Цас орохоор гэр оронтойгоо, дүр төрхтэйгөө санагдаад байх хүмүүс гэж байх ажээ. Миний ээж эхээс 12-уулаа. Хамгийн томын удаах нь хоёр ихэр. Жалбуугийн Гантөмөр, Ганбат гэж хоёр ихрийгээ бид нар “амбага” гэж авгайлна. Нэг нь насаараа жолоо барьсан бол нөгөөх нь жолооны ч үнэмлэхгүй. Тийм болохоор бидний багацуул машинтай амбага, машингүй амбага гэж ялгаж таних нь бий. Харин манай хоёр ярилцаж тохирсон юм шиг хоёул гэр бүл зохиосонгүй, үр хүүхэдтэй ч болоогүй. Эцэг эхийнхээ гэрт төрж өссөн чигээрээ өвөө эмээгийн минь голомтыг сахин насаараа хамтдаа амьдарч буй хувь тавилангаараа мөн ижилссэн улс. Есөн дүүгээ, дүү нарынхаа хүүхдүүдийг өсгөлцсөн хоёр юм шүү дээ. Ноолж байхад ээнэгт тэр үү, хүүхэд, нохой өнөө хоёрт минь их сайн. Хашаанаас нь шувууд тасрахгүй, будаа тариагаа идэх гээд нисээд л ирнэ. Зөөлөн занг нь л анддаггүйнх байх.
Би багадаа Гантөмөр ахыгаа байнга дагана. Манайхаар ирээд явах тоолонд нь гадуур хувцсаа шүүрч аваад араас нь гүйж гарна даа. Аав ээжийг эзгүй хойгуур намайг хотоор дагуулж явж, гоё юм зөндөө авч өгнө. Нэг удаа “Ялалт” кино театрт кино үзэхээр ороод хажууд хурхираад л байсныг нь тод санадаг юм. Юу үзсэнээ огт санадаггүй хэрнээ амбагын унтсаар байгаад гарч ирсэн нь сэтгэлд тод үлджээ. Би тэгэхэд 4, 5 настай л байсан байх. Кино театраас гараад зугаалж явахдаа зургийг минь авхуулсан нь одоо ч цомогт минь байдаг. Цуг явахдаа байнга л шалгааж, юм асууж явдаг байсан шиг байгаа юм. Нэг удаа “Чи яасан байцаамтгай юм дээ” гэж залхсан шинжтэй хэлэхэд нь “Байцгаамтай гэж юу гэсэн үг вэ” гэж байцаасан л хүн дээ, би.
Хоёр ихэр юун төлөө хоёулаа билээ хамжаад хийх ажил мундахгүй ээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө юмдаг, шороо ачсан портер машины дугуйг янзалж байхад “данхрад” нь нурж, Гантөмөр ахын толгойг дарангаа алдахад хажууд нь байсан Ганбат ах нөгөө портерыг өргөөд ихрийгээ суга татаад гаргаад ирсэн түүхтэй. Цаг нь тулахад шороотой портерыг агшин зуурт самбаачлан өргөх хүч хүнээс гардаг л юм билээ. Тэр явдлын улмаас тархиа гэмтээж, нүүрний арьсаа хуу татангаа алдсан ахыгаа хэд хоног Гэмтлийн эмнэлэгт сахьсан юм. Эмч нар хурдан эдгэрч байгааг нь гайхаад л байсан. Их бие сайтай л даа. Түүнийгээ хааяа хүүхдийн өлөн уудагтайгаа холбож ярьдагсан. Эмээ хоёр ихэр хүүгээ багад алдчих гээд хүн болгох гэж жил орчим нойргүй асран тойлсон гэдэг юм. Энэ их хичээл зүтгэлийнх нь хүчинд тэр хоёр минь бие сайтай болсон байх гэж хааяа би боддог.
Хань ижил, үр хүүхэдгүй юм болохоор эмээ минь нүд анихдаа хоёр ихэртээ л их санаа зовж, хүүхдүүддээ захиж билээ. Хоёр ихэр хааяа балгана, хамтдаа “хусна”. Түүнд ч эмээ санаа зовсон л байх. Эмээгийн бие өвдөж, тэнхээ муудан хэвтэрт ороход хүний гар хүргэхгүй шахам өргөсөн нь Ганбат ах. Хааш нь эргүүлж тойруулж хөдөлгөвөл өвтгөхгүй эвтэйхэн байх, нуруу биеийнх нь чилээг яаж гаргах, бие засахыг нь хүртэл яг л хариуцсан. Жаран нас хүрч яваа эрэгтэй гэхэд гар нь тийм л зөөлөн байж. Эмээ өөр хүнийг хавьтуулдаггүй байсан юм. Хүний сэтгэлд л тийм гар, чадвар байдаг байх. Түүнээс хүн бүхэн л гартай шүү дээ. Эмээд минь хань бараа болон түшиж, асарч тойлсон буяныг нь бодохоор ачилмаар сайхан хоёр ихэр ээ.
1990-ээд оны сүүлч л юм. Хөдөө өвөөгийндөө зусаж байсан үе л дээ. Эмээ гэрийнхээ үүдэнд ойр зуурын хувцсаа угааж, би ус зөөж өгөөд хажууд нь сууж байсан санагдана. Ээж, эгч нарын өмсөж байсан хувцас эмээд дамжин ирснийг хараад “Би том болохоороо танд шинэ хувцас авч өгнө өө” гэсэн чинь эмээ “Чи хоёр ихэртээ хувцас авч өгөх үү” гэж асууж билээ. Бодвол хариуд нь тэгнэ гээд “том том” юм л ярьсан биз. Хүн амьдрал хөөж явахдаа өнгөрснөө мартах, амласандаа хүрэхгүй байх нь олонтаа ажээ. Эмээдээ хэлснээ нэхэн нэхэн санаж, биелүүлэх цаг нь ч болж. Амбага надад авч өгсөн шиг зөндөө гоё амттан авч өгч, хотын аль гоё газруудаар зугаалуулж чадахгүй ч гэлээ цаг гаргаад биеийг нь асууж, хүнсийг нь дөхүүлээд өгөх сэтгэлтэй л явах юмсан.
Өнөөдрийн их цаснаар ажлын цонхоор харах бүрийд хоёр ах минь нүдэнд бүртийн үзэгдээд ер болдоггүй. Гэрийн үүднээсээ жорлон, хашааны хаалга хүртэлх замаа цэмцийтэл нь шүүрдээд, дулаан гэртээ “бөмбийтөл” сууж байгаа даа. Сэтгэлийн илчтэй хоёр амбагадаа дүү нар нь хайртай шүү.