Олон улсын судлаачдын баг Австрали, Хятад, Замби зэрэг улсад тархан амьдардаг 20 гаруй төрлийн шувууд хоорондоо огт харьцаж байгаагүй, хол газар нутагт оршдог мөртлөө ижил төрлийн дуу авиаг гаргаж байгааг илрүүлжээ. Шувууд энэ чимээг сонсоод зөнгөөрөө үүрээ очиж шалгадаг бөгөөд үүрэнд нь шимэгчлэн өндөглөдөг хөхөө зэрэг шувуудыг анхааруулахын тулд ийм дуу авиа гаргадаг байна.
Үржлийн шимэгчлэл буюу brood parasitism гэдэг нь хөхөө тэргүүтэй шувууд өөр төрөл зүйлийн шувууны үүрэнд өөрийн өндгөө үлдээх үзэгдэл бөгөөд ингэснээр үүрний эзэн шувуу өөрийн дэгдээхэйгээ орхин шимэгчийн дэгдээхэйг өсгөх болдог аж. Энэ нь үүрний эзэн шувуудын үржилд сөргөөр нөлөөлдөг тул шимэгчлэгчээс сэргийлэх чадвартай байх нь тэдний байгалийн шалгарал болдог байна.

Испанийн хэл шинжлэлийн эрдэмтэн Дамиан Бласи энэ үзэгдлийг “нийгмийн замаар дамжин суралцахуй” буюу social transmission гэж тодорхойлжээ. Түүний тайлбарласнаар, шувууд төрсөн цагаасаа эхлээд анхааруулах дуу авиаг орчноосоо танин мэдэснээр, ямар нөхцөлд, хэзээ хэрхэн ашиглах ёстойг суралцдаг аж.
Экологич Вильям Фини “Энэ дуу авиа бол амьтдын төрөлхийн дохио ба хүний хэлний хооронд орших завсрын хэл бөгөөд шувууд хамтран үүрээ хамгаалахад зайлшгүй чухал үүрэгтэй” хэмээн онцолжээ. Мөн энэхүү дуу авиа нь шимэгч шувууд хамгийн их тархсан бүс нутагт илүү түгээмэл байдаг нь шувуудын хамтын хамгаалалтын зан үйл хэрхэн бий болсныг илтгэж байна.
Эрдэмтдийн дүгнэснээр, энэ нээлт нь амьтдын дуу авианы систем ба хүний хэл хоорондоо тусдаа зүйл биш болохыг харуулж байна. Хүний хэл шиг сурч мэдэж болдог харилцааны системүүд нь төрөлхийн болон олдмол чадварууд аажмаар нэгдэж, нэгэн цогц харилцааны хэлбэр болон хөгжсөний үр дүн байж магадгүй гэж тэд дүгнэжээ.
Судалгааг АНУ-ын Корнеллийн их сургууль болон Испанийн Доньяна биологийн станцын эрдэмтэд хамтран хийсэн бөгөөд үр дүн нь “Nature Ecology and Evolution” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: ScienceDaily
Орчуулсан: Б.Ариунзаяа