UBLife Logo
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Бид юунд дурлаж байна вэ? №41

Бид юунд дурлаж байна вэ? №41

Манай Ub.life-ийн редакцын хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ. Бид ойрд юунд дурлаж байна гээч?


1. Б.Цагаандалай, Сурвалжлагч

Цэцэг

Хотын гудамж, талбайг чимсэн өнгө алаглах цэцэгсийг хараад өнгөрөхөд ч сайхан мэдрэмж төрдөг шүү дээ. Цэцэг үхдэг ч авсан мэдрэмж нь үүрдийнх гэдэг. Тийм болохоор хүмүүсийн баярт мөчийг хуваалцахдаа, заримдаа зүгээр л өөртөө цэцгийн баглаа боолгуулахдаа би хамгаас жаргалтай болгодог. Хүмүүст дандаа цэцэг бэлэглэдэг болоод ч тэр үү надаас “Цэцгийн дэлгүүрт ажилладаг юм уу” гэж хошигнон асуудаг юм. Хэнд, яагаад бэлэглэж байгаагаасаа шалтгаалж хоршуулах цэцгээ сонгохоос гадна ямар өнгийн баглааг, ямар туузаар боож бэлэглэхээ бодоход хүртэл сайхан санагддаг. Харин бусдаас цэцэг бэлгэнд авахаараа арчилж тордохоос эхлээд өглөө оройдоо харж хэвтэхэд гоё мэдрэмж авдаг. Сүүлийн долоо хоног ёстой л цэцэгт төөрсөн эрвээхэй адил их цэцгээр хүрээлүүлсэн, өнгөлөг сайхан өдрүүд өнгөрлөө. Хаашаа ч харсан гэрийн өнцөг булан бүрт ваартай цэцэгс байх ямар сайхан байна гээч. Урт өдрийн дараа аяга халуун кофе уунгаа цэцэгсийн анхилам үнэрийг мэдэрч, намуухан хөгжим сонсон тайвшрах нь энгийн юм шиг хэрнээ амьдралаас авч болох эгэлгүй сайхан мэдрэмжүүдийн нэг юм билээ. 

2. О.Анхзаяа, Ерөнхий редактор

"Supernatural" цуврал 

Өнгөрсөн болон энэ, ирэх долоо хоногт ч гэлгүйгээр зуны амралтаас хойш тасралтгүй дурлаж байгаа зүйл минь "Supernatural" хэмээх цуврал. Америкийн аман болон домог ярианд гардаг буг чөтгөр, сахиусан тэнгэр, олон төрлийн сүнс, араатан мангасуудыг бодит болохыг, мөн нэгэн гэр бүл үе удмаараа энэхүү амь өрссөн, итгэмээргүй үйл явдлуудтай хэрхэн холбогдож байгаа тухай өгүүлдэг. 15 бүлэгтэй, нэг бүлэг нь 22-23 ангитай, анги тус бүр нь 40 минут гэхээр би өөрийгөө хэзээ ч үзэж дуусахгүй байх гэж бодож эхлүүлж байснаа нуух юун. Гэтэл одоо 11-р бүлэг дээр, бас битгий дуусаасай гэсэн битүүхэн гунигтайгаар үзсээр явна. Би өөрөө л багаасаа үлгэр домог, сүнс чөтгөрийн түүх, ярианд дуртай, Люсифер, Архангел Майкл, Габриел, там диваажин гээд л унших нь их байсан. Бас дандаа хүнд, бараан уур амьсгал биш хөгжилтэй хэсгүүд ихтэй, Америкийн мужуудыг тойрч яваа зам дээрх амьдралын дүрслэлүүд олон, маш олон чанартай, хайр татсан дүрүүдтэй болохоор тааруухан зохиолтой бүлэг таарлаа ч хайрлаад л үзээд байгаа. 

