Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Тэргүүн хатагтай Брижит нар АНУ-ын шүүхэд Брижит бол эмэгтэй хүн гэдгийг баталсан шинжлэх ухааны болон гэрэл зургийн баталгааг гаргаж өгөхөөр бэлтгэж байгаа гэнэ. Учир нь Америкийн хэт барууны үзэлт блогчин, хуйвалдааны онолд итгэгч, олон сая дагагчтай Кэндис Оуэнс гэгч Брижитийг төрөхдөө эрэгтэй байсан гэж мэдээлж, нийтэлж, нийтэд тараасан. Макроны гэр бүл түүнийг шүүхэд өгөөд байгаа бөгөөд өмгөөлөгчийн мэдээлснээр хангалттай баримт цуглуулаад байгаа ажээ. Үүнд Брижитийн бие давхар байх үеийн зураг, эмчийн магадалгаа байгаа бололтой.

Шүүхэд гаргасан гомдолд “Оуэнсийн худал мэдээ Брижитийн сэтгэл санааг хямрааж, Ерөнхийлөгч Макроныг төрийн чухал албанаас сатааруулсан нь маш том хохирол учруулсан. Ерөнхийлөгч сэтгэл санааны хямралд орсон гэж би хэлэхгүй ч ямар ч эр хүн гэр бүлийг доромжлоход хүндээр тусгаж авдаг. Тэр ч гэсэн адилхан хүн. Энэ шүүх хурал дэлхий дахины өмнө болох ч Брижит үнэн зөвийг нотлохын тулд эцсээ хүртэл явахаар шийдсэн” гэж дурджээ.
Оуэнс нь Брижит Макроныг эрэгтэй байсан гэж олон удаа мэдэгдэж байсан төдийгүй “Брижит болон хувирсан нь” гэдэг ном хүртэл бичсэн. 2024 оны гуравдугаар сард энэ онолоо батлахын тулд бүхнээ алдахад ч бэлэн байна гэж зарлаж байлаа.

2021 онд YouTube суваг дээр Францын блогчин Амандин Рой, Наташа Рей нар “Францын Тэргүүн хатагтайн жинхэнэ нэр нь Жан-Мишель Троньё. Жинхэнэ Брижит багадаа үхсэн тул гэр бүл нь ямар нэг шалтгаанаар түүнийг ах Жан-Мишелиэр нь орлуулсан” гэсэн бичлэг хийж байв. Макроны гэр бүл тэдэнтэй заргалдаад шүүхэд ялалт байгуулсан ч 2025 онд Шүүхээс шийдвэрээ буцаасан. Одоо энэ хэрэг бас шүүх дээр байгаа.
Ийнхүү Ерөнхийлөгч Макрон Франц, АНУ-ын хоёр шүүх дээр эхнэрээ эмэгтэй гэдгийг батлахаар заргалдаж явна.