UBLife Logo
Спорт

Хөнгөн атлетикийн ДАШТ маргааш эхэлнэ

Хөнгөн атлетикийн ДАШТ маргааш эхэлнэ

2025 оны есдүгээр сарын 13-21-нд Японы Токио хотын National stadium буюу Үндэсний цэнгэлдэхэд ("Токио-2020" олимпийн наадам зохиогдсон) болох хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ маргааш өглөө мандах нарнаар (Японы цагаар 7:30 -аас) спорт алхааны 35 км-ийн төрлөөр эхэлж, анхны медальтнууд тодрох юм.

Дэлхийн 198 орны 2202 тамирчин Наран Улсад хуран цуглаад байгаагаас Монголын дөрвөн марафонч "Токио-2025" ДАШТ-д оролцоно.

Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын СЭР-ОД маань ДАШТ-д 12 дахь удаагаа оролцох гэж байна. Ердөө сарын дараа 44 нас хүрэх хүн шүү дээ!!!

Хөнгөний ДАШТ-ий түүхэнд марафон гүйлтээр ийм олон удаа оролцсон гүйгч ширхэг ч байхгүй. Ийм амжилт үзүүлж, эвдэхэд бэрх рекорд тогтоож, оролцож байна гэдэг нь л Б.Сэр-Одын гавьяа, Монголчууд бидний бахархах зүйл мөнөөс мөн. Манай Сэр-Одын өмнө хөнгөний ДАШТ-д оролцсон тоогоор бүх төрлийг тооцвол спорт алхааны хоёр тамирчин л бичигддэг, бүх цаг үед.

Энэ нь Испанийн Хесус Анхель Гарсиа, Португалийн Жоао Виейра нар. Хоёулаа 13 удаа ДАШТ-д тоосоо өргөсөн. Гэхдээ марафон гүйлт, спорт алхаа хоёрын хооронд асар их ялгаа бий л дээ.

Б.Сэр-Одоос гадна эрэгтэйчүүдийн марафонд Цэвээнравдангийн БЯМБАЖАВ, эмэгтэйчүүдийн марафонд Баярцогтын МӨНХЗАЯА, Галбадрахын ХИШИГСАЙХАН нар оролцоно. Бямбажав, Мөнхзаяа хоёр маань тав дахь, Хишигсайхан маань дөрөв дэх дэлхийн аваргадаа хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорино.

Эмэгтэй марафон есдүгээр сарын 14-ний өглөө 7:30 цагаас (Японы цагаар), эрэгтэйчүүдийн марафон есдүгээр сарын 15-нд мөн 7:30 цагаас гараанаас гарна.

"Токио-2025" ДАШТ-д оролцох тамирчид 49 төрөл, зайд 147 медалийн төлөө өрсөлдөх юм.

Мөн төрөл, зай тус бүрт эхний найман байрт шалгарсан тамирчдад мөнгөн шагнал олгоно.

Тухайлбал хувийн төрөлд:

Алтан медаль: 70 000 ам.доллар

Мөнгөн медаль: 35 000$

Хүрэл медаль: 22 000$

IV байр: 16 000$

V байр: 11 000$

VI байр: 7 000$

VII байр: 6 000$

VIII байр: 5 000$

Багийн (буухиа) төрөлд:

Алтан медаль: 80 000 ам.доллар

Мөнгөн медаль: 40 000$

Хүрэл медаль: 20 000$

IV байр: 16 000$

V байр: 12 000$

VI байр: 8 000$

VII байр: 6 000$

VIII байр: 4 000$ 

Нийтдээ 8 498 000 ам.долларыг шагналд олгох ажээ.

Мөн Дэлхийн хөнгөн атлетикийн журам ёсоор Дэлхийн рекордыг шинэчилсэн тамирчинд 100 000 ам.долларын шагнал дагалддаг. Тэгэхээр алтан медаль авахдаа Дэлхийн рекордыг шинэчилсэн тохиолдолд 170 000 ам.долларыг хүртэх боломж, хөнгөн атлетикчдад.

Хөнгөн атлетикийн ДАШТ бол босго өндөртэй тэмцээн. Хүссэн болгон нь ордоггүй. ДАШТ-ий entry standarts буюу босго стандарт, Дэлхийн чансааны эрэмбэ хоёрыг хослуулан нэр заан оруулдаг юм.

Спортын "Хатан хаан" хэмээн зүй ёсоор нэрлэгддэг, хамгийн олон улс, хамгийн олон тамирчин оролцдог хөнгөн атлетикийн ДАШТ-ээ 9 хоногийн турш шимтэн үзэх цаг ирлээ.

Ц.Энхтүвшин  Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.