Сэрүүлэг дуугарлаа. Өглөөний 6 цаг. Гар утсаа аваад өнөөдөр хэд дэх өдөр билээ гэж ойлгохыг хичээнэ. Тиймээ, чөтгөр алгад. Даваа гариг. Өөрөөр хэлбэл Нэг дэх өдөр. Хөнжлөө нөмрөөд дахиад унтмаар санагдана.
Яагаад бид Даваа гаригт ийм дургүй юм бэ, яах вэ?
Санаа бүү зов. Та ганцаараа биш. “Journal of Affective Disorders” сэтгүүлд хэвлэгдсэн Хонконгийн их сургуулийн шинэ судалгаагаар Даваа гаригт дургүй байх нь сэтгэл санааны асуудал төдийгүй биологийн үйлдэлтэй холбоотой гэнэ. Эрдэмтэд ахмад насны ажилладаг болон тэтгэвэрт гарсан 3500 хүний дунд асуулга явуулж үзэхэд Даваа гариг стресс нэмэгдүүлдэг нь тодорхой болсон байна. Удахгүй нэг дэх өдөр болно гэсэн түгшүүртэй бодол биеийн гормон, зүрх, дархлааны хэсгийг далдаар идэвхжүүлдэг байна. Энэ нь зөвхөн ажилд хамаатай биш. Тэтгэвэрт гарсан хойноо ч хүмүүс Даваа гаригт стресстддэг хэвээр байдаг байна.
Даваа гаригт стрессийн гормон кортизолын хэмжээ 23 хувь нэмэгддэг. Ажил хийдэггүй хүнд ч гэсэн адилхан. Харин зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл 19 хувь нэмэгддэг нь илэрчээ. Шинэ ажлын 7 хоног эхэллээ гэж бодоход л стресст унадаг хүн их байжээ. Ажлаас гадна нийтийн унаа, түгжрээ гээд л хүний ухамсарт мэдэгдэлгүйгээр далд стресс төрөх шалтгаан мундахгүй. Энэ бол хүний амьдрал, биед шингэсэн биологийн зуршилтай холбоотой. Хүн болгон л ажлын 7 хоногийг гараа, бариа гэсэн хоёр зүйлээр хэмждэг. Таны Даваа гариг оффис биш тухлаг кафед халуун кофегоор эхэлсэн ч таны тархи энэ өдрийг “идэвхтэй үйл ажиллагааны өдөр” гэж үзсээр байна. Ингэхэд бие стресст орж эхэлнэ. Тархи зүв зүгээр байсан биед “Хөдөлж эхэл”, “Гар, яв” гэсэн тушаалууд зөнгөөрөө буулгаж эхэлдэг. Ингэснээр үйл хөдлөлийн гормон ялгарна.
Ингэж зовохгүйн тулд яах ёстой вэ? Биеэ, зуршлаа хуурах гээд үз. Өдрийг тайван, яарах зүйлгүй эхлүүл. Шуудангаа шалгаж, шинэ мэдээ сонсох гэж бүү яар. 15 минут хэртэй хөгжим сонсож, кофе уун, эсвэл шүршүүрт ор. Ингэж байж та тархиндаа чамайг би удирдаж, залж байгаа гэдгээ ойлгуулах юм.
Даваа гаригт бэлтгэх бэлтгэлээ Баасангаас эхэл. Даваа гаригт хийх аятайхан хэдэн зүйлээ бичээрэй. Найз бүсгүйтэйгээ уулзах, орой нь дуртай киногоо үзэх гээд л. Ингэснээр та дахиад Даваа гариг болчихвуу гэсэн сөрөг бодлоосоо салах юм. Бяцхан хөөрхөн зуршил, заншилтай бол. Шинэ аяга, амттай өглөөний хоол, сайхан хувцас гээд Даваа гаригт хийдэг сэтгэл сэргээм зүйлтэй болоорой. Хүнд хэцүү Даваа гариг гэсэн бодлоос жижигхэн баяр баясгалан салгаж чаддаг. Даваа гаригт аажуу уужуухан байх нь залхуурал биш. Энэ бол Даваа гаригт зовохгүй байх арга.
Нэг дэх өдөр бидний дайсан биш. Даваа гариг бидэнд зөвхөн амьдрал урагшаа явж байна гэдгийг л сануулдаг зүйл. Түүнээс айж бэргэлгүй, Даваа гаригийн өглөөг амттай цайтай, баяр хөөртэй угтах нь энэ өдрийг стресс биш шинэ эхлэл гэж хардаг болно. Таны бие Даваа гаригаас жийрхээд байгаа нь сул тал биш зүгээр л зуршил гэдгийг ойлгоорой. Өөртөө хайртай бай, өглөөг өөртөө зориул. Шинэ долоо хоногоо стресс биш анхаарал, халамжаас эхэл.