяма” гэж танилцуулах нь тэр. Жин хассан түүний талаар “Их туржээ”, “Үнэхээр царайлаг болчхож”, “Хэт өөрчлөгдөж”, “Шал өөр хүн шиг харагдаж байна” гэх зэргээр сэтгэгдэл хөвөрч байлаа.

Ютакаяма 2022 оны 11 дүгээр сард 29 настайдаа гэнэт зодог тайлсан бөх. Дээд зиндаанаас буугаад жюүрёогийн 4-т бичигдэж байхдаа гэмтлийн улмаас сүмо дэвжээгээ орхисон. Зодог тайлснаасаа ердөө нэг жилийн дотор “Супер хоолны дэглэм”-ээр 188 кг-аас 115 кг болтлоо жин хасаж, бөх сонирхогчдыг алмайруулж байв. Өнгөрсөн жилээс Янаги Рёота хэмээх жинхэнэ нэрээрээ жүжигчний замналаа эхлүүлсэн. 2024 онд Нэтфликсийн “11 Rebels” кинонд тоглосон.

Сүмо тайлбарлаж байх үеэр нь хөтлөгч түүнээс хэдэн кг жин хассан талаар нь сонирхоход “115 кг-аас ахиад арван кг хасаад одоо 105 кг жинтэй байгаа” гэж хариулсан юм. Хөтлөгч ч “Аварга том биетэй Ютакаямаг зодог тайлаад ийм жижигхэн болно гэж огт бодсонгүй” гэж гайхаж байлаа.

Ютакаяма хоолны дэглэмээс гадна гүйлтээр хичээллэж, зөв жин хассан. 2024 оны гуравдугаар сард Токио марафонд оролцож, амжилттай барианд орсон. Гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд байнга гүйж байгаа бөгөөд 90 кг болох зорилт тавьжээ.