UBLife Logo
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Бид юунд дурлаж байна вэ? №40

Бид юунд дурлаж байна вэ? №40

Манай Ub.life-ийн редакцын хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ. Бид ойрд юунд дурлаж байна гээч?

Б.Энхцэцэг, Тоймч 

Хулуу амттай, бас ашигтай 

Талбайгаас дөнгөж хураасан, шороо нь бүрэн хатаагүй ногоогоор хөргөгчөө дүүргээд л, ургацын далайгаас хүртээд л байна уу? Манайх ч ялгаагүй ээ. Чанаад л, хуураад л байна. Энэ намар хулуутай дотно найзаллаа. Халловинаар зургийг нь харж анх танилцсан энэ хулуугаар зутан шөл хийж, нийслэл салатанд багахан нэмж өнгө, амт оруурах төдий л хэрэглэж байснаас биш махтай хачин сайхан зохицдог амтыг нь мэдээгүй байлаа. Хулууны зөөлөн, чихэрлэг амт бууз хуушууранд ч гойд тохирох юм. Түргэн болох ч гэж янзын. Шим тэжээлийн хувьд байгалийн антиоксидантын үүргээ хамгийн сайн биелүүлдэг хүнсний ногооны тэргүүн эгнээнд жагсдаг юм байна. Зүрх судасны өвчин, ханиад нусгайд ч тустай бөгөөд нүдний хараа сайжруулах, цусны өндөр даралт буулгах идтэй хүнс ажээ. Төмстэй харьцуулахад цардуул багатай тул тааваараа хэрэглэхэд жин нэмэх аюул багатай амар ч юм.     

Ү.Дэлгэрцэцэг, Сурвалжлагч

Гэрэл зураг

Гэрэл зураг бол гайхалтай. Үгээр илэрхийлж чадахгүй сэтгэл хөдлөлийг гэрэл зургаар хялбархан илэрхийлж болдог болохоор би дуртай. Зарим зүйлсийг үгээр илэрхийлэхэд надад төвөгтэй байдаг л даа. Анх зүгээр зураг дараад л явах сонирхолтой санагддаг байлаа. Удалгүй камертай танилцаж, ижил сонирхолтой хүмүүсээр танилын хүрээгээ тэлснээр энэ сонирхолоо илүү хөгжүүлж чадсан. Гэрэл зураг дарах, дарсны дараа өнгө нэмэх гээд бүхий л үе шат нь гэрэл зургийг бүтээх үйл явц байдаг. 

Намар болж, завгүй өдрүүд эхэлсэн энэ үед хэсэгхэн хугацаанд гэрэл зураг авсан нь надад хамгийн том амралт байлаа. Ойрын үед хамгийн их дурласан, цаг заваа зориулсан зүйл минь гэрэл зураг. Хэдийгээр мэргэжлийн гэрэл зурагчин биш ч гэсэн бага багаар сайжирч байгаадаа баяртай байгаа. Өөрийнхөө хэмжээнд хамгийн сайн үнэлгээ өгөх зураг авсан нь энэ байна. Адал явдлаар дүүрэн долоо хоног өнгөрсөн шүү. 

М.Сугар-Эрдэнэ , Тоймч

Эрээн хот

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Эрээн хот ороод ирлээ. Урьд өмнө дээгүүр нь нисэж байснаас очиж үзээгүй байсан юм. Эрээнд очоогүй бараг цорын ганц монгол хүн болсноо ухаараад Бямба гаригийн үүрийн 04:00 цагт Улаанбаатараас машинтай гараад хөдөллөө. Замын-Үүдэд 12:00 цагт очиж, машинаа орхиод хил давлаа. Энд хамгийн гайхсан зүйл гэвэл монгол, хятад жолооч нар хүмүүсийг хил давуулаад 50 юань авдаг юм байна. Мэдээж зөвшөөрөл авсан жолооч нар. Замын-Үүдийн 1200 жолооч ийм зөвшөөрлтэй гэхээр хөөрхөн орлого олчих боломжтой юм байна. Тэгээд Эрээнээс буцахдаа бас хүн аваад Замын-Үүдэд ирнэ. Өдөрт хэдэн рейс хийхээс орлого нь хамаарна. Ингээд Эрээндээ очиж, буудалдаа орлоо. Эрээний талаар алс тэртээ 2000-аад оны үед сонсож байсан төсөөллөөрөө л очсон юм. Баахан ТҮЦ, жижиг дэлгүүрүүд бөөний бараа зараад, тэрийг нь монголчууд гахайнд хийгээд чирээд явдаг гэсэн төсөөлөл л дөө. Харин одоогийн Эрээн бол хөөрхөн хот болжээ. Машин зам нь өргөн уудам, бүхий л бараа өрөөстэй. Монголчууд зарах бараагаа аваад дэлгүүрт нь шууд каргод өгчих юм. Карго нь удахгүй хил даваад Монголд ирнэ. Хоолны газар, дэлгүүр, зах зээл гээд бүх зүйл нь эмх цэгцтэй санагдлаа. Ганц хоноод маргааш нь буцсан ч тун дажгүй санагдсан шүү.  

Э.Намуун, Редактор 

Шар тосон иллэг

Улирал солигдож байгаа учраас гадуур ханиад томуу ихтэй л байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд ханиадтай хийх “тэмцлээ” аль хэдийнэ эхлүүлсэн л биз дээ? Манайх өнгөрсөн өвлөөс хойш ханиадны эсрэг энгийн хэрнээ үр өгөөжтэй арга хэрэглэдэг болсон. Цэвэр шар тосны иллэг. Хүүхдээ унтах үед нь багахан шар тосоор чээж нуруу болон хөлийн ул, гарын алгыг нь халуу дүүгтэл нь сайхан илээрэй. Аяндаа тос нь ч шингэчихнэ. Нус гоожих, бага зэрэг ханиаж эхлэхэд нь энэ аргыг хэрэглээд үзээрэй, хүндрэхгүй гайгүй болчихдог юм. Мэдээж хотоос зайдуу цэвэр агаарт гаргах нь их дэм болдог шүү. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.