Жил бүр тухайн онд ямар хувцаслалт трэнд болох талаар хувцас загварын акулууд таамаглалаа дэвшүүлдэг билээ. Энэ удаад бид Vogue сайтын загварын дэд захирал Маделин Харпер Фасс (бас Мэдди гэж нэрлэдэг) намрын трэндийг юу гэж таамаглаж буйг хүргэж байна.
Намар бол урлаг, бусад нь улирал ч гэдэг дээ. Хаяанд ирсэн урлаг шиг улиралд уур амьсгалыг мэдэрч, дүйцсэн дэгжин хувцаслахыг хүсвэл доорх дууг сонсоод, нийтлэлээ уншиж эхлээрэй.
Таны стиль ямар байхаас үл хамааран, хувь хүний онцлогт тулгуурласан загварын чиг хандлага энэ оны намрын хувцаслалтын онцлог байх нь. Минималист ч, максималист ч байсан өөрт тохирох, таалагдах хэв маягаа олох боломжоор энэ жилийн трэнд дүүрэн байна.
Энэ улиралд зөвхөн хувцасны хийцэд төвлөрөх бус харин тэдгээрийг хэрхэн загварчилж өмсөх нь чухал болно гэнэ шүү.
Олон давхар мэт харагдах хувцаслалт энэ улирлын трэндэд орж иржээ. Тухайлбал: товчтой цамцны дотроос дахин өөр цамцны товчтой энгэр харагдах, харандаан юбканы хормойгоор өөр хормой цухуйж байгаа мэт харагдах хувцасны тухай бид энд ярьж байна. Итгэмээргүй ч энэ загвар удахгүй энгийн хэм хэмжээ болох нь.

Энэ намар “энгийн тансаг стиль” (ultra-quiet luxury) трэндээс гарах нь ээ. Маш минималист хувцасны брэндүүд хүртэл нэхээстэй оруулга, унжлага,нугалаа зэргийг энэ жилийн коллекцдоо шингээжээ.
1, Нүүдэлчин сүнс
Чемена Камали-н Chloé брэндийн бүтээлүүд гурван улирал дараалан анхаарлын төвд байгаа билээ. Тэд 2025 оны намрын цуглуулгадаа эмэгтэйлэг хувцаслалтыг түлхүү шингээжээ. Энэ намар нүүдэлчид шиг эрх чөлөөтэй, номад хэв маягийг илэрхийлэхүйц дүр төрхийг урт банзал, сул загварын цамц, зөөлөн нэхмэл эдлэл, хатгамал хантааз, хүрмээр илэрхийлж байна.

Силуэтүүдийг хүнд гутал, урт зүүлт зэрэг мөн л олон давхар гоёлоор чимжээ. Тиймээс энэ зуны трэндэд урт зүүлт, чимэглэлүүд голчилсон шиг намар ч бас энэ хандлага үргэлжлэх нь тодорхой болж байна.
2. Шинэ үеийн академик хувцаслалт
Энэ намар бас эрдэм шинжилгээний ажилтан шиг хувцаслах нь ч моод байх болно. Гэхдээ илүү чөлөөтэй хувцаслаж болохыг та л мэднэ дээ.

Үндсэн элементүүд болох хилэн өмд, захтай цамц, пиджак, поло цамцыг санаанд оромгүй байдлаар өмсөх нь шинэлэг байдал, өвөрмөц гоё хослол болохыг анхаарна биз ээ.
Ийм төрлийн хувцаслалтын санааг Miu Miu шидэж байна. Энэ жилийн Miu Miu-н загваруудад нүдний шил гол загвар болсон бол Bally ба Polo Ralph Lauren брэндүүд давхарлаж хувцасласан загваруудаа аль хэдийн үйлдвэрлэж байна.

Харин Auralee ба Khaite зэрэг брэнд ноосон хувцас өмсөх дуртай хүмүүст хувцаслалтын шинэ санаа өгч магадгүй.
3. Минималистуудад зориулсан максимализм
Саглагар унжлага, нийлэг материал бүхий хөдөлгөөн дагадаг чимэглэлүүд хувцсыг тань амь оруулахаар дахин ирж байна. Энэ төрлийн хувцаслалт нь максималист ч бай, минималист ч бай аль алинд нь тохирох боломжтой. Намрын гол чиг хандлага болоод буй “өөрийн хэв маягаа илэрхийлэх” хэв маягийг дагах минималистуудад туслахаар хувцас дизайнэрууд цагаан, хар өнгийг сонгож байна. Хар, цагаан өнгө, тэгээд сонирхолтой хэлбэр, материалаар урлах нь урьд гоё байсан энгийн тансаг стилиэс залхсан хүмүүсийг шууд л татах болно.

Ferragamo болон By Malene Birger зэрэг брэндүүд материал болон хувцас урлах шатны туршилтаа хийж байгаа бол Alaïa, Fforme, Róhe зэрэг брэнд хийц, хэлбэртээ түлхүү анхаарч байна.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа