Netflix-ийн “Physical: 100” реалити шоу 2023 онд гарсан даруйдаа спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татсан билээ. Тус шоунд Өмнөд Солонгосын шилдэг 100 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон. Олимп, дэлхийн аварга, мэргэжлийн тамирчид оролцсон тул үзэгчдийн хүрээ БНСУ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүрч чадсан юм. Шоуны хоёр дахь улирал энэ жил дэлгэцэнд гарсан бөгөөд мөн л Өмнөд Солонгосын одод өрсөлдсөн. Энэ шоуны гол онцлог нь олимп, дэлхийн аваргуудын ур чадварыг шалгахаас гадна спортын олон төрлийн тамирчдын онцлог, ямар спортын тамирчин ямар дасгалд илүү байгааг харуулж байсан юм. Мөн цэрэг, гал сөнөөгч, тагнуул гэсэн тусгай албаныхан ч өрсөлдөж байлаа. Ингээд тус суваг Азийн шилдэг тамирчдын оролцсон “Physical: Asia” шоуг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Азийн шилдгүүдийн анхны “тулаанд” БНСУ, Япоя, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин гэсэн найман орны тамирчид өөрийн спортын төрөл төдийгүй улс эх орныхоо нэр хүндийн төлөө өрсөлдөх болно.
Шоунд оролцох Монгол, Япон, БНСУ-ын тамирчдыг бид танилцуулсан. Энэ удаад Филиппиний багийг танилцуулж байна.
Багийн ахлагч Мэнни Пакьяо
Ганц энэ эрхмийн авсан цом, хүртсэн цол нь “Physical Asia” шоунд оролцож байгаа бүх тамирчнаас илүү гэж хэлэхэд болно. Гуншинг нь энд бичээд барахгүй тул цөөн хэдэн онцлох гавьяаг нь дурдья. Юуны өмнө мэргэжлийн боксчин, жүжигчин, дуучин, улс төрч, олон нийтийн зүтгэлтэн. Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж явсан. Зургаан өөр жинд дэлхийн аварга болсон дэлхий дээрх хоёр боксчны нэг. Дөрвөн арван буюу 1990-2020 онуудад дэлхийн аварга цол хүртсэн цорын ганц хүн. “Азийн бүх цаг үеийн шилдэг боксчин” хэргэмтэй. 46 настай ч энэ жил их спортдоо эргэн ирсэн тул формтой байгаа нь ойлгомжтой. Энэ оны долоодугаар сарын 19-нд Мексикийн Марио Барриостой мэргэжлийн рингэнд бүтэн 12 үе тулалдаж тэнцсэн. Мэргэжилд нийт 60 тулалдаж, 56 ялалт, 4 ялагдалтай. Багаасаа ядуу зүдүү өссөн тул тэсвэр хатуужил сайтай. Энэ шоуны гол од байх нь гарцаагүй. Pac Man хочтой.

Марк “Муген” Штригль
Марк Абелардо Штригль Токиод төрсөн, америк аавтай, филиппин ээжтэй холимог тулаанч. 37 настай. Чөлөөт бөхөөр замналаа эхлүүлж, бразил жиүжицүд шилжжээ. Удирдлагын академийн бакалавр, сэтгүүл зүйн магистр цолтой. 2010 онд холимог тулаанд шилжиж, нийт 26 тулалдаж, 20 ялсан. Муген бол түүний хоч. Холимог тулааны хамгийн том холбоо UFC-д гурван удаа тулалдсан. Одоо 267 мянган дагагчтай блогчин. 66 кг жинтэй, 173 см өндөр.

Рэй Жефферсон Querubin
Ер нь бол хүчний спортын тамирчин, strongman. Олс таталт, машин чирэх, гар барилдаан гээд бүх төрөлд өрсөлддөг. Маш чадалтай тул энэ шоуны хүчний дасгалд тэргүүлэх магадлалтай.

Justin Coveney
Рагбийн тамирчин. 40 настай. 102 кг жинтэй, 181 см өндөр. 14 настайгаасаа рагби тоглож, Филиппиний шигшээ багт уригдаж байсан. Японы их олон багт тоглосон. JC хочтой.

Робин Лаурен Браун
Хөнгөн атлетикийн тамирчин. Америк гаралтай, 31 настай. 400 метрийн саадтай гүйлтийн 2023 оны Азийн аварга, Зүүн Азийн АШТ-ий хос мөнгө, 6 хүрэл медальтай. Энэ зайд 30 жил эвдэгдээгүй байсан Филиппиний рекордыг шинэчлэн тогтоосон. Эх орондоо 16 жилийн дараа хөнгөн атлетикийн Азийн алтан медаль авчирч өгсөн.

