Энэтхэг, Хятад улс хоорондын шууд нислэгээ энэ сард дахин хийж эхлэх болсныг Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Энэ нь хоёр улс харилцаагаа аажмаар хэвийн болгох алхмуудын нэг ажээ.
2020 онд Хималайн дундах Галван голын хөндийд зэвсэгт мөргөлдөөн гарснаас хойш хоёр улсын хооронд шууд нислэг хийгдээгүй байна. Уг мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгдсэн. Энэ нь 1975 оноос хойш хоёр улсын хооронд болсон анхны зэвсэгт мөргөлдөөн байсан бөгөөд хоёр улсын харилцаа муудахад хүргэсэн юм. Энэтхэг, Хятад хоёр улс 3,440 километр гаруй урттай хилийг хувааж хиллэдэг тул газар нутгийн хувьд маргаантай байдаг.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад, Энэтхэг хоёр улс харилцаагаа сэргээх, тэр дундаа хил дээрх хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм. Пүрэв гарагт Энэтхэгийн хамгийн том агаарын тээврийн ‘’IndiGo’’ компани 10-р сарын 26-наас эхлэн Колката болон Гуанжоу хотуудын хооронд шууд нислэгээ дахин эхлүүлэхээ мэдэгджээ. Харин Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, шууд нислэгийг сэргээх нь хоёр улсын иргэдийн хоорондын харилцааг улам хөнгөвчлөх бөгөөд улс хоорондын хэвийн харилцааг сэргээхэд урт хугацаандаа эерэг нөлөөтэй гэжээ.
Энэ жил Хятад улс Энэтхэгийн сүсэгтнүүдийг Түвдэд байрлах шашны дурсгалт газруудад зочлохыг зөвшөөрч эхэлсэн бол Энэтхэг улс Хятадын жуулчдад аялалын визийг нээлттэй болгож буйгаа зарлаж, цаашлаад тусгай зөвшөөрлөөр дамжуулан хилийн худалдааг нээх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсон юм.