UBLife Logo
Спорт

Physical Asia: Японы хүчирхэг багийн хэн нь хэн бэ?

Physical Asia: Японы хүчирхэг багийн хэн нь хэн бэ?

Physical Asia: Японы хүчирхэг багийн хэн нь хэн бэ?

Netflix-ийн “Physical: Asia” реалити шоу дэлхийд цацагдаад хоёр хонож байгаа ч анхны бүлгийн тулааны дуулиан тасраагүй байна. Азийн шилдгүүдийн анхны “тулаанд” БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин гэсэн найман орны тамирчид өөрийн спортын төрөл төдийгүй улс эх орныхоо нэр хүндийн төлөө өрсөлдөж байна. Бид БНСУ, Австралийн багийг танилцуулсан. Эхний хоёр даалгаврын дараах сэтгэгдлээс үзэхэд монголчуудад Японы баг тун их таалагдсан нь ажиглагдлаа. Японы багийг Азийн шилдэг холимог тулаанч Юшин Оками ахалж байгаа. Тэдний гол онцлог нь жүдо, чөлөөт бөхийн олимпын медальтай, жинхэнэ элит тамирчидтай.

Багийн ахлагч Юүшин Оками

UFC, Pride, Pancrase, M-1 Global, WSOF, ONE Championship холбоонд тулалдаж байсан холимог тулаанч. Одоо Shooto холбооны дунд жингийн аварга. Thunder хочтой. 44 настай. Өмнө нь жүдо, жиүжицүгээр хичээллэж байсан. Дунд сургуульд байхдаа хөнгөн атлетик, гүйлтээр хичээллэж байсан тул маш шалмаг, хурдан. Холимог тулаанаар ази тамирчид хэзээ ч ялахгүй гэгдэж байсан дунд жинд тун сайн өрсөлдөж, алдарт Андерсон Силваг ялж байлаа.   188 см өндөр, 77 кг жинтэй. Newsweek сэтгүүлээс 2019 онд гаргасан “Таны хүндэлдэг япон хүн” чансаанд багтсан. Асахи телевизээс Бразилд хийсэн “Таны мэддэг япон хүн” жагсаалтын 8-д орж байлаа. Нийт 53 тулалдаж, 38 ялсан.

Ёшио Итои

Мэргэжлийн бейсболчин байсан. 2022 онд зодог тайлсан. Японы бейсболын шигшээ багийн гол тоглогчдын нэг байсан. 44 настай. Аав нь триатлон, ээж нь волейболын тамирчин байсан. Японы “Physical: 100” уралдааны ялагч. Маш олон төрлийн спортын шилдэг тамирчдыг тэсвэр хатуужлаараа давж гарсан. Энэ удаагийн шоуны гол баатар болох магадлалтай. 188 см өндөр, 99 кг жинтэй. Superman гэсэн хочтой. 700 мянган дагагчтай юүтүүбчин.

Кацүми Накамүра

Усанд сэлэлтийн тамирчин. 31 настай. 100 метрийн чөлөөт сэлэлтээр 47 секунд хурдалсан анхны япон тамирчин. Рио де Жанейро, Токио олимпод оролцсон. 2018 оны Азийн наадмын аварга, Зүүн Азийн наадамд 2, Азийн АШТ-д нэг удаа түрүүлсэн. ДАШТ-ий хүрэл медальтай. Эхнэр нь дуучин, жүжигчин Кавашима Үмика. 183 см өндөр, 75 кг жинтэй. Маш үнэрч, үнэртэй ус, лаа цуглуулах хоббитой. Японы усан спортын төрлийн хэд хэдэн рекорд амжилтыг эзэмшдэг.

Соичи Хашимото

Энэ хүнийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга жүдоч. Их Дуулга, Гран При тэмцээний 17 медальтай. Үүнээс арав нь алтан медаль. 73 кг жинд барилддаг. 170 см өндөр. Алдарт Ооно Шёохэй аваргатай 4 барилдаж, 2 ялсан. 34 настай. Дэлхийн чансааны 5-д жагсаж байна. Өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль авч, япон жүдочдоос дэлхийн медаль авсан хамгийн ахмад тамирчны амжилт тогтоосон. 2020 онд дэлхийн чансааг тэргүүлж байсан ч Японы жүдо бөхийн холбоо түүнийг Токио олимпын шигшээ багт сонгоогүйд одоо болтол харамсаж явдаг. Үүрэх, тонгорох дархан мэхтэй. Японы багийн гол зэвсэг нь болно.   

Нонока Озаки

Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт, Азийн хошой аварга. 2018 оны залуучуудын олимпын аварга. 22 настай. 62, 68 кг жинд барилддаг, 164 см өндөр. Түүнтэй барилдахаас өрсөлдөгч нар нь ч халгадаг. Хип хоп бүжиг, теннисээр хичээллэж байгаад чөлөөт бөхөд орсон. Домогт Саори Ёшидаг шүтэн биширдэг. Маш хурдан хөлд ордог дархан мэхтэй. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гээд бүх насны дэлхийн аварга. Маш чадалтай. “Physical: Asia” шоуны гол оддын нэг.

Кана Ватанабэ

Холимог тулаанч. 37 настай. “Judo Beauty Beast”, “Жүдо бөхийн мангас” хочтой. 63 кг жинтэй, 168 см өндөр. Жүдо бөхөр хичээллэж байсан. Хөмрөх дархан мэхтэй. 7 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, Азийн залуучуудын аварга болж байсан. 2016 онд дасгалжуулагчийн ажилд шилжсэн ч гуравхан сар ажиллаад гарч, холимог тулааны “FIGHTER'SFLOW” багт элссэн. Холимог тулааны RIZIN, Bellator гэсэн том холбоонд тулалдаж байсан. Нийт 18 тулалдсанаас 13 ялж, нэг тэнцэн, 4 ялагдсан. Гадаадад түүнийг “Японы царайлаг тулаанч” гэж нэрлэдэг.  

    

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.