UBLife Logo
Дэлхий

Луврыг 7 минутад буюу түүхэнд үлдсэн хамгийн том дээрмүүд

Луврыг 7 минутад буюу түүхэнд үлдсэн хамгийн том дээрмүүд

Уржигдар дэлхийн урлагийн түүхэнд бичигдэх нэгэн үйл явдал боллоо. Парисын алдарт Лувр музейг гэгээн цагаан өдөр тоносон юм. Дөрвөн гэмт хэрэгтэн ердөө долоон минутын дотор музейн Аполлон галерейд нэвтэрч, Наполеон, Жозефина нарын үзмэрээс есөн зүйл аваад ор мөргүй алга болцгоосон. Маш зоригтой, эрс шийдэмгий, сайтар бодсон төлөвлөгөө байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ хэрэг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том дээрмийн хэргийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Яаж хулгайлсан, дээрэмдсэн талаар одоо дэлхийн бараг бүх хэвлэл бичиж байгаа тул орхиё. Харин урьд өмнө гарч байсан том дээрмийн хэргүүдийг эргэн нэг санацгаая. Алдарт Мона Лизагаас эхлээд Хашхираан хүртэл энэ зовлонг тойрч гараагүй, дайраад өнгөрсөн юм. Зарим алдагдсан үнэт зүйл одоо болтол олдоогүй байгаа бол хэрэгтэн, дээрэмчид ардын ярианд “Сайн эр” мэт дүрслэгдсээр иржээ.

1. Бостон, 1990: Изабелла Стюарт Гарднерын музей

Эндээс хулгайлсан.

1990 оны гуравдугаар сарын 18-нд цагдаагийн хувцастай хоёр эр музейн хаалгыг тогшиж, харуулд дуудлагаар ирлээ гэж мэдэгджээ. Харуулууд хаалгаа онгойлгож, оруулсан даруйдаа хүлүүлээд юу ч хийж чадахгүй болсон байна. 81 минутын дотор дээрэмчид нийт 500 сая ам.долларын үнэтэй 13 уран зураг хулгайлсны дотор Рембрандт, Вермеер, Дега нарын бүтээл байлаа.

"Концерт". Худ. Ян Вермеер (1632–1675)

Хамгийн хачирхалтай нь зарим зургийг хүрээнээс нь тун цэвэрхэн зүсээд авсан бол олон саяын үнэтэй зарим зургийг орхисон байлаа. Одоо хүртэл хулгайлагдсан зургууд олдоогүй байгаа бөгөөд хоосон хүрээн дотор “1990 онд хулгайлагдсан” гэсэн бичиг зүүлттэй. Түүхэн дэх илрээгүй том хэргийн нэгд тооцогддог.

2. Парис, 1911: Мона Лиза

1911 оны наймдугаар сарын 21-ний өдрийн өглөөг Лувр музей хамгийн алдартай үзмэргүйгээр угтлаа.  Өглөө ирсэн музейн Мона Лиза зураг өлгөөтэй байсан хана хоосон байхыг ажиглажээ. Эхлээд гэрэл зураг авахаар буулгасан байх гэж бодож байсан ч удалгүй хулгай болох нь мэдэгдлээ. Дараа нь мэдэгдсэнээр Италийн мужаан Винченцо Перужа энэ хэргийг үйлдсэн байлаа. Луврт ажиллаж байсан тэрээр барилгыг маш сайн мэддэг хүн байв. Орой нь агуулахад нуугдаад өглөө хүнгүй байхад зургийг аваад, арын хаалгаар тайван гараад яван байна. Бүтэн хоёр жил алдарт Мона Лизаг хаана байгааг мэдэхгүй, хайсаар байлаа. Пабло Пикассо ч сэжиглэгдэж байсан гэдэг.

Харин 1913 онд Перужа өөрийгөө бариад өгсөн юм. Тэрээр зургийг Флоренцийн галерейд зарахыг оролдож, “Италийн сор бүтээлийг эх оронд нь авчирлаа” гэж мэдэгдсэн юм. Мэдээж тэрийг баривчилсан ч Италид бараг Ардын баатар болон хувирсан билээ. Шүүхээс түүнд 7 жилийн ял оноож, Мона Лизаг Парист эргүүлэн авчирсан.

3. Осло, 2004: Эдвард Мункийн “Хашхираан”

2004 оны наймдугаар сарын 22-нд гэгээн цагаан өдөр Осло хотын Мункийн музейд масктай хоёр эр дайран орж иржээ. Тэд буугаар сүрдүүлэн, хананаас “Хашхираан”, “Мадонна” хоёр зургийг хуулж аваад, тайван гарч, хүлээж байсан машиндаа суугаад арилжээ. Нэг минут ч хүрэхгүй хугацаанд шүү. Цагдаагийн газраас Осло хотыг тэр чигээр нь хяналтад авсан ч дээрэмчид ул мөргүй алга болжээ. Хоёр жилийн дараа 2006 онд музей зургаа буцааж авсан. Үрчийж хорчийж, ихэд бохирдсон зургийг янзлах гэж олон сар зарцуулсан билээ. Дараа нь баригдсан хоёр дээрэмчин зарж, борлуулах боломжгүй зургийг яагаад хулгайлснаа тайлбарлаж чадаагүй гэдэг. Энэ явдлаас 10 жилийн өмнө “Хашхираан” зургийн өөр нэг хувилбарыг хулгайлсан гэмт хэрэгтнүүд “Муу хамгаалалттай байсанд чинь баярлалаа” гэсэн бичиг үлдээсэн байв.