3. Ж.Хулан, Дэд захирал

Жил бүрийн 10 дугаар сарыг дэлхий дахинаа Сэтгэцийн эрүүл мэндийн сар хэмээж энэ асуудалд олон нийтийг анхаарлаа хандуулахыг уриалдаг юм билээ. Миний хувьд медиа салбарт 10 гаруй жил редактораар ажиллахдаа өдөр тутмын завгүй үйл явдал, нийтэд тохиолдсон тулгамдсан асуудлуудын араас явахдаа сэтгүүлч, сурвалжлагчид өөрийнхөө санаа сэтгэлд ямархан хүнд ачаа тээж явдгийг дэргэдээс нь харж, бас өөрөө бага ч болов мэдэрч, туулж үзсэн. Энэ утгаараа сэтгүүлчийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарах ёстой юм байна гэж ойлгож өнгөрсөн жил The Media Show арга хэмжээндээ мэргэжлийн хүнийг урьж яриа хийлгэж байв.

Энэ жил Сэтгүүлчийн сэтгэц эрүүл мэндийн олон улсын хуралд цахимаар болон биеэр оролцох боломж зарласныг энэ өдрүүдэд олзуурхан сонирхож байна. Гунигт, харуусалт үйл явдлын дараа хэрхэн өөрийгөө анагаах вэ, технологи бидний сэтгэцэд хэрхэн нөлөөлж байна вэ, ажлын хэт их ачаалал, ажлаас халшрах хам шинжийн үед хэрхэх вэ, редакц дотроо бие биеэ дэмжих уур амьсгалыг яаж бүрдүүлэх вэ зэрэг маш олон сонирхолтой сэдвийн яриаг цахимаар сонсох боломжтой юм байна. Эндээс олж авсан зүйлсээ дараа нь тухтай хуваалцна аа. Ташрамд, тус арга хэмжээний зохион байгуулагч сэтгүүлч хамт олноос тархи, зүрх дулаацуулах дуунууд гэх дараах жагсаалтыг гаргажээ. Сонсоод үзээрэй.

4. Ц.Цэвээнравдан, Бизнес хөгжлийн менежер 

Өнгөрсөн долоо хоногт бүтээлч салбарын хамгийн том эвент болох “Smart 2025 FESTIVAL OF CREATIVITY”-д оролцов. Хамтрагч байгууллагууд, цахим хаягны цаанаас харилцдаг хүмүүстэйгээ биеэр уулзаж хамтдаа Монгол, гадаадын зочдын илтгэл сонсож, хэлэлцүүлэг, воркшопд оролцон үр бүтээл дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ. Онцлох илтгэлүүдээс дурдвал, Патида Акаражинданон илтгэгчийн Тайланд дахь KFC-ийн үндэсний хэмжээний кампанит ажилд хэрхэн сегментээ ойлгож, зөв тодорхойлсон тухай өөрсдийн сайн туршлагаа хуваалцсан нь сонирхолтой байсан. Мөн Монголын Баримт шалгах төвөөс брендийн нэр хүндээ хэрхэн хуурамч мэдээллээс хамгаалах тухай илтгэл тавьсан бол “М Банк Гарден”-аас тавьсан “Хөгжмийн фестиваль дээр амарчихаад ирлээ” зэрэг илтгэл онцгой байсан юм. 

Ажлын өдрүүдийн алжаалаа тайлах хамгийн зөв арга нь найзуудтайгаа уулзаж, ярилцах байлаа. Найзуудаа гэртээ урьж, гарын цуйвангаа хийж өгсөн. Мөн амттангаар халуун шоколадтай бялуун дээрх ванилтай зайрмаг сонгож, хувааж идсэн. Тэгээд найз Өнөгийн сонгосон кино болох “Nosferatu”-г үзлээ. Үзээрэй гэж зөвлөхөөр кино биш байсан кк. “Бид юунд дурлаж байна вэ?” контентдоо оролцож буй боломжоо ашиглаад “Voice” шоуны эхний шатанд тэнцсэн Jaiden буюу Гомбоо найздаа баяр хүргэе. Найзууд нь дэмжээд уухайлан бас уйлан байж үзсэн шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.