Парисын олимпын наадмын эмэгтэй жүдо бөхийн 48 кг жингийн аварга Цүнода Нацүми Японы TBS телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт оролцлоо. Нацүми олимпоос хойш тэмцээн, уралдаанд оролцоогүй. Олон нийтийн сүлжээг нь харахад гадаад улс орноор аялан, сайхан амарч байгаа нь харагддаг.

Энэ жил 33 настай түүний дахин барилдах эсэх нь бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татдаг. Энэ удаад ч нэвтрүүлгийн хөтлөгч Нацүмигаас “2028 оны олимпод оролцох бодолтой байгаа юу” гэж тулган, асуулаа.

Цүнода Нацүми “2028 оны олимп гэхээсээ илүү ирэх жил жүдо барилдах уу, болих уу гэж бодож байгаа. Их л эргэлзэж, бодож байна даа. Жүдо бөхөд маш хайртай, дуртай ч үнэнийг хэлэхэд Парисын олимпод орох гээд хэт их бэлтгэл хийсэн. Унатлаа гэж хэлж ч болно. Мөн сэдэрсэн архаг гэмтэл ч байна. Зодог тайлснаас хойших амьдрал нь хамаагүй урт шүү дээ. Биеэ бодох хэрэгтэй. Би хуримаа хийж, хүүхэдтэй болохыг хүсэж байна. Одоохондоо найз залуугүй байгаа. Дасгалжуулагч багш хийх сонирхол байгаа. Дахин төрлөө гэхэд дахиад л жүдоч болмоор байна” гэж ярьсан байна.