4. Роттердам, 2012: Сор бүтээлүүдийг шатаажээ

2012 оны аравдугаар сард Роттердам хотын Кунстхал музейд урлагийн түүхэн дэх хамгийн хохиролтой дээрмийн хэрэг гарсан байна. Дохиолол хэсэг зуур ажиллаагүй байсан өглөөний цагаар Румыны бүлэг дээрэмчид музейд нэвтэрч, 90 секундийн дотор Пикассо, Моне, Матисс, Гоген нарын 100 сая еврогийн үнэтэй долоон сор бүтээлийг хулгайлаад зугтсан юм. Юүдэн малгайтай байсан тул хэрэгтнүүдийн царайг тогтоож чадсангүй. Хэдэн сарын дараа тэднийг Румынд баривчилж чадсан ч зургууд олдоогүй. Дараа нь нэгэн хэрэгтний ээж нь ярихдаа хүү нь хэргийн баримтаа устгана гээд зууханд алдарт уран зургуудыг шатаасан гэж мэдүүлсэн байна. Зуухнаас зургийн хүрээний хадаас, будгийн зүйлс олдсон ч харамсалтай нь тэдгээр бүтээлүүдийг хүн төрөлхтөн дахин үзэж чадахгүй.

5. Лондон, 1961: Хамгийн хүмүүнлэг дээрэм

Зургийг эргүүлэн авсны дараа шалгаж байгаа нь

1961 оны нэгдүгээр сард Лондон хотын Үндэсний музейгээс Франсиско Гойягийн “Веллингтон херцогийн хөрөг” зураг хулгайлагдсан билээ. Харуул хамгаалалт анхаарлаа сулруулсан тэрхэн мөчид хананаас зургийг буулгаад авсан, тун зоригтой үйлдэл байлаа. Хэдэн өдрийн дараа сонины газруудад хулгайчаас захиа ирж эхэллээ. Өөрийгөө Кемптон Бантон гэж нэрлэсэн хэрэгтэн Засгийн газраас 140 мянган фунт стерлингийг Их Британийн тэтгэврийн хөгшчүүлийн телевизийн төлбөрт төлөхийг шаарджээ. Цагдаагийн газар огт тоосонгүй. Харин дөрвөн жилийн дараа Бантон хэргээ хүлээн ирж, “Энэ бол хулгай биш эсэргүүцлийн хэлбэр” байсан гэж мэдүүлсэн юм. Уран зураг ямар ч гэмтэлгүй эргэн ирж, шуудан зөөгч Бантонд 3 сарын хорих ял оноосноор хэрэг дууссан. Энэ түүх Их Британийн түүхэн дэх хамгийн хүмүүнлэг дээрмээр нэрлэгдэж, 2020 онд кино болсон түүхтэй.

6. Стокхолм, 2000: Нисдэг тэрэгтэй дээрэмчид

2000 оны 12 дугаар сард Стокхолмд болсон энэ дээрмийг Холливудын кино гэлтэй. Өглөө эрт зэвсэглэсэн хүмүүс нисдэг тэргээр Үндэсний музейн дээвэр дээр буулаа. Маш хурдан дотогш нэвтэрч, хэдэн минутын дотор Ренуар, Рембрандт нарын 30 сая ам.долларын үнэтэй гурван зургийг хулгайлаад алга болов. Дээрэмчид цаг хожихын тулд музейн эргэн тойрны зам дээр төмөр хадаас цацаж, Цагдаагийн хэлтсүүдийн хажууд хуурамч бөмбөг тавьж, өөр нисдэг тэрэг хөөрөх замыг хаасан байлаа.

Олон жил энэ хэргийг мөрдсөн. Зарим хэрэгтэн баригдсан ч зургууд алга. Олон арван жилийн дараа уран зургуудыг машийн гарааж, зоориноос олсон ч хэн зохион байгуулсан, хэн ивээн тэтгэсэн нь ойлгомжгүй хэвээр үлджээ.

7. Амстердам, 2002: Ван Гогийн музей

2002 оны 12 дугаар сарын 7-нд Нидерландын түүхэн дэх хамгийн зоригтой, хурдан дээрэм болсон юм. Өглөөний 7 цагийн үед хоёр эр шат, бороохой бариад музейн дээвэр дээр гарч иржээ. Цонх хагалаад гурван минутад “Beach at Scheveningen in Stormy Weather” (1882), “Congregation Leaving the Reformed Church in Nuenen” (1884) хоёр зургийг аваад явжээ. Дохиолол ажилласан ч оройтжээ. Хэрэгтнүүд унадаг дугуйгаар хэдийн зугтсан байв. Хэрэгтнүүдийг баривчилж чадсан ч зураг олдолгүй удсан. 2016 онд Интерполоос уран зургууд Италийн мафийн босс Рокко Мореттигийн гэрээс олдлоо гэж зарласан. Ингээд 14 жилийн дараа музей зургаа буцаан авсан юм.

Яагаад гэмт хэрэгтнүүд баригдахгүй байна?

Цагдаагийн газраас хэн хулгайлсан болохыг бараг мэдэж байдаг гэнэ. Гэхдээ хэргийг нь баталгаагүйгээр хүлээлгэж чадахгүй. Алдартай сор бүтээлийг дуудлага худалдаанд оруулж чадахгүй тул олон арван жил нуусаар байдаг. Эсвэл гэмт бүлгүүдийн далд наймаанд ашиглана. Алан хядлага, санхүү, хар тамхи гээд том хэрэг олон тул аль орны Цагдаагийн газар урлагийн бүтээлийн хулгайг тоодоггүй байна. Интерполын мэдээгээр урлагийн бүтээлийн хар зах дээр 50 мянган хулгайн бүтээл зарагдаж байгаа гэнэ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.