Лара Ливанаг
Кроссфитын тамирчин. Энэ шоунд тус төрлийн тамирчид түрүүлж байгаа тул Лара дээгүүр өрсөлдөх нь гарцаагүй. 2020 оны Филиппиний аварга.

Филиппины хамгийн хүндтэй хүн Мэнни Пакьяо
Түүний нэр хүнд маш өндөр тул тулаантай үед нь Филиппинд гуламж, талбай хоосорч, бүгд ТВ ширтэн суудаг. Энэ үед гэмт хэрэг бараг гардаггүй байна. Мэнни бол үндэстний эв нэгдлийн бэлгэ тэмдэг.
Тэрээр 1978 онд тун тарчиг амьдралтай гэр бүлд төрсөн юм. Тэдний хувьд өдөр бүр амьд үлдэхийн төлөө тэмцэж байв. Мэнни 6 хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Багаасаа л хүнд хүчир ажил хийж, гэр бүлдээ тус болдог байв. Ээж нь хүүгээ санваартан болгох гээд барсангүй, Мэнни боксчин болсон юм. Аав нь тэднийг хаян одоход 13 настай Мэнни гэрийн эзний үүргийг өөртөө хүлээн авсан. Өдөр нь гудамжинд талх, ус зараад орой нь рингэнд тулалдана. Ялаад авдаг 2 доллар нь 25 кг будаа авч хүрнэ. Ээж нь хүүгийнхээ орлогыг хараад гудамжинд юм зарахыг нь болиулж, бокс тоглохыг нь зөвшөөрлөө. 14 настайдаа хүү нийслэл Манилаг зорилоо. Өдөр нь барилга дээр ажил, орой нь бэлтгэл, шөнө нь спорт зааландаа хононо. Ингэсээр удалгүй Азийг эзлээд Америкийг ноёрхохоор АНУ-д очсон байна. Мэдээж тэр АНУ-г төдийгүй боксын ертөнцийг тэр чигээр нь эзэгнэсэн тул боксын яриаг орхиё.

Мэнни Пакьяо спортын амжилтаасаа гадна олон нийтийн ажил, хандив, буяны үйлсээрээ алдартай. Төрсөн тосгондоо тэр асрамжийн газар байгуулж, спортын танхим, сургууль, цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгсөн. Флойд Мейвезертэй тулалдахынхаа өмнө 2 сая ам.долларын тасалбар худалдан аваад ядуучуудад тарааж байв. Мөн Жефф Хорныг ялсныхаа дараа шагналынхаа мөнгөний хэсэг болох 8,6 сая ам.долларыг зүгээр л гудамжинд иргэддээ тараагаад өгчихсөн гэж байгаа. COVID-19 цар тахлын үеэр Мэнни сенатор байлаа. Тэр өөрөө тодорхой хэлэхгүй байгаа ч маш их мөнгийг вакцин, эм тариа, эмнэлэгт хандивласан байдаг.
2015 онд найруулагч Пол Сориано түүний замналын талаар “Ялагдашгүй” нэртэй кино хийсэн. Пакьяо өөрөө хэд хэдэн кинонд гол дүр бүтээж байв. Мэнни гурван цомог гаргасан дуучин хүн гэж байгаа. Гэхдээ түүний спортын дараах гол зүйл нь улс төр. 2007 оноос тэр улс төрд орж, сенатор болж байлаа. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн юм. Сонгуулийн уриагаа тэр “Ядуурал, авлигын эсрэг тэмцэл” гэж тодорхойлсон. Хэдий үндэсний баатар ч заримдаа хэт консерватив үзэлтэйгээс ялагдал хүлээсэн билээ.

Түүний амьдрал үргэлж дардан яваад байсангүй. Хэдий маш их орлоготой байсан ч тэр нэг хэсэг мөрийтэй тоглоомд донтож, өрөнд ч орж байжээ. Зодооны азарган тахиа үржүүлэх ферм, казино, шөнийн клуб гэх мэт сэжигтэй бизнест орж, тэндээ бараг бүх цагаа өнгөрөөж эхэлжээ. Энэ дампуурал 2021 онд оргилдоо хүрэхэд эхнэр Жинки нь салах өргөдлөө өгчээ. Хайртай эхнэр нь сална гэхийг сонсоод Пакьяо ухаанаа алдах шахжээ. Ингээд бүх хорт зуршлаа хаясан. Одоо тэд хоёр хүү, гурван охинтой сайхан амьдарч байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа Мэнни “Би улс төрөөс татгалзаж чадна. Гэхдээ эх орондоо хүчин зүтгэхээ хэзээ ч болихгүй. Ард түмэндээ их баярлалаа” гэж хэлсэн. Үнэхээр тэр одоо ч Филиппиний төлөө зүтгэсээр байна.