Тэнгэр цэлмэг, нар мишээнэ. Намрын гэгээн өглөө. Сэтгэл тэнэгэр бас зорилготой. Навчис зугуухан доошилсоор газарт өнгөө халдаажээ. Миний яваа зам намайг хүсэж, санасан газарт хүргэх гэж байгаа учраас улам ч баяр жаргалтай алхаж явна. Уут шиг цамцнууд шүүгээнд, намхан шаахайнууд үүдэнд үлдсэн. Одоо би өндөр өсгийт хөлдөө жийж, шинэ хүрэм өмсөөд яарч яваа. Хэзээ хамгийн сүүлд ингэж албаны хувцас өмссөнөө ч мартаж. Өнөөдөр есдүгээр сарын 22. Дөрвөн жил завсарласан миний ажлын эхний өдөр. Бүх юм нь минийх байсан дуртай ажил, халуун дулаан хүмүүс рүүгээ шунган орох цаг.
Ковидын үеэс хойш хоёр дараалан төрсөн надад “ажил” гэдэг нэр үг, “ажиллах” гэдэг үйл үг мөрөөдөл болсон байжээ. Хаа байсан холын холд санагддагт нь ч дасаж орхисонсон. Хүүхдээ хуурайлах, агаарт гаргах, хооллох, усанд оруулах, унтуулах…Дээр нь нэмээд гэрээ цэвэрлэх (үнэндээ өдөр бүр цэвэрлэж амжихгүй дээ), хоолоо хийх… Өдөр болгон ээлжгүй давтагдсаар нэгэн хэвийн болж, энэ бүхэн уйтгар төрүүлж байсан ч заавал хийхгүй бол өөрийгөө өршөөшгүй амьдралын минь нэн чухал хэв маяг. Угтаа би чинь асрахуйн хөдөлмөр эрхэлж буй маш чухал “албан тушаалтан” байснаа бага хүүхдээ төрүүлэх үедээ л олж уншиж, мэдээлэл авсан юм. Хэзээ ч дуусахгүй үргэлжлэх юм шиг тийм өдрүүд ард үлддэг шүү гэдгийг яг одоо бага насны хүүхдээ хараад гэртээ сууж байгаа хөөрхөн ээжүүддээ хэлье ээ. Хамгийн гол нь хүүхэд эрүүл саруул өсөх нь ээж бүрийн, аав болгоны аз жаргал шүү дээ. Нэг л мэдэхэд чи ч бас яг над шиг ажил руугаа гоё амьтан яаран яаран алхах болно.
Ажлаа эхлэхийн өмнө ёс юм шиг боргол чанахад оффисоор дүүрэн ханхлах танил үнэр, Тэгшээгийн замбараатай ч юм шиг үгүй ч юм шиг ширээ, бас болоогүй ээ тоглоомууд хүртэл өрчихсөн. Сугараа ахын компьютерээ чанга товших чимээ, Энхээ эгчийн гэнэт гаргадаг инээдтэй авианууд янзаараа шүү. Энд ер нь дөрвөн жил өнгөрөхөд над шиг өөрчлөгдсөн хүн байна уу. Сэрүүхэн үед нөмөрдөг цамц минь хүртэл бахь байдагтаа хүлээж байх юм. Би ердөө өчигдөр гараад өнөөдөр ирж байгаа юм шиг энд бүх юм хэвээрээ. Өдөр бүр ажилдаа ирж байсан юм шиг энэ мэдрэмж, гэхдээ би энэ бүгдийг маш их санаснаа ойлгох мэдрэмж. Одоо би дунд нь, дотор нь байна. Гоё байна.
Өмнө нь ажил дээрээ орой үдшийн цагаар их сууна. Түгжрэл намдтал, бичих онгодоо ортол гээд л хойш яарах ч үгүй тухалж авна. Харин одоо би өглөөд ажилдаа яаран ирдэг шигээ оройд гэрлүүгээ яардаг. Нээрэн би ээж болжээ. Амьдралын амт гэдэг нь энэ л байж. Бас нэг чухал зүйл, анхны цалингаа аваад юунд зарцуулах вэ? ^^