Аравдугаар сарын 9-нд хамгийн алдартай битл Жон Леннон 85 нас хүрэх байлаа. The Beatles хамтлагийг үүсгэн байгуулагч тэрээр 1940 оны энэ өдөр Ливерпульд далайчны гэр бүлд төржээ. Аав ээж нь салсан тул Жон авга эгчийнхээ гэрт амьдрахаас өөр аргагүй болжээ. Жон төрсөн аавтайгаа 20 жил огт харьцаагүй гэдэг.

“Миний амьдралд таван эмэгтэй байсан. Тавуулаа хүчирхэг, ухаантай, үзэсгэлэнтэй. Тэд эгч дүүс байсан. Нэг нь манай ээж. Ээж минь айлын отгон хүүхэд тул амьдралд хөлөө олохдоо муу байсан. Нөхөр нь түүнээс зугтаад дээр нь дайн гараад. Ер нь хэлэхэд ээж намайг асарч чадахгүй байсан. Ингээд би түүний эгчийнд амьдрах болсон юм” Леннон

Жон анхны гитараа 1956 онд ээжээсээ мөнгө зээлээд авч байв. Хоёр жилийн дараа Жулия Леннон ослоор амиа алдав. Жон сэтгэлээр унаж, архи уун, байнга зодолддог боллоо. Хичээлдээ муудаж, шалгалтандаа уналаа. Авга эгчтэйгээ муудалцсан ч эгч нь түүнийг Ливерпулийн хөгжмийн коллежид оруулж өгсөн юм. Харин жилд нэг ч даалгавар хийгээгүй гээд Леннон тэндээс хөөгдсөн билээ.

Тэр үед Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Стюарт Сатклифф нар хамтлагаа The Beatles гэж нэрлэчихээд байж байлаа. Стюарт удалгүй хамтлагаа орхиж, бөмбөрчин Ринго Стар орж ирлээ. Яг энэ бүрэлдэхүүнээрээ The Beatles дэлхийд алдаршиж, 1970 он хүртэл тоглосоор байсан юм.

Санал зөрөлдсөний улмаас Леннон 1969 онд хамтлагаасаа гарч, 1970 оны тавдугаар сард хамтлагийн сүүлийн цомог болох Let It Be худалдаанд гарчээ.

Жон эхнэр Йоко Онотой хамт дуулсаар байлаа. Мөн тэд улс төрийн тэмцэл, жагсаалд идэвхтэй оролцож байсан тул АНУ-ын захиргаа албадан гаргах гэж оролдож байв.

1980 оны 12 дугаар сарын 8-нд Марк Чепмен Жоныг буудан, хороосон билээ. 12 дугаар сарын 14-нд дэлхий даяараа 10 минут чимээгүй зогсож, түүнд хүндэтгэл үзүүлсэн.

“Би хэзээ ч үхэхээс айж байгаагүй. Миний хувьд үхэл бол нэг машинаас гараад нөгөө машинд суух гэсэн үг” гэж тэр ярьж байлаа.

