Саяхнаас Хятадын Gen Z залуусын дунд 3 цагийн караоке болон бүжгээр 1,000 калори хаях боломжтой гэх трэнд цахим орчинд тархаад байгаа юм. Энэ санаа хүмүүст дасгал хийхгүйгээр жингээ хаях боломж мэт санагдаж байгаа ч, бодит байдал дээр бас тийм ч амар зүйл биш юм.
Танд дараах эх сурвалжуудаас авсан мэдээллийг хүргэе.

Livestrong сайт: 68 кг жинтэй хүн суугаа байдлаар дуулахад 1 цагт ойролцоогоор 100 калори, харин 90 кг орчим жинтэй бол 140 калори орчим шатаана гэжээ.
London Singing Institute: Зогсоо байдлаар дуулбал 1 цагт ойролцоогоор 136 калори шатаах боломжтой бөгөөд хөдөлгөөнтэй, бүжигтэй дуулахад мэдээжийн хэрэг энэхүү тоо хэмжээ ихэснэ хэмээжээ.
Trill Mag: Маш эрчимтэй, бүжиг хөдөлгөөнтэй дуулалтын явцад дуучид 1 цагт 600 гаруй калори шатаах боломжтой гэжээ. Гэхдээ караокед дуулахад энэ хэмжээнд арай хүрэхгүй нь ойлгомжтой.

Харин Хятадын маш олон залуу хэрэглэгчийн ярьж буйгаар нэг цаг 30 минут караокед дуулахад 400 орчим калори шатааж буй аж. Зарим нь 3 цагийн дотор бүр 781 калори шатаасан гэж хуваалцжээ.
Тэгэхээр Хятадын залуус хөгжилтэй байдлаар жингээ хасах энэ аргыг ихээхэн туршиж буй нь оргүй хоосон зүйл мэдээж биш юм. Гол нь караокед зөвхөн дуулж, бүжиглэсний ачаар л ийм хэмжээний калори шатаах боломжтой бөгөөд хэрэв хажуугаар нь хоол, уух зүйл, согтууруулах ундаа хэрэглэвэл мэдээж хэрэг ямар ч үр дүнгүй байх болно. Гурван цагийн турш дуулж бүжиглэх нь 1000 калори шатаах боломжтой хэмээх нийтлэлүүд зарим хүний хувьд боломжтой боловч үнэхээрийн хүнд хэцүү, зогсолтгүй, эрчтэй хөдөлгөөний үр дүнд л ийм үр дүнд хүрэх боломжтойг давхар анхаараарай.