UBLife Logo
Технологи

Дрон ирээдүйд хог хаягдлын асуудлыг шийдэх гарц болж чадах уу?

Дрон ирээдүйд  хог хаягдлын асуудлыг шийдэх гарц болж чадах уу?

Дэлхийн хамгийн өндөр уул Эверест (8,849 м) олон арван жил уулчид болон уулын спорт сонирхогчдын мөрөөдөл болсоор ирсэн. Гэвч оргилд хүрэх тэмүүлэлтэй зэрэгцэн түүнийг “дэлхийн хамгийн өндөр хогийн цэг” хэмээн нэрлэхэд хүргэсэн асуудал бий. Хүний үлдээсэн хүчилтөрөгчийн баллон, майхан, бусад хог хаягдалтай хамт цогцоснуудаас ялгарах бохирдол уулын мөсөнд хөлдөн үлдэж буй нь сүүлийн жилүүдэд маш том асуудал болоод байна.

Непалын төрийн оролдлого

Эверестийн өмнөд талаас авиралт хийх эрхийг хариуцдаг Непалын засгийн газар олон жилийн турш энэ асуудлыг шийдэхийг хичээж ирсэн билээ. 2024 оны хоёрдугаар сард авирагчид өөрсдийн хог хаягдалаа тусгай уутанд хийж буулгах шинэ дүрмийг зарласан. Гэвч хяналт сул, бодит хэрэгжилт хангалтгүйгээс үр дүн төдийлөн гараагүй өдий хүрчээ. Улмаар үлдсэн бохирдол цасан дор хөлдөхөөс гадна мөс хайлж гол мөрөнд урсан ороход нутгийн иргэдийн ундны усны аюулгүй байдалд заналхийлж байна.

Шерп 8000 метрийн өндөрт байрлах хогийг цэвэрлэж буй нь (Image credit: Namgyal Sherpa/AFP/Getty)

Үүнд дрон гарц болж чадах уу?

Үүнд технологийн шийдлүүд найдвар төрүүлж эхэлж байна. Энгийн нисдэг тэрэг өндөр уулын сийрэг агаарт нисч чаддаггүй бол тусгайлан бүтээгдсэн дронууд энэ нөхцөлд тохирч эхэлжээ.

Непалын “Airlift Technology” стартап компани Хятадын “DJI” компанитай хамтран “DJI FlyCart 30” загварын хүнд даацын дрон ашиглан анхны туршилтын нислэг хийжээ. Нэг удаагийн нислэгтээ 15 кг хүртэл ачаа зөөх чадалтай эдгээр дрон 2025 онд Эверестийн I бааз дээрээс 300 кг хог буулгаж, мөн Хумбугийн бүсийн Ама Даблам уулнаас 600 кг гаруй хог тээвэрлэж чадсан амжилттай байна.

Эдгээр дронууд экстрим/хахир ширүүн цаг агаарын нөхцөлд зориулан бүтээгдсэн

Эдгээр дрон -20°C хүйтэнд, 6,000 метрийн өндөрт ажиллах чадвартайгаас гадна 40 км/цагийн хурдтай салхинд ч тогтвортой нисэх чадалтай аж. Тээшний тогтворжуулах систем нь ачааг хөндлөнгийн мөсөн уналт, ан цав бүхий аюултай газруудаар аюулгүй зөөх боломжыг олгожээ.

Bloomberg.com, South China Morning Post

Шерпүүд (Эверестийн хөтөч, ажилчдыг Шерп гэх бөгөөд нутгийн уугуул иргэд байна) хогийг уутанд хийж дронд бэхлээд буцаан явуулах бөгөөд ингэснээр эрсдэлтэй ачаа зөөх ажлаас чөлөөлөгдөх боломж бүрэлджээ. Орон нутгийн нэг Шерпийн хэлснээр, зөвхөн энэ жил л гэхэд дронууд уулнаас буулгах ёстой байсан хогийн 70 орчим хувийг амжилттай зөөвөрлөн цэвэрлэжээ..

Хязгаарлалт ба ирээдүй

HUBVELA.COM

Гэсэн хэдий ч дрон бүрэн шийдэл болохоосоо өмнө хэд хэдэн бэрхшээлтэй тулгарч буй ажээ. Эверестийн хамгийн өндөр лагеруудад салхи огцом өөрчлөгдөж, агаарын нягт маш багасдаг тул дроны ажиллагаа саатах магадлал өндөр. Тиймээс оргилд хүрэх замд уулчид хог хаягдлуудтай тулах явдал одоогоор хэвээр байна.

Гэвч туршилт амжилттай үргэлжилбэл, Эверестийг “дэлхийн хамгийн өндөр хогийн цэг” хэмээх нэрнээс салгах гарц нээгдэж байна. Ингэснээр зөвхөн байгаль орчныг хамгаалахаас гадна Шерпүүдийн аюултай ажлыг хөнгөвчлөх, хог хаягдлын дүрмийг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: энд дарна уу

Ковер зургийг: Г.Ариунзаяа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.