Энэтхэгт эд баялгаа нуудаггүй. Энд тансаг эд зүйлсийг тухайн гэр бүлийн түүх, амжилтын бэлгэ тэмдэг гэж үздэг. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээлэл Энэтхэгийн хамгийн хүчирхэг овог болох Амбанигийн их гүрэн, ялангуяа тансаг стилийн Хатан хаан гэгдсэн түүний гэргий Нита Амбанид ханддаг болоод байгаа.

Нитагийн нөхөр Мукеша Амбанигийн хөрөнгө 117 тэрбум ам.долларт хүрч байгаа. Харин тэдний гэр бүлийн түүх бол хамтын амьдралын үлгэр жишээ гэхэд болно. Хосууд 1985 онд хуримаа хийж, хамтдаа 38 жил аз жаргалтай амьдарч байна. Энэ хугацаанд Нита эгэл жирийн сургуулийн багшаас Энэтхэгийн хамгийн нөлөөтэй, хүчирхэг эмэгтэй болжээ. Түүний байгуулсан “Reliance Foundation” сан Энэтхэгийн соёл, урлагийн бүхий л үйл ажиллагааны нүүр царай болсон. Ингээд Энэтхэгийн хамгийн баян эрийн гэргий яаж хувцасладаг, ямар харагддаг вэ гэдгийг сонирхоод үзье.
Энэтхэгийн хамгийн баян хүний их гүрэн
Мукеш Амбанигийн “Reliance Industries” корпорац нефть, хими, холбоо, хэвлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мумбай хот дахь түүний 27 давхар байшин орон нутгийн чимэг, домог гэсэн үг. Байшин нисдэг тэрэг бууж, хөөрөх 3 талбайтай, кинотеатр, хүлээн авалт, уулзалтын танхимууд, 168 машины зогсоолтой. Энэ байшинг 2 тэрбум ам,долларын зардлаар барьсан. Мукеш мөн Дубайд 70 сая ам.доллароор хүүдээ барилга авч, бэлэглэж байлаа. Тэрээр гэр бүлдээ мөнгө зарахаас харамладаггүй. Иша охиныхоо хуримыг 113 саяар хийж, хуримын ёслолд Бейонсе дуулан, зочдын дунд Хиллари Клинтон, Арианна Хаффингтон нар сууж байлаа. Энэтхэгт энэ хурим Холливудын хэмжээний үйл явдал болж, энэтхэгчүүд 3 хоног наргисан түүхтэй.

Нита Амбани гэж хэн бэ?
Нита одоо 61 настай. Эгэл жирийн гэр бүлд төрж, боловсрол эзэмшсэн. Ажлын карьераа дунд сургуулийн багшаар эхлүүлсэн ч хувь заяа түүнийг Мукештэй уулзуулж орхисон юм. Нэгэн хандивын үдэшлэг дээр танилцсан хоёр удалгүй гэрлэсэн. Хуримын дараа Нита нөхрийнхөө сүүдэрт, ар талд суугаад байхыг хүсээгүй. Нийгмийн маш олон төсөл хэрэгжүүлж, Энэтхэгийн тогтвортой хөгжил, боловсрол, урлагийн нүүр царай нь болжээ. Нитагийн санаачилгаар нефть боловсруулах “Reliance” үйлдвэрийн ажилчдад зориулсан эко хотхон байгуулсан нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууц, жимсний цэцэрлэг гээд хүний хэрэгцээ цөм бүрэн. 17 мянган хүн амьдардаг тус хотыг Энэтхэгийн Засгийн газар өндөр үнэлсэн байдаг.

Түүний стиль
Ямар ч арга хэмжээнд очсон Нита Амбани өөлөх зүйлгүй харагддаг. Тэрээр энэтхэг уламжлалыг Барууны загвартай хослуулах дуртай. Үндэсний сари хувцсаа илүүд үздэг ч тэрхүү сари нь гараар урласан, алтан утсаар оёсон, үнэт чулуугаар чимсэн, ер нь бол хэдэн сая ам.долларын үнэтэй эд. Нита маргад, алмаз эрдэнэ чимэглэл зүүх дуртай. Арга хэмжээнд очих болгондоо захиалгаар хослол урлуулдаг байна.

Түүний цуглуулгад бриллиантаар чимсэн, 1,7 сая ам.долларын үнэтэй Birkin цүнх бий. Гутал гэвэл нэг хос нь 500 мянга хүрдэг Christian Louboutin, Jimmy Choo брэндийн ховор загварууд байдаг. Ойр дотнынхны хэлснээс үзэхэд Нита хэзээ ч нэг гутлаа дахин өмсдөггүй.

Гэхдээ Нита хэт ганган, замбараагүй хувцаслаад байдаггүй. Маш тансаг, стиль сайтай загвар сонгодог. Шүүгээнд нь сонгодог загвараас эхлээд орчин үеийн сари, олон улсын арга хэмжээнд өмсөх торгон даашинз гээд бүгд бий. Түүний өмсөх зүүх болгон хоорондоо төгс хосолдог. Тийм болохоор л түүнийг “Энэтхэгийн сувд” хэмээн нэрлэдэг юм